Монголын улс төрийн түүхэнд “Олон ажлын хэсэгт орлоо” гэж, их ажил хийснийхээ төлөө зэмлүүлтлээ “шинэ” жишиг тогтоосон Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг zuv.mn онцолж байна.
Жилийн өмнө, Засгийн газар, УИХ-ын гишүүдийг Ажлын хэсэгт орж ажиллаж, үр дүн гаргасан байдлаар эрэмбэлэхэд Х.Нямбаатар сайд 53 ажлын хэсэгт орж ажиллаж, үр дүн гаргасан гэсэн үзүүлэлтээр тасархай тэргүүлсэн байж билээ. Үүнтэй холбоотой ч юм уу, Х.Нямбаатар сайдыг хүмүүс “Хэт олон юм руу орлоо”, “Яамны чинь ажил цалгардлаа” гэж шүүмжлэх нь бий. Гэхдээ үнэндээ Х.Нямбаатар сайдын олон ажлын хэсэг ахалдаг нь ажлын ачаалал даах чадвар, хариуцлага зэрэг хувь хүний бололцоон дээр нэмээд яамныхаа ажлыг сайжруулж байгаа хэлбэр болохыг хүмүүс тэр бүр анзаардаггүй юм.
Ачаалал авч ажилладаг, хариуцлага өндөр, танхимынхаа ноён нуруу болсон сайдууд үе, үеийн Засгийн газарт байсаар ирсэн. Монгол төрийн түшиг болсон тэдгээр сайд нарыг эргээд харахад Сангийн, Хууль зүйн сайд нар ихэнх байх бөгөөд үүнийг тухайн яамны хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй холбон тайлбарлаж болно.
Засгийн газрын яамдыг дотор нь Ерөнхий чиг үүргийн болон салбар чиглэлийн яамд гэж ангилдаг. Ерөнхий чиг үүргийн яам нь нэгдсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, бодлогын хэрэгжилтийн явц байдалд хяналт шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, түүнчлэн чиглэлийн яамдын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлдэг. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамыг ерөнхий чиг үүргийн яам гэж тооцож байгаа бөгөөд ерөнхийдөө эдгээр яамдын үйл ажиллагаанаас бусад яамдын ажил шалтгаалдаг, ямар нэгэн байдлаар холбоотой байдаг гээд ойлгочихож болно. Нэг асуудлаар ажлын хэсэг байгууллаа гэхэд тухайн асуудлыг шийдэхэд оролцох салбарынхныг сонгож оруулдаг, гэтэл ямар ч асуудалд хууль эрхзүйн орчны асуудал хөндөгдөхгүй байна гэж байдаггүй.
Тэгэхээр, тулгамдсан асуудлаар байгуулсан Ажлын хэсэгт орж ажиллах шаардлага энэ ерөнхий зүй тогтолтой холбоотой учраас Хууль зүйн яам, Х.Нямбаатар сайдын хэрэгцээ өндөр байдаг гэж хэлж болох юм. Шаардлагатай зохицуулалтуудыг түргэн шуурхай хийж өгснөөрөө Хууль зүйн яамны ажил ч сайн дүн авах боломж бүрддэг.
Монгол Улс өнөөдөр улс төр, эдийн засгийн хувьд маш эгзэгтэй нөхцөл байдалд байна. Дэлхий нийтээрээ “Тодорхойгүй нөхцөл байдал” гэж санал нэгтэй нэрлэж байгаа ирээдүйг урьдчилан харж, эрсдлийг хаах, дасан зохицох гэдэг амаргүй даалгавар. Гэхдээ манайх энэ ажлаа хийж яваа. Эрсдэлтэй нөхцөл үүссэн тохиолдолд нэгдмэл байдлаа хадгалах талаар маш чухал хуулиудыг баталж чадсан.
Хууль бол шинээр үүссэн харилцаа, шинэ нөхцөл байдал, асуудлыг зохицуулах үүрэгтэй учраас цаг үеэ дагаад байнга өөрчлөгдөж байдаг. Тиймээс энэ амьд чанар нь Х.Нямбаатар сайдын ажлаар яг одоо илүү тод харагдаж, мэдрэгдэж байгаа гэж хэлж болох юм. Монгол Улсад өнөөдөр хийх ажил их байгаа юм байна, тэр ажлыг хийлгэх эрхзүйн орчныг нь бүрдүүлэх чухал юм байна гэдгийг л харуулж байгаа хэрэг шүү дээ. Түүнээс юм болгонд “Би оръё” гэж далдаганаж гүйгээд байсан хэрэг биш юм.
Хууль зүйн сайдын ахалсан хоёр ажлын хэсгээр жишээ татъя л даа. Х.Нямбаатар сайд Францын “Орано” групптэй ураны салбарт хөрөнгө оруулах гэрээ байгуулах ажлын хэсгийг ахалдаг. Гэрээ байгуулахтай холбоотойгоор Цөмийн энергийн тухай тэргүүтэй хуулиудад өөрчлөлт оруулж, үйлчлэх хүрээг нь илүү тодорхой болгох шаардлага гарч байгаа.
Оюутолгойтой үүсгэсэн Арбитрын шүүх хурал энэ сарын 12-нд болох ёстой байсан ч “Рио Тинто” зөвшилцөх санал гаргасан учир хойшлогдсон. Ирүүлсэн саналууд нь баяжмал доторх ядуу агуулгатай металлуудад ногдуулах татварыг болиулах гэх мэтээр бүгд хууль тогтоомжтой холбоотой. Сангийн яам, Хууль зүйн яам зайлшгүй ороод ирж байгаа юм. Цар тахлын үеэр аваад идчихсэн их наядаар хэмжигдэх мөнгө өр болж үлдэх үү гэдэг асуудал яг одоо яригдаж байна.
Засгийн газар ноднин тогтвортой байдлаа баталгаажуулахаар УИХ-ын гишүүдийг танхимдаа нэмж оруулсан нь сайд нарын ачааллыг нэмсэн. Ялангуяа Ерөнхий чиг үүргийн яамд дээр томилогдсон УИХ-ын гишүүдийн хариуцлага өндөрссөн. Харин У.Хүрэлсүхийн танхимаас суудлаа хадгалсан Х.Нямбаатар сайдын хувьд бол хийж сурсан ажил, дааж дадсан ачаалал нь байсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.169
Нямбаатар хамаг л юмыг нт хийж харагддаг үнэээн
Хариулах66.181.161.17
Х.Нямбаатар сайдыг дэмждэг. Завгүй ажиллах нь аргагүй л юм байна
Хариулах