Ухамсрын түгжээгээ тайлчихвал унааны түгжрэл ч буурна

Өчигдөр 10 цаг 47 минут

Дэлхийн хэмжээний метрополис хот Улаанбаатарын авто замын түгжрэл хэрээс хэтрээд удсан. Нийслэлд өдөрт дунджаар 420 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог гэсэн судалгаа бий. Сар бүр 5000-8000, жилд 60 000-80 000 автомашиныг хил, гаалиар ямар ч цензургүй оруулж байгаад даруйхан шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол ойрын хугацаанд Улаанбаатар хотын төв хэсэгт тээврийн хэрэгслүүд тэг зогсолт хийх эрсдэл нүүрлээд буйг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр уржигдар мэдээлэл хийхдээ онцолсон. 

Уг нь хөдөлгөөний нягтралыг бууруулахын тулд 2012 оноос хойш янз бүрийн арга хэмжээ авч буй. Тухайлбал, автомашинуудыг улсын дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулж, зөвшөөрөлгүй газарт байрлуулбал дугуйг нь түгжин, зорчих хэсгийн нэг эгнээг нийтийн тээвэрт зориулан чөлөөлж, замыг өргөсгөн, гүүрэн гарц барих зэргээр ажил хийсээр байгаа шүү дээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн долоон жилийн тоон өсөлтийн дунджаар баримжаалж 2025 он хүртэлх хэтийн төлөвийг тооцоход Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо хүн амын өсөлттэйгөө дөрөө харшуулан хурдлах дүр зураг гарчээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хүн ам жилд дунджаар 30 мянгаар нэмэгдэх бол тээврийн хэрэгсэл нь дагаад 27.5 мянгаар өсөх тооцоо байна. Ийм нөхцөлд хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах, төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос гаргах, метротой болох, агаарын тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх зэргээр түгжрэлийг бууруулах урт хугацааны төлөвлөлтийн ажлууд ярихын хажуугаар ойрын хугацаанд юу хийх вэ гэдгээ бодохоос өөр замгүй. 

Тиймдээ ч замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн авто замыг А, B, С гэсэн гурван бүсэд хуваах зо хицуулалтыг ирэх сараас хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ шийдвэрийг иргэд янз бү рээр хүлээн авч буй нь цахим сүлжээн дэх үзэл бодлоос нь илэрхий. Элдвээр гоочлуулан байж гаргасан энэ шийдвэр хэний төлөө байгаа вэ. Уг нь нийслэлчүүдийн төлөө.

Замын түгжрэлийг бууруулахад юуны түрүүнд автомашин эзэмшигчдийн ухамсрыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай хэмээсэн мэргэжилтнүүдийн үг ортой. Айл, саахалтаараа орохдоо морио уяанд нь уяхаас “залхуурч”, хаалга үүдэнд нь тулгаж тушдаг, гэрийнх нь бүслүүр, хатавчнаас уяж орхидог нүүдэлчдийн удам гэдгээ гайхуулж буй аятай, аль нэг албан газраар орж ажил хөөцөлдөхдөө заавал гадна нь машинаа байрлуулах зогсоол хайж хэд дахин эргэлдэж түгжрэл үүсгэдэг зан монголчууд бидэнд л бий. Зогсоол олдохгүйг нь мэдсээр байж хэдэнтээ гороолж бухимдахынхаа оронд 300-500 метрийн цаана машинаа орхиод, алхаад очих боломж уг нь бий.

Нөгөөтээгүүр, хотын төвд байгаа хэдхэн зогсоолыг эзлээд өдөржин машинаа байрлуулж “түгждэг” хувиа хичээсэн явдал га зар авсныг албаныхан хэлж байна. Ихэвчлэн төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, томоохон худалдаа үйлчилгээний төвийн ажилтнууд тэгдэг. Хотын төвийн зарим зогсоол 60-70 машины багтаамжтай атал бүтэн өдрийн турш ердөө 10-ынх л суларч, сэлгэж өөр машин зогсдогоос үзэхэд А, Б бүсэд ямар машин, хэдий хугацаанд, хэчнээн төгрөгийн төлбөр төлж зогсоолд байрлуулах асуудлыг хөндөх цаг болсныг илтгэнэ.

Хотын төвөөр ямар ч зорилгогүй машинтай сэлгүүцэгчид түгжрэлийг зохиомлоор өсгөхөд “хувь нэмрээ” оруулдаг. Өдгөө Улаанбаатарт замын хөдөлгөөнд таван цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорьж гарсан ажлынхаа 37 хувь буюу гуравны нэгийг л бүтээдэг гэсэн судалгааны дүн байна. Автомашинтай хүн өдөрт нэг цагийг зам дээр түгжирч өнгөрүүлдэг гэж тооцвол жилд 15 хоногийг түгжрэлд зарцуулж байгаа. Өглөө, орой ажилдаа явах, хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх гээд олон ажил амжуулахын тулд өдөрт нэг цаг түгжрэх биш, түүнээс ч урт хугацаагаар бухимдаж зогсдог. Замын түгжрэлээс үүдэлтэй алдагдлын талаар тоон мэдээллээс эш татъя. 

Дугаарын хязгаарлалт үйлчлэх өдрүүдийг болон зуны улирлын ачаалал бага үеийг хасаад, хамгийн багаар (200-300 мянган машин хөдөлгөөнд оролцсоноор тооцсон) бодоход Улаанбаатарын зам дээр өдөрт нэг цаг түгжрэхэд жилд 62 тэрбум төгрөг машиныхаа яндангаар “үлээдэг” аж. 30 000 төгрөгөөр шатахуун аваад хөдлөхөд 100 км-т зарцуулах үйлдвэрээс тохируулсан нормынхоо талд хүрэхтэй, үгүйтэй зам туулж байгаа. Үүнийг бид “Түгжрэлд угаасаа тэгж иддэг юм” гээд хүлээн зөвшөөрчихсөн.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах богино хугацааны ажил буюу А, В, С бүсэд хуваах зохицуулалтыг энгийнээр тайлбарлавал заавал автомашин унахыг урьтал болгохгүй, заасан бүс дотор төлбөртэй зогсоолд машинаа тавиад нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх, эсвэл дугуй унах, алхах зэрэг сонголтыг танд санал болгож буй. А бүс буюу хотын төвд хамгийн их түгжрэл үүсдэг хэт ачаалалтай нэг км радиус бүхий Бага тойруугийн дотор автомашины хөдөлгөөнийг аль болох хязгаарлаж, иргэд олон нийт явган алхах боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн.

В бүсэд Баянбүрдийн тойрог-100 айл, Баруун дөрвөн зам-Зүүн дөрвөн зам, “Нарантуул”-ын уулзвараас “Өгөөж”-ийн уулзвар хүртэлх Их тойруугийн бүсийг багтаасан.

“Ардчилсан нийгэмд хүмүүс машинаа унана уу, байна уу өөрсдийнх нь эрхийн асуудал” гэх хүн байхыг үгүйсгэхгүй. Гэвч энэ бол иргэнийг машинаа унахгүй бай гэж хүчилсэн хэрэг огт биш. А, В бүсэд тодорхой шалгуураар нэвтрүүлсэн машинуудыг байрлуулах, төлбөртэй 15 700 зогсоолыг шийдэж байгаа аж. Мөн байгаль орчинд ээлтэй буюу 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудад бүсчлэлийн хориг үйлчлэхгүй. Үүнтэй зэрэгцээд бүсчлэл дотор үнэгүй зорчуулах нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх талаар бэлтгэлээ хангаж эхэлжээ. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хэт ачааллыг багасгахын тулд олон улсад хамгийн түрүүн авч хэрэгжүүлдэг арга хэмжээ нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах замаар иргэдийн тогтмол хэрэглээг хэвшүүлэх явдал. 

Энэ бүсчлэлийн зохицуулалтыг хэрэгжүүлснээр замын түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулах төлөвлөгөө гарчээ. Үнэхээр сайн тооцоо, судалгаа хийгээд, түүнийгээ сайн зохион байгуулалттай хэрэгжүүлж чадвал автомашиныг улсын дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр шиг үр дүнтэй хэрэгжих биз. Харин тэгж чадаагүй бол хэдхэн хүн олон нийтийн сүлжээгээр “гөвөөд” л Их тойруугийн дотор зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр шиг буцаж хөгөө чирэх вий.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна