Монголын нэр нөлөө бүхий хүмүүс үгсэн хуйвалдаж, гадаадын анхны хөрөнгө оруулагч Арман Бодуэны /Armand Beadoine/ бүх хөрөнгийг хууль бусаар булаасан эрүүгийн онц ноцтой хэрэг хийгээд түүний учир битүүлэг үхлийн түүхийг ЦУВРАЛААР хүргэж байна.
Хуулийг 20 гаруй жил завхруулж, үнэнийг төөрөлдүүлсэн энэ хэрэг өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж, илрэхэд ойртоод байгаа юм.
Ардчилал, чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийг сонгосноос хойших 33 жилд Монгол Улс багагүй хөгжил дэвшлийг олжээ. Байгалийн баялагтаа түшиглэсэн, эдийн засгийн нээлттэй бодлого явуулж, олон улсад “Уул уурхайн орон” гэдэг имижтэй, үндэстэн данасан корпорациудтай хамтардаг, Азийн хэмжээнд яригдах үндэсний хөрөнгөтнүүдтэй болсон байна.
Гэхдээ энэ цагийг бүтээсэн, 1990-ээд оны, жинхэнэ баатрууд нь хэн байсныг бид сайн мэдэхгүй. Унаж, босоод ихэнх нь алга болцгоосон, гэхдээ хийсэн бүтээсэн зүйл нь мөрөө үлдээсэн л байж таарна. Одоо элит гэгдэх, нэр нөлөө бүхий хүмүүс үнэхээр тийм ёс зүйтэй, анхнаасаа үнэнч шударгаар өндөрлөгт хүрсэн үү. Топ гэгдэх компаниудын эхлэл хөрөнгө яаж бүрдэв, цэвэр үү, бохир уу. Хуульгүй мэт “залгилцаж” байсан эмх замбараагүй байдал дунд хэн хожив, хэн хохиров.
Энд өгүүлэх гэж буй, анхны гадаад хөрөнгө оруулагчдын нэг, Канадын иргэн Арманд Бодуэний Монгол Улсад үүсгэсэн үйл хэрэг, учир битүүлэг үхэл, үхсэнийх нь дараа болсон улайм, цайм луйврын баримтуудыг харж суухад ийм л бодол төрж, асуултууд ургаж байлаа. Удахгүй нийгмийг шуугиулж, магадгүй, бүгдийг өнгөрсөн рүүгээ эргэж харахад хүргэх биз ээ гээд гол асуудалдаа шилжье.
Монголд гадаад хөрөнгө оруулалтын анхны “ШАН ТАТАГЧ” Арманд Бодуэн гэж хэн бэ
Арманд Бодуэн уул уурхайн мэргэжилтэн бөгөөд Канадад төвтэй Онтариогийн олон нийтийн компанийг төлөөлөн дэлхийн олон оронд уул уурхайн төсөл хэрэгжүүлж нэрээ дуурсгасан цуутай эр байв. Индонезид 15 жил суурьшиж, алтны уурхайн бизнест хөрөнгө оруулж хөлжсөн тэрээр Монгол Улсын Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо зэрэг нэр бүхий есөн төрийн болон ТББ нийлж байгуулсан Монголын бизнесийн хөгжлийн агентлагаар дамжуулан 1996 онд анх Монголд хөл тавьжээ.
1996 он бол Монгол Улс уул уурхайг тэргүүлэх чиглэлээ болгож хараахан амжаагүй, хөдөө аж ахуй, газар тариалан голлосон эдийн засагтай, гадаадын хөрөнгө оруулагч ус, агаар шиг хэрэгтэй байсан цаг. “АНУ-тай хамтарч кино хийж, улсдаа валют олж ирнэ” гэсэн Б.Гансүх гэгч хэний ч танихгүй залууд улсынх нь Ерөнхийлөгч 90 сая төгрөг цохож өгөөд гаргаж байсан тэр үе. Үнэхээр гаднын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийг төлөвшүүлэх бодит шаардлага байсан учраас Засгийн газар санаачлан тусгай байгууллага үүсгэж, гаднын хөрөнгө оруулагчдыг урьж байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, Арманд Бодуэн манай улсад төрийн бодлогоор, уригдаж шахуу ирсэн хөрөнгө оруулагч, бизнесмэн байжээ.
Тэрээр манай улсад ирээд хөрөнгө оруулах зорилгоо хангалттай биелүүлж, олон салбар руу орж ажиллажээ. Уул уурхайн хайгуулын чиглэлээр олон талбайд экспедиц зохион байгуулж, үр дүн гаргахын зэрэгцээ салбарын үнэлэмжийг өсгөж, шинэ жишиг, шинэлэг хандлага нэвтрүүлж байлаа. Түүний байгуулсан хайгуулын ангийг ахалсан геологич сарын 1000 ам.доллараар цалинждаг байсан нь тухайн үедээ сонсож дуулдаагүй өндөр үнэлэмж байв. А.Бодуэн одоогийн Оюутолгойн орд газар байгаа талбайд хүртэл хайгуулын анги гаргаж байсан нь дараа, дараагийн хайгуулчдад “гарын авлага” болсон юм.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулахын зэрэгцээ хөлөө олж ядаж байсан хувийн хэвшлийн ААН-үүдэд хөрөнгө оруулж байв. Алтны орд, нүүрснийй уурхай, эрдэнийн чулуу бэлтгэл, жуулчны бааз, газрын тосны бүтээгдэхүүний импорт, агуулах, ресторан, баар, ноос ноолуур, сүлжмэл, хүнс, түргэн хоол, хөдөө аж ахуй гээд ороогүй салбаргүй, тухайн үеийнхээ хамгийн том хувийн хэвшлийн ААН-ийн нэг “Тас” корпорацид хөрөнгө оруулж, ТУЗ-ынх нь гишүүн болж байсныг энд дурдаж болно.
Монгол Улсад орж ирж байгаа ирж байгаа хөрөнгө оруулагчид хоёр янз байдаг. Үнэхээр юм хийе, эцсийн үр дүнг нь үзье гэсэн бодолтой нэг хэсэг байхад багахаан хөрөнгө оруулж, жаахан юм олонгуутаа сайхан рекламдаж байгаад зарж, ашгаа гаргаж авчихаад гараад явчихдаг нэг хэсэг бас бий. Тэрээр Монголд ирж, Монголын төр, монголчуудад итгэсэн анхны томоохон хөрөнгө оруулагчдын нэг байсныг үйл ажиллагааны цар хүрээ, гаргаж байсан үйлдлээс нь тодорхой харагддаг.
Хувь эзэмшиж хөрөнгө оруулахгүй ч мөнгө төгрөг харамгүй зээлдэг хаялагатай нэгэн явсныг одоо ч хүмүүс дурсаж ярьдаг юм билээ. Түүний Монголд ирээд хийсэн том хөрөнгө оруулалтын нэг нь социализмын үеэс хүнд машин механизмын засвар үйлчилгээгээр дагнаж ирсэн Барилгын машин механизмын завод буюу одоогийн “Бармаш” компанийг худалдаж авсан явдал байсан бөгөөд гарчигт “Зууны“ гэж тодотгосон эрээ цээргүй луйвар ч эндээс эхэлсэн юм.
Монголд орж ирсэн анхны том хөрөнгө оруулагч Арманд Бодуэн 1999 оны долдугаар сарын 5-ны өдөр гэртээ нас барсан байдалтайгаар олдсон бөгөөд энэ хэрэг тухайн үедээ олон улсад, ялангуяа уул уурхайн хүрээнд шуугиан тарьж, эргэлзээ, тээнэгэлзэл үүсгэсэн байдаг. Харин Монголд, оруулсан хөрөнгөнд нь эзэн суух гэсэн “цусгүй дайн”, их луйврыг тойрон хүрээлэгчид нь эхлүүлжээ. Тэр "дайнд" дээр дурьдсанчлан, одоо нэр хүндтэй олны танил болсон хүмүүс оролцоно...
Үргэлжлэл бий...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.53
Бумбаяр зааны эхнэр одонтунгалагааё их юм гарна
Хариулах59.153.115.47
Алтанцэцэг гэдэг хүн бол бишээ энэ чинь шудрага хүн харин Одонтунгалаг бол эвгүй шүү
Хариулах103.212.117.60
Аймаар юм аа
Хариулах202.126.89.203
Зоригийг бас гэрт нь алсан байдаг ижил тактик байна даа
Хариулах202.170.73.198
Дараагийн цуврал хэзээ орох вэ
Хариулах66.181.160.112
Хажидсүрэн Алтанцэцэг өмгөөлөгч монполи Гарамжав гээд утас хөврөх нь дөө нэвтрүүлгээс хальт харахад нзгэо нүдээ олно
Хариулах202.9.46.4
Ардчилсан намын луйварчид түүний бүх мөнгийг луйварджээ.
Хариулах