Сонгуулийн хуулийг боловсронгуй болгож, шударга ёс тогтох шинэ боломжийг нээе


Монгол Улсын Их Хурлын Найм дахь удаагийн сонгууль жил гаруйхны дараа болох гэж байна. Түүх сөхвөл, Үндсэн хуулийн Цэцээс 2016 онд “УИХ-ын сонгуулийн тухай” Монгол Улсын хуулийн холбогдох заалтууд, тухайлбал, хувь тэнцүүлсэн буюу пропорционал тогтолцоогоор сонгууль явуулах болсон нь “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн шийдвэрийг гаргаж байсан. Үүнээс үүдэн УИХ дахь улс төрийн нам, эвслүүд болон парламентын гаднах улс төрийн хүчнүүдийн дотор асар их маргаан, зөрчилдөөн бий болж, Монголын төрийн хямралт байдал үүсэх нөхцөл бүрэлдэж, улмаар сонгуулиас 6 сар гаруйнхны өмнө УИХ нь хуульдаа яаруу сандруу өөрчлөлт оруулж, жижигрүүлсэн 76 тойрогтой мажоритари сонгууль болж байсан билээ. Тэр жижиг тойрогийнхоо горыг ч өнөөдөр Монголын төр амсаж байна. 

Одоо бас л Сонгуулийн хуульдаа яаралтай өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх асуудал яригдаж, маргаан хэрүүл эхлэх төлөвтэй байна. 

Сонгуулийн хуулийн талаарх дуусдаггүй, утга учиргүй маргааны нэг гол шалтаг, шалтгаан нь өнөөг хүртэл сонгуулийн тогтолцооны асуудал байсан, байсаар байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийг хувь тэнцүүлэх буюу пропорционал эсвэл, олонхийн буюу мажоритари хэлбэрээр явуулах асуудал манай Сонгуулийн хуулийн улс төрийн гол маргааны цөм хэвээр байна. 

Ардчилал, тэгш эрх, шударга ёст нийгмийн сонгодог үлгэр жишээ болсон Умард Европын орнуудад сонгуулийн хувь тэнцүүлэх болон олонхийн тогтолцооны энэ асуудлыг хэрхэн ухаалгаар шийдвэрлэж чадсныг судлаж үзэхэд илүүдэхгүй. Амжилттай шийдлийн сонгодог жишээ бол Шведийн сонгуулийн тогтолцоо гэдгийг би өмнө нь ч бичиж байсан. 

Тиймээс Швед улсын сонгуулийн тогтолцооны талаар хийсэн судалгаан дээрээ тулгуурлан Монголын улс төрийн тогтолцоог боловсронгуй, тогтвортой болгоход чухал байж болох тодорхой саналуудыг дэвшүүлж байна.

Сонгуулийн тогтолцооны тухайд

Шведийн сонгуулийн тогтолцоо нь хувь тэнцүүлсэн буюу пропорционаларгад тулгуурладаг гэж өөрсдөө ярьдаг. Энэ нь намаас нэр дэвшигчдийн дотроос тухайн намын сонгуульд авсан саналтай дүйцэхүйц тооны нэр дэвшигч Рикстаг буюу хууль тогтоох байгууллагад сонгогдоно гэсэн үг. Гэтэл амьдрал дээр Шведийн тогтолцоо нь сонгуулийн хувь тэнцүүлэх болон олонхийн хэлбэрийг ухаалгаар хослуулсан гэдэг нь харагддаг. Үүнийг тодорхой жишээн дээр авч үзье.

Шведэд улс төрийн нам бүхэн өөр өөрийн саналын хуудасаа хэвлүүлнэ. Саналын хуудас нь 3 төрөл байх тул санал өгөх хүний тооноос 3 дахин олон байхаар тооцож хэвлүүлдэг. Эндээс л хүний сонголтын эрх тэгш байдал хангагдаж эхэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Шведэд шат шатны сонгуулиудад 3 төрлийн саналын хуудаснаас сонгогчид аль нэгийг сонгож саналаа өгөх эрхтэй гэсэн үг. Үүнд:
  • Нэрээр санал авах хуудас – Нам бүрээс нэр дэвшигчдийн жагсаалт бүхий хуудсан дахь нэр дэвшигчийн нэрийн өмнө байх дөрвөлжингөөс сонгож, дэмжих хүнийхээ нэрийн өмнөхийг дөрвөлжинг чагтлаж зурна. 
  • Намаар санал авах хуудас -Сонгогчид тодорхой намыг сонгож санал өгнө. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцогч намуудын нэрс бүхий хуудсыг авч, дэмжих намаа тэмдэглэж саналаа өгнө. 
  • Хүснэгттэй санал авах хуудас – Энэ хуудасанд сонгогч сонгох намын нэрээ өөрөө бичиж болно.
Үүнээс харахад сонгуульд оролцож буй нам бүхэн тус тусдаа саналын хуудастай байдаг бөгөөд сонгогчид намаас ирүүлсэн жагсаалтын дагуу хэн нэг нэр дэвшигчийг сонгох, эсвэл намуудын жагсаалтаас аль нэг намыг сонгож саналаа өгч болно гэсэн үг. Энэ л бидний нөгөө учир начираа олохгүй эцэс төсгөлгүй маргалдаад байгаа хувь тэнцүүлэх болон олонхийн тогтолцооны асуудлыг ямар ч маргаангүйгээр шийдэж чадсан хувилбар ажээ.

Сонгуулийн санал авах хуудаснууд хэмжээ болон материалын хувьд ижил байх ёстой боловч, сонгуулийн төрлөөсөө хамаарч өнгө нь өөр өөр байдаг онцлогтой. Тухайлбал, Рикстагийн сонгуулийнх шар, Мужийн сонгуулийнх цэнхэр, дүүрэг, хот, тосгоны болон Европын Парламентын сонгуулийнх цагаан байдаг ажээ. 

Шведийн сонгуулийн тогтолцооны сайн давуу талыг нэгэн жишээн дээр авч үзье. Үүнд:

Волстэд /Valstad/ мужийн орон нутгийн сонгуульд Х нам 621 санал авч, нутгийн Зөвлөлд 4 суудал авах эрхтэй болсон байна гэж бодьё. Х намын нэрсийн жагсаалтыг үзэхэд нэр дэвшигчид дараах байдлаар санал авчээ. Үүнд: 
  1. Анна        70                  11,27%
  2. Никлос    49                   7,89%
  3. Сигнэ       113                 18,19%
  4. Адам        18                   2,89%                                      
  5. Урбан       10                   1,61%
  6. Клаэс        22                  3,54%
Анна, Сигнэ нар сонгогчдоос авбал зохих 5 хувийн босгыг давж, мөн хүн тус бүр 50-аас дээш сонгогчийн санал цуглуулж чаджээ. 

Никлос хэдийгээр сонгогчдын 7,89% санал авсан ч 49 хүний санал авч суудалд 1 хүний санал дутсан байна. Гэхдээ нэр дэвшигч босго оноог хангасан тул гол санал буюу тойрогтоо авсан саналаар нь суудлыг түүнд хуваарилна. Энэ тохиолдлыг “бүхэл тооны арга” /whole number method /-ыг гэдэг. “Бүхэл тооны арга” нь тухайн тойрогт хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг тооцсны дараа үлдэгдэл суудал дээр 2 хувилбараар намын нэрсийн жагсаалтыг шинэчлэн бүлэглэж, хэн тэргүүлж байгааг тооцоолж тодруулж байгаа хэрэг.

Тухайн тохиолдолд, Х нам “Бүхэл тооны арга”-ын дагуу ахиад хоёр суудал авах хэрэгтэй болоход дээр хэлсэнчилэн жагсаалтыг Никлос тэргүүлэх болно. Учир нь Д’ Хондтын аргаар бодоход түүний намаас хамааралт санал 621:1=621 болох тул тэрээр суудал авах эрхтэй болно. Дараа нь намын жагсаалт дахь дээгүүр байрлалаараа Адам 621:2=310.5 гэсэн хамааралт саналаар хоёрдох суудлаар шагнуулна. Клаэс хэдийгээр Адамаас илүү буюу 22 санал авсан ч гэсэн намын нэрсийн жагсаалтад түүнээс хойно буюу 6-д байгаа учраас суудал авч чадахгүй үлдэж байгаа нь энэ. 

Ингэснээр Х намаас Сигнэ 113 сонгогчдын гол саналаар, Анна 70 сонгогчдын гол саналаар, Никлос 621 хамааралт саналаар, Адам 310,5 хамааралт саналаар ялалт байгуулсан байна.

Хэрэв хоёр нэр дэвшигчийн авсан санал ижил буюу санал тэнцсэн тохиолдолд хэн нь суудал авахыг шийдэхийн тулд сугалаа сугалах буюу шодох /lots are drawn to decide/ замаар шийддэг журам Шведэд байдаг нь бас сонирхолтой. 

Хэн нэг нэр дэвшигч нэг болон хэд хэдэн тойрогт ялалт байгуулсан тохиолдолд түүний оронд түүний төлөөлсөн намаас гаргасан нэрсийн жагсаалтыг үндэслэн дараачийн нэр дэвшигчийн босго оноог хангасан байдал, тухайн тойрогт авсан санал болон түүнд ногдож буй намаас хамааралт саналыг тооцон орлуулан сонгогдсонд тооцдогыг бас анзаарахгүй, анхаарахгүй байж болохгүй. 

Сонгуулийн тогтолцооны Шведийн энэ хувилбар нь сонгогч бүрийг намын төлөө болон нэр дэвшигчийн төлөө гэсэн хоёр боломжийн аль нэгийг сонгон санал өгөх тэгш эрхээр хангадаг давуу талтай. Монголын жишээн дээр авч үзвэл, сонгогчид УИХ-ын олон мандаттай, сонгуулийн томсгосон 26 тойрогт нам бүрээс нэр дэвшигчдийн нэрс бүхий хуудсанд нэр дэвшигч бүрийн нэрийн өмнө байх дөрвөлжингөөс сонгох хүнийхээ нэрийн өмнөхийг дугуйлан зурах эсвэл, хоёр дахь саналын хуудсыг сонгож, тодорхой намыг сонгож санал өгөх боломжтой болсноор хүнээ, эсвэл намаа сонгох тэгш боломж олгосонгүй гэх талаар гардаг шүүмжлэлийг шийдэх чухал шийдэл, гарц болно.

Нөгөө талаар, Шведэд саналын хуудасны нэрсийн жагсаалтыг гаргахдаа намын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналын дараалалаар жагсаадаг нь шударга ёсонд нийцсэн журам юм. Өөрөөр хэлбэл, уагсаалт гаргахдаа тухайн нэр дэвшигчийн намдаа эзэлж буй байр суурийг эн тэргүүн харгалздаг гэсэн үг. Манайд сонгуулийн тойрог дээр нь нэр дэвшигчдийг цагаан толгойн үсгийн дараалалд оруулж жагсаадаг нь нэр дэвшигчийн болон намын сонголтын эрхийг сонгуулийн байгууллага ноцтой зөрчиж буй хэрэг юм. Жишээ авсан Волстэд /Valstad/ мужийн сонгуулийн тохиолдолд Адам Сигнэгийн дараа, Урбан Клаэсын өмнө байгаа нь жагсаалт цагаан толгойн үсгийн дарааллаар бус, харин Х намын мужийн байгууллагаар ирүүлсэн жагсаалт гэдгийг нотолж байгаа юм. Энэ журам манай сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоход бас чухал хэрэгтэй санаа. Үүнийг Сонгуулийн Ерөнхий Хороо болон улс төрийн намууд анхаарах учиртай. 

Сонгуулийн дүнг тооцох аргын тухайд

Сонгуулийн тогтолцооны өөр нэгэн маргаантай асуудал бол хувь тэнцүүлэх болон олонхийн тогтолцооноос хамаарч, сонгогчдын санал тооцогддоггүй, дутуу үнэлэгддэг гэдэг шүүмжлэл манайд их байдаг. Тухайлбал, АН өнгөрсөн сонгуульд нийт сонгогчдын 40 орчим хувийн санал авсан байж, УИХ-д 9-хөн суудалтай үлдсэн гэж ярьдаг. Үүнийг шийдэх арга бол сонгуулийн тогтолцоог зөв сонгохын зэрэгцээ санал тоолох, суудал хуваарилах аргыг зөв сонгох явдал болно. Үүнийг Сонгуулийн хууль, түүнийг хэрэгжүүлэх журамдаа тодорхой зааж өгөх нь чухал. 

Шведийн парламент буюу Рикстаг нь 349 гишүүнтэй. Тэдгээрийн 310-ыг нь сонгуулийн 29 тойрогоос намуудын авсан саналын хувьтай тэнцүүлэн хуваарилах намын нэрсийн жагсаалтын пропорционал төлөөллөөр сонгогддог. Манайд бол олон буюу 76 мандаттай, томсгосон 26 тойрогтой хэлбэр, эсвэл 52:24, магадгүй 50:26 гэх мэт холимог хувилбар байж болох жишээтэй.

Шведэд намуудын тойрог бүрт авсан саналын дагуу 310 суудлыг хуваарилсны дараа зохицуулалттай суудлуудыг хуваарилдаг. Үлдэж буй 39 суудлыг намуудын сонгуульд авсан хувь хэмжээнээс хамаарч хуваариллагддаг зохицуулалттай суудал /adjustment seats/ гэж нэрлэдэг. Энэ бол манай сонгуулийн хуульд холимог хувилбарыг сонгож байх үед байсан, одоо байхгүй зохицуулалт. Бид ч холимог хувилбараар ч, томсгосон тойрогоор ч сонгууль явуулж үзэж л байсан. 

Пропорционал төлөөллийг заримдаа бүрэн төлөөллийн зарчим ч гэж нэрлэдэг. Учир нь сонгуулийн мажоритари хэлбэрийг бодвол энэ тохиолдолд сонгогчдын авсан саналын хувь хэмжээ нь авсан суудлын тоотой нь илүүтэй тохирч байдаг. 

Шведэд пропорционал төлөөллийг хэрэгжүүлснээр сонгогчид тойрог дээрээ намын нэрсийн жагсаалт дахь хувь хүнд саналаа өгөх, намын төлөө санал өгөх, тэгэхдээ нээлттэй болон хаалттай нэрийн жагсаалтаар санал өгөх гэх мэт олон арга хэрэглэж болж байгааг онцлон анхаарууштай.

Шведийн хувьд намын нэрсийн жагсаалтын пропорционал төлөөлөлд хамаарах мажоратори буюу маш өвөрмөц тогтолцоотой гэж хэлж болохын зэрэгцээ зохицуулалттай суудлаараа нэмэлт гишүүний систем /additional member systems/-ийг ашигладаг нь холимог хэлбэртэй гэж хэлж ч болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгогчдын намын төлөө, тойрог дох нэр дэвшигчийн төлөө өгсөн хоёр саналын аль аль нь сонгуулийн дүнд нөлөөлж, тооцогдож чадаж байдагт тогтолцооны давуу тал оршиж байна. Тойрогт нэр дэвшигчдийг хэн хамгийн их санал авснаар нь жагсааж шалгаруулдаг бол намын төлөөллийг хувь хүнээр бус, харин намын авсан саналын хувиас шалтгаалан сонгуулийн өмнө намаас гаргаж өгсөн нэрсийн жагсаалтаас нь сонгодог байна.

Тиймээс намуудаас нэр дэвшигч бүр өөрийн намын доторх рейтинг болон сонгогчдоос авсан саналын тоо гэсэн 2 хүчин зүйлээс хамаарч сонгогдох эсэх нь тодорхой болно. Жишээлбэл, Парламентын сонгуульд сонгогчдын 8 хувийн босго саналаас дээш санал авсан буюу намынхаа авсан саналаас илүү их санал авсан нэр дэвшигчээс эхлэн рейтингийн дагуу намын нэрсийн дараалал гарна.

Шведэд сонгуулиар парламентын суудлыг хуваарилахдаа санал тооцох Сэнт-Логуэ /Sainte-Lague method/-гийн аргыг хэрэглэдэг байна.

Сэнт-Логуэгийн арга гэдэг нь намуудын авсан саналын хувьд тохируулан нэр дэвшигчдийг шалгаруулдаг. Суудал хуваарилах Д’ Хондтын буюу Жефферсоны арга, Хамильтоны арга зэрэг бусад аргыг бодвол илүү нарийвчлалтай арга гэж судлаачид үздэг. 

Сэнт-Логуэгийн аргыг хэрэглэн суудлыг хэрхэн хуваарилахыг ганцхан жишээнээс харж болно. 25000,19000,12000,8000 хүний санал авсан 4 намд Сэнт –Логуэгийн аргаар 10 суудлыг хэрхэн хуваарилаж болохыг харуулъя. Үүнд:
 
Хуваах тоо
А нам
Б нам
В нам
Г нам
1
25000 (1)
19000 (2)
12000 (3)
8000 (5)
3
8333 (4)
6333 (6)
4000 (8)
2667
5
5000 (7)
3800 (9)
2400
1600
7
3571 (10)
2714
1714
1143

Энэ тохиолдолд суудал А нам -4, Б нам -3, В нам -2, Г нам -1 гэж хуваарилагдаж байна. Энэ мэтээр хэдэн суудлыг хэдэн намд хуваарилах ёстой түүнийгээ сондгой тоонд хуваах замаар үргэлжлүүлэн хуваадаг байна. 

Шведийн хувьд энэ аргаар Рикстагийн зохицуулалттай 39 суудал болон муж, орон нутгийн зохицуулалттай суудлуудыг хуваарилдаг ажээ.

Шведийн сонгуулийн тогтолцоо нь жижиг намуудыг хаахад чиглэгдсэн босготой гэж хэлж болно. Рикстаг болон Европарламентын сонгуульд нийт сонгогчдын 4 хувиас доошгүй санал, тойрогтоо тухайн сонгогчдын 12 хувийн саналыг авсан нам парламентын суудал хуваарилахад оролцох эрхтэй болдог байна. Манайд ч холимог тогтолцооны үед УИХ-д 5 хувийн санал аваагүй намд суудал хуваарилдаггүй байсан.

Сонгогчдын тоо бүртгэлийн тухайд

Сонгуулийг будлиангүй явуулахын үндэсийн үндэс нь төгөлдөржсөн иргэний бүртгэл мэдээлэл байдгыг Шведийн туршлага бас харуулж байгаа юм. 

Санал өгөх карт /Voting card/ буюу манайхаар бол Сонгогчийн үнэмлэхийг Сонгуулийн Албанаас манайхаар Сонгуулийн Хорооноос сонгогч бүрт хүргүүлнэ.

Монголоос ялгагдах онцлог нь Шведийн Татварын Албанд бүртгэгдсэн хаягаар нь сонгууль болохоос 18 хоногийн өмнө тухайн сонгогчид хүрсэн байхаар тооцож сонгогчийн үнэмлэхийг хүргүүлдэг. 

Шведэд иргэний бүртгэлийн алба нь манайх шиг “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэсэн бие даасан агентлаг биш, харин Шведийн Татварын Алба /Swedish Tax Agency/-нд харъяалагддаг тогтолцооны онцлогтой. Учир нь иргэн хүн бүр “Төрөх, үхэх нь үнэн. Татвар төлөх нь үнэн” гэж үздэг энэ улсад иргэн бүр төрөхөөсөө л хувийн дугаар /Personal number/-аараа бүртгэгдэж, тэр нь насан туршид хатуу мөрдөгдөх тул харъяалал нь хаа нэгтээ давхар бүртгэгдэж, сонгуулиар давхар санал өгнө гэдэг ойлголт байдаггүй ажээ. 

Ардчилал өндөр хөгжсөн, авилга, хээл хахуулиас ангид нийгмийг төлөвшүүлж чадсан Швед улсын сонгуулийн тогтолцооны эдгээр болон бусад олон давуу сайн тал, төгс төлөвшсөн туршлагыг нь авч ашиглахад боломжтой санагддаг.

Ингэж чадвал Монголд сонгуулиас сонгууль дамжин эцэс төгсгөлгүй үргэлжилж байдаг сонгуулийн тогтолцооны талаарх улс төрийн хэрүүл маргааныг эцэс болгож, сонгогчдын саналыг тооцогддоггүй, хийдүүлсэн, сонгуулийн дүнг луйвардсан гэх мэт үндэстэй, үндэсгүй шүүмжлэл төгсгөл болж, нийгмийн шударга ёсыг тогтоох нэг чухал гарц, шинэ боломж нээгдэх нь дамжиггүй.

ОББЭЭ, Доктор Б.ЭНХМАНДАХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна