Д.Хоролдамба: Тусгаар Монголын анхны баяр улсаа тунхагласан өдөр байсан

2019 оны 11 сарын 26

Түүхч, доктор Д.Хоролдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг БНМАУ-ыг тунхагласан баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн. Одоо баярын өдөр биш, тэмдэглэлт өдөр гэж нэрлэж байна. Хүмүүс янз янзаар л ярьж, бичих юм. Аль нь зөв юм бэ?

-Үнэн бодит, цэгцтэй ойлголтыг өргөн түмэнд хүргэх нь зөвхөн түүхийн шинжлэх ухааны төдий бус эх орныхоо төлөө зүтгэсэн өвөг дээдсийн амьдрал тэмцлийн замналыг танин мэдэхэд тустай. Тийм учраас анхаарлын гадна орхиж болохгүй, маш чухал үйл явдал юм. Яагаад гэвэл 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд шинэ үеийн Монгол улс анх Үндсэн хуультай болж, Бүгд найрамдах улсаа тунхаглаж чадснаар маш эгзэгтэй, түүхэн хариуцлагатай цаг үед умард, өмнөд хоёр хөршийнхөө улс төр, дипломат явуулгын хайчин галаас улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж чадсан юм.

-Хоёр хөрш маань манай улсын тусгаар тогтнолд тухайн үед яаж нөлөөлсөн гэсэн үг вэ?

-Тухайн үед олон улсын харилцааны байдал тун ярвигтай, монголын тусгаар тогтнол тун эгзэгтэй  амаргүй нөхцөл байдалд  байсан шүү дээ. Ялангуяа Анхдугаар Богд Өндөр гэгээний YIII дүрийн Богд Жэвзүндамба хутагт хаан 1924 оны тавдугаар сарын 20-нд таалал төгсөнгүүт хоёр хөрш монголын асуудлыг хоорондоо яриад л тохиролцох болсон. Тухайлбал, Зөвлөлт Орос Улс, Хятад хоёр улс 1924 оны тавдугаар сарын 31-нд “Асуудал зохицуулах ерөнхий зарчмын тухай” гэсэн хэлэлцээр гэгчийг хоорондоо хэлэлцэж байгаад баталжээ.

Уг хэлэлцээрийн 5 дугаар зүйлд: Гадаад Монголыг Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг ЗСБНХУ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Монгол нутагт Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ” гэж шууд зааж өгсөн байна. Маш ноцтой байгаа биз! Түүх давтагддаг. Одоо цагт үүнийг дахин эргэцүүлж үзэх хэрэгтэй. Энэ чинь уг чанартаа Монголын тусгаар тогтнолыг шууд үгүйсгэн устгасан хэрэг. 1919 оны хэрэг явдлаас дутахгүй хар толбо юм. Товчхондоо, Монгол улс “нуман тулгуур”-т орчихсон гэсэн үг шүү дээ, бөхийн барилдаанаар бол.

-Орос ах нар маань монголыг Хятадад шууд тавиад өгчихсөн хэрэг байна шүү дээ. Тийм биш гэж үү?

-Тэр үед тийм л юм болж. Энэ бол бодит түүх. Гадаад Монгол гэж манай улсыг хэлж байгаа юм. Түүнээс өмнө ч ЗОУ-ын Гадаад хэргийн ардын комиссар, өнөөгийнхөөр бол Гадаад яамны сайд Г.Чичерин монголыг тусгаар тогтнуулах гэвэл Хятад улс дургүйцнэ гэх утгатай үг хэлж байсан. Тэрээр, Монголын элчин төлөөлөгч Давааг 1923 оны арваннэгдүгээр сарын 15-нд хүлээн авч уулзаад “манай улс 400 сая хүнтэй Хятадтай найрамдахыг хүсэх нь маш чухал" гэдгээ мэдэгджээ. Ингэж л манай улсын ашиг, сонирхолыг гаргуунд гаргаж, золиосолж, наймааны аргаар хэл амаа ололцож байгаад ЗХУ, Хятад улс хоорондоо дипломат харилцаа тогтоож, Монголоос зөвлөлтийн цэргийг 1925 он гэхэд бүрэн гаргасан байдаг. Харин 1945 оны Ялтын гурван гүрний тохиролцооны үрээр БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудал шинэ шатанд гарч ирсэн. Энэ бол өөр түүх.

-Монголын тусгаар тогтнолыг хоёр хөрш гаргуунд нь гаргасан юм байна шүү дээ. Үүний хариуд монголын улс төрчид ямар арга хэмжээ авсан бэ?

-Хойд, урд хоёр хөрш өөр өөрсдийн ашиг сонирхолоо хангахын тулд монголыг золиослох эзэрхэг бодлогоосоо огт салаагүй  тэр нөхцөлд монголын улс төрчдийн өмнө тусгаар тогтнолоо хэрхэн авч гарах нь нэн тэргүүний тулгамдсан зорилт болж хувирсан. Түүний өмнөхөн 1919 оны арваннэгдүгээр сарын 22-нд Монголын автономит эрхийг Дундад иргэн улсын Ерөнхийлөгч устгасан шийдвэр гаргасан. Хөрш орнуудын харилцааны асуудлыг дур зоргоороо, тун бүдүүлгээр шийдэж байсны ойрхи үеийн түүх шүү дээ.

Өнөө ч соёлтой шийдвэрлээд байна гэсэн баталгаа байхгүй. Бид л өөрсдөө хичээхгүй бол бидний өмнөөс хэн ч монголыг хөгжүүлж өгөхгүй. Аль болох тал талаас мэрэх, хонжих, луйвардах л юм хийнэ. Тэгэхээр 1921 оноос хойш гуравхан жилийн дотор тусгаар тогтнолын асуудал, дотоод, гадаад нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөж, орвонгоороо эргэсэн байгаа юм. Монгол улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж: “Бидэнд тусгаар тогтнол гэсэн ганц л хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрөөс ухарна гэдэг бол байж болшгүй зүйл мөн” гэж эрс мэдэгдэж байв. Асар хүнд нөхцөлд Ардын Засгийн газар, МАН-ын  бодлого, үйл ажиллагаанаас Монгол улсын ирээдүй шалтгаалах болоод байв. Ийм үед буюу 1924 оны зургадугаар сарын 3-нд МАН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурал хийж, монголд Бүгд Найрамдах засаг тогтоох шийдвэр гаргасан байна.

Түүнээс дөрөв хоногийн дараа хуралдсан Намын Төв Хорооны бүгд хурлаар тэрхүү шийдвэрийг хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, Да Жунтан гэдэг их ерөнхий даргыг сонгохгүй, улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална" гэсэн шийдвэр гаргажээ. Дашрамд тэмдэглэхэд 1992 оны Үндсэн хуулинд “хадгална” гэсэн үгийг Б.Чимид гуай оруулснаас болж бяцхан маргаан үүссэн байдаг. Тэгэхэд Б.Чимид гуай ухаантай хариулт өгч энэ үгийг хадгалж хоцорсон тухайгаа дурссаныг бид мэднэ. Тэгэхээр тэр ухаантай хүн 1924 оны Үндсэн хуулиа нулимаагүй, харин ч авууштай зарим зүйлийг нь уламжилж тусгасан л байгаа юм. Өөрөөр хэлбэл 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудын хооронд энэ мэт залгамж чанар байдаг гэсэн санааг энд зориуд хэлж байгаа юм.

Ардын засгийн газар 1924 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлаараа Монгол улсад Бүгд Найрамдах байгуулал тогтоох тухай түүхэн шийдвэр гаргаад, түүнийг олон нийтэд зарлан тунхаглахаар тогтжээ. Тухайн үед хууль тогтоох эрх мэдлийг Ардын засгийн газар давхар хэрэгжүүлж байж.  Энэ ёсоор зургадугаар сарын 15-нд Монгол улсад Бүгд Найрамдах Засаглал тогтсон тухай олон нийтэд зарлаж, баяр ёслол хийжээ. Тэр жилийнхээ арваннэгдүгээр сарын 8-нд БНМАУ-ын Анхдугаар Их Хурлыг зарлан хуралдуулжээ.

-Арваннэгдүгээр сарын 26-ныг баярын өдөр гэж тэмдэглэх түүхэн үндэслэлийн талаар тантай яриагаа үргэлжлүүлвэл ямар вэ?

-Тиймээ, Их хурал арваннэгдүгээр сарын 28 хүртэл 20 хоног хуралдахдаа цаашид Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засагт гүн ул мөрөө үлдээсэн шийдвэрүүдийг гаргасны нэг нь Монгол улсын Үндсэн хуулийг баталсан явдал юм. Үндсэн хуулийн төслийн тухай илтгэлийг Ерөнхий сайд Б.Цэрэндорж тавьжээ. Тэр “Олон улсуудад нийтийн байдлыг үзвээс гурван зүйлийн Үндсэн хууль буй. Нэг. Эзэрхэг хаант улс. Хоёр. Хэмжээт цаазат улс. Гурав. Бүгд найрамдах улс" гэж тэмдэглээд “одоо нэгэнт бидний Монгол улс жинхэнэ ардын Бүгд Найрамдах Улс болсон" гэж гуравдах замыг чухалчилсан байдаг юм. Арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНУ-аа тунхаглан зарласан түүхт өдөр мөн.

Энэ чинь уг чанартаа улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг Бүгд найрамдах засаглалыг тогтоон тунхаглах аргаар, “нуман тулгуур”-аас дахин гарч чадсаны баяр. Тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн төлөө ухаан зарж,  үр дүнд хүрсэн түүхэн чухал үйл явдал. Бүр тодруулбал монголын тусгаар тогтнолыг Орос, Хятад бүрэн үгүйсгэж, тохиролцсон тэр хүнд эгзэгтэй үед монголын улс төрчдийн зүгээс явуулсан хариу бодлого, тэмцлийн ялалт гэж ойлгох хэрэгтэй. Хоёр хөрш маань манай тусгаар тогтнолыг үгүйсгэчихсэн байхад гадаад бусад улс, орнууд, дэлхийн хамтын нийгэмлэг цаашид яах нь бараг ойлгомжтой хэрэг.  Тийм болохоор арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бол монголын ард түмэн заавал, бүр заавал дурсан санаж, тэмдэглэх ёстой өдөр мөн юмаа.

-Бидний ярьж байгаа сэдэв манай улсын тусгаар тогтнолын түүхэнд үнэхээр чухал болох нь таны ярианаас тодорхой ойлгогдож байна. Харин Анхдугаар Үндсэн хуулийг хэрхэн боловсруулсан талаар яриагаа үргэлжлүүлвэл та юу хэлэх бол? 

-Ардын засгийн газрын 1924 оны аравдугаар сарын 24-ны өдрийн 39 дүгээр хуралдаанаар Үндсэн хуулийг зохиох комиссыг Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, Элбэгдорж Ринчино, П.Всевятский, Гомбо Бадамжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, “басхүү өөр боловсронгуй хүмүүсийг урин авч хэрэглэх" эрх олгож, уг төслийг боловсруулахыг даалгажээ Энэ комисст Коминтерний төлөөлөгчид голлох үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс ЗХУ-ын коммунист намын үзэл онол, тулгалт нөлөөлсөн. Жишээ нь нийгмийг жинхэнэ ард, хуучин ван гүн явагсад гэх мэтээр дотор нь эсрэг тэсрэг ангид хувааж ялгаварлан гадуурхсан заалт тусгагдсан. Тэр нь яван явсаар нийгмийн тэргүүлэх хэсгийнхнийг хомроглон хэлмэгдүүлж, хядах эрх зүйн үр дагавар учруулсан.

-Тэр хуулийн сул талыг нь та хэлж байна, тийм үү?

-Яг тийм, хамгийн ноцтой алдааны нэг нь нийгмийг эсрэг тэсрэг хоёр үндсэн ангид хуваасан Үндсэн хуулийн тэр заалт байдаг юм. Тиймээс ч  энэ мэт асуудлаас болж зарим хүн санал зөрөлдөөн гаргаж, эрүүл саруул шийдлийг эрэлхийлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудлыг батлах хуралдаан дээр эрдэмтэн Ж.Цэвээн хэлэхдээ: Монголд онцгой маягийн Үндсэн хууль байх хэрэгтэй юу гэсэн асуулт тавьж, Үндсэн хуульгүй улс орон ч бас бий гэж хэлж байсан нь санаандгүй ч үг биш байж дээ. Хэдийгээр тухайн цагийн гол өмөг түшиг орны заавар, нөлөө орсон ч гэсэн Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажил арвандүгээр сарын 7-нд дуусч, Засгийн газарт өргөн барьжээ.

-Үндсэн хуулийн онцлог заалтуудын талаар тодруулж өгнө үү? 

-Анхны юм болгон алдаа, оноотойгоо сэтгэлд хоногшдог гэдэг. Үндсэн Хуулийн нэгдүгээр зүйлд: “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаас сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино" гэжээ. Хоёрдугаар зүйлд: БНМАУ-ын зорилт бол “хуучны ззэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлэн, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлнэ" гэжээ.

Хуулийн энэ заалтууд Монгол улс бол бүрэн эрхтэй, Бүгд Найрамдах Улс мөн болохыг тунхаглан зарлаж өгсөн. Түүнчлэн засгийн эрх ард түмний, тэр дундаа нийгмийн олонхи болсон эгэл ард түмний мэдэлд байхыг хуульчлан тогтоож өгсөн юм. Түүнээс гадна Монгол улсын төрийн байгууллын тогтолцоог хуульчлан тодорхойлсон. Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлд: БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд түүний чөлөө цагт Улсын Бага Хуралд, түүний чөлөө цагт Бага Хурлын тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулна гэж заажээ. Маш сонирхолтой заалт байгаа биз.

-Тийм байна. Энэ заалтын амьдрал дахь үр нөлөө нь юу вэ?

-Монголын ард түмний тэр дундаа эгэл жирийн ард олны шууд төлөөлөл бүрэлдэж байгаа юм. Өнөөгийн өнцгөөс харвал шууд ардчилал гэдэг юм чинь 1920-иод оны эхэнд манай улсад хэрэгжиж байсаан гэсэн үг, нэг талаасаа. Нөгөө талаас тэр тогтолцооны ололт уламжлагдсаар 1990-ээд оны эхэнд бас хэрэглэгдсэн гэсэн үг. Монгол улс төрийн эрх барих байгууллагын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлт хийхэд АИХ, УБХ бүхий тогтолцоог дахин авч хэрэглэсэн. Сонгогчдын төлөөллийг хангах, шууд ардчилал бий болгох, хяналтын тогтолцоог бүрэлдүүлэх зэрэг нийгмийн амин чухал асуудлуудыг шийдвэрлэхэд тал талын  ач холбогдолтой байсан юм. Өнөө ч үнэ цэнээ алдахгүй, чухал шийдэл гэдгийг дахин хэлье.

Өнөө үед бид энэ тогтолцооны ололттой талыг эргэн авч хэрэглэх нь өнөөгийн нийгэмд тулгарсан олон асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг болно. Эцсийн эцэст АИХ, УБХ бүхий тогтолцоо нь Монголын нөхцөлд хамгийн оновчтой, зөв тогтолцоо байжээ гэдэг нь сүүлийн 30-аад жилийн улс төрийн үйл явдлуудаас харагдаж байна. Англи Саксон, Ром Германы эрх зүйн тогтолцоо гэж л байна.

Манай хөрсөнд тохирох тохирохгүй юм гэж байгаа байх шүү. Ер нь алийн болгон ардчилал эрх чөлөө гэж хоосон ярьж, ажил хийхгүй дээгүүр сэвцгээх гэсэн улс вэ? Ийм янзтай байгаад байвал улс тогтноход тун ярвигтай. Жинхэнэ ардчилсан, тусгаар тогтнол нь баталгаажсан, чийрэг улс болохыг л бид хүсч байгаа шүү дээ. Тиймийн учир харийнхныг шүтэж, туйлшрахаа азнаж, өмнөх үеийн эх орончдынхоо амьдрал, тэмцлийн замнал руу өнгийж сайтар танин мэдье. Өнөө үед авч хэрэглэхийг нь сэргээж, уламжлал, шинэчлэлийг хослуулъя гэж байгаа юм.

-Хоёр танхимтай парламент байгуулж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэж сүүлийн үед монголчууд их ярьдаг боллоо. 2003-2004 оны үед Их засаг их сургуульд та багшилж байхдаа МҮЭННамын Ерөнхий нарийн бичгийн даргын ажил давхар хийж байсан. Тэр үед хоёр танхимтай парламент байгуулж, Ерөнхийлөгчийн засаглалтай болж, бүсчилэн хөгжүүлэх бодого явуулж байж монгол улс хөгжинө гэж ярьж, бичиж байсан санагдана. Бас Хархоринд нийслэлээ шинээр байгуулъя гээд л. Одоо энэ талаархи таны санаа, бодол хэвээрээ юу?

-Тэр байр суурь маань хэвээрээ. Одоо тэгэх хэрэгцээ, шаардлага бүр нэмэгдэж байна. Хүн амын тоо нь 3 сая гаруй. 1 сая нь нэн ядуу, бас 1 сая нь ядуу, 1 сая нь дундаж, үлдсэн цөөхөн нь баячууд, доллларын саятан, тэрбумтан болсон. Дэлхий ертөнцийн 4-5 тэрбум жилийн хугацаанд ухаж төнхөөгүй атар, онгоноороо ирсэн газар эхийнхээ ариун хэвлий рүү сүүлийн 30-аадхан жилийн дотор ухаж төнхөж, хордууллаа. Нохой явдалт, гахай идэшт өлөн цөөврүүд либериализм, өмч хувьчлал, зах зээл гэж барууныхныг баахан хуулбарлаж, банк санхүүгийн луйвар, мөлжлөг хийсээр 30 жилийг өнгөрөөв. Дэлхийд ганц үлдсэн нүүдлийн сонгодог соёл иргэншлээ хяхан хавчиж байна. Дөрвөн уулын дунд монголчуудыг бөөгнөрүүлэн шавааралдуулах хорлонтой бодлогыг улам өөгшүүлж, ямар ч арга хэмжээ авахгүй суусаар байна.

Яагаад Хархорумын бүтээн байгуулалтад уриалаад, учир начрыг нь ойлгуулж, сэнхрүүлэх гэж олон жилийн туршид ном, бүтээлүүд хүртэл бичиж, боловсруулж, арга, шийдлийг нь гаргаж өгөөд байхад юу ч хийхгүй хирнээ оюуны өмчид халдаж миний нэрийг дурдах ч үгүй байгаа юм бэ? Гээд шударгаар ярьвал ярих юм их байнаа. Ер нь ийм янзаараа байвал улс сүйрнэ. Дахиад 30 жил тэсэхгүй.

Гэмшивч оройтсон байх болно. Яагаад ийм болов гэвэл “чоно дагасан монгол ноход”-ыг дур зоргоор нь тавьсанаас тэр. Улс орныг хорлох элдэв явуулгыг зүгээр харж сууснаар тэдний хор хөнөөл чөтгөрийн хорлол мэт болж. Муу юм геометрийн прогрессоор өсөж, өдрөөс өдөрт дийлдэхгүй болно. Төр хэрэг дээрээ байхгүй болох аюул нүүрлэнэ. Хөдөө нутгийг орхиж, эзгүйрүүлж байгаад ар хударгаар нь алт, эрдэнийг өдөр шөнөгүй ухаж төнхөөд Африк мэт болгоно.

-Нийгэмд бухимдах юм байлгүй л яахав. Гэхдээ Монголынх арай дэндээд байх шиг? 

-Хэмжээ, хязгаар гэж байдаг ч, байж болох хязгаараа давлаа шүү дээ. Эрх мэдлийг нь өгөөд байхад шударга ёс тогтоох талаар яагаад далайцтай ажил хийхгүй байгаа юм бэ? Монгол улсын нэг жилийн төсөв 10 их наядад багтдаг бол авилгын улмаас улсад учруулсан хохирол 11,9 их наяд гэнэ. Яаж ингэж чадаж байнаа! ОУВС-аас монголыг дэлхийн дунджаас тав дахин их өртэй гэж. Муу үзүүлэлт бүрээрээ дэлхийд эхний байруудыг “эзэлдэг”, сайн үзүүлэлт ховор, сүүл мушгидаг. Хүн төрөлхтний доог, тохуу болж гүйцлээ. Хүн ард нь өвчинд баригдаж, өрөнд нэрвэгдсэн. Туйлдаж, ядарсан ард түмэн болж хувирлаа.

Хамгийн эрүүл, идэр чийрэг нь хөдөлмөрийн цагаачид болоод харийн улсуудад гараад явцгаачихсан. Ард түмний төр, засагт итгэх итгэл суларсан биш бүр унтарсан гэж хэлвэл оновчтой байх. Үүнийг эрх барьж ирсэн “хөлдүү модон толгойтонгууд, хөшүүн хойрго биетэнгүүд” хүлээн зөвшөөрөх ёстой! Олигархийн засаглал, мафижсан дэглэм нэгэнт тогтчихсон.

Байдал ийм байхад эрүүл биш улс төрчид Азидаа ардчиллаар үлгэр жишээ болж байгаа тухай, Монголд эрх зүйт төрийн тогтцолцоо тогтсон, шүүх засаглал ажлаа хэвийн хийж байгаа тухай, эдийн засаг сайжирч байгаа тухай элдэв үлгэр зохион ярьцгааж, олон нийт үүнд нь дасал болж, мунхарч суугаад бид гайхаж, залхаж байна. Нийгмийн ялзралыг жигшин буруушааж байна. Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал харамсалтай нь маш хэврэг байдалд орчихоод байна.

-“Хуульгүй мэт аашилж л байгаа бол дарангуйлал тогтсоны шинж гэж ойлгоорой Дарангуйлал нь хэлмэгдүүлэлтийг дагуулж байдаг. Дарангуйлал, хэлмэгдүүлэлт хоёр нэг зоосны хоёр тал шүү!” гэж та нэг сарын өмнө ТВ-д ярьсан. Хэлмэгдүүлэлтийн ойр жишээ гэвэл та юу гэх вэ?

-Ардчилсан гэх улсад улс төрийн хэлмэгдүүлэлт байж болохгүй ээ. Энэ нь даамжирвал нийгмийг бужигнуулах шалтаг, шалгаан болон хувирч мэднэ. Тэгвэл улс нийгмийн тогтворгүй байдал дэвэрч, эмх замбараагүй байдалд хүргэнэ. Тэгэхийн цагт юу болохыг чөтгөр л мэдэх байх. Магадгүй, гадны тусгай албад жаахан мөнгө санхүү, зэвсгийн дэмжлэг үзүүлж, хоёр талцуулаад буу дуугаргаж эхэлвэл юу болох вэ.

Сири, Венесуэл, Ливи, Украйни гээд бэлэн жишээ дүүрэн л байна. Өөрсдөө төрийн террорын махны машинд орох цаг ирнэ гэж сэргийлэхгүй бол хэцүүдэж мэднэ гэдгийг суудлын бөглөөс, ширээний манаач нар сайн ухаарах хэрэгтэй. Тийм учраас эвийг эвдсэн улс төрийн хэлмэгдүүлэлтээ одоо зогсоохгүй бол оройтож мэднэ. Учир нь хэлмэгдүүлэлт хэлмэгдүүлэлтийг л төрүүлдэг юм. Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлдэг тул үүнээс сэргийлж, даамжирхаас нь өмнө залруулаа гэж зориуд шаардаж байна. “Н.Энхбаярын хэрэг” гэгчээр монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт шинэ шатанд орсон бол “Баянсэлэнгийн хэрэг” гэгчээр монгол дахь орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт даамжирч, улс төрчдийн ёс суртахуунгүйдлийг дагаад нийгэм хөл толгойгоо олохоо болилоо.

Аминч үзэл гаарлаа. Сонгууль дөхөхөөр бусад намаа хавчиж, ёс юм шиг хэлмэгдүүлэлт хийдэг болж. 1930-аад онд гэмгүй бүсгүйчүүлээ шоронд хийж, хорьж байгаад алдаг байсан түүх давтагдах вий гэж санаа зовсондоо энэ үгийг хэлж байна. Эхчүүдийг, эх үрсийг салгаж хэлмэгдүүлж байхад ард түмэн тоох ч үгүй, огт эсэргүүцэл илэрхийлэхгүй илжиг мэт   байгаад би гайхаж байна. Ийм эрүүл биш байдлыг таслан зогсоохгүйгээр манай улс орших уу? эс орших уу? гэдэг дээр асуудал тавигдах болоод байна.

Монголчууд эв нэгдлээ огоорох тусам хол ойроос гэтэн ирж олз, ашиг хайгчдын зөөлөн зууш болдог гэдгийг сүүлийн жилүүдэд монголчууд хангалттай үзлээ шүү дээ. Товчхондоо монгол улсыг хүчгүй, муу төртэй байхыг хүсэгчдийн зүсэн зүйлийн явуулгыг бид сөрөн тэсч, мөхөлтэй өрсөлдөх түүхэн эгзэгтэй цаг тулгараад байна.

-Сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иймэрхүү асуудлыг ярьж, ард түмнээр хэлэлцүүлэлгүй нэг нам дангаараа баталчихлаа.

-Өөрсдийн туулсан түүхээс авахыг нь авч, дахин хэрэглэж болох давуу талыг нь олж, өнөө үеийн эрх зүйн тогтолцоондоо тусгаж байвал зүгээр байна гэдгийг би зориуд хэлье. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сүүлийн 30 жилийн гуйланчлалыг таслан зогсоох суурь өөрчлөлт хийсэнгүй. 2016 оны сонгуулиар ард түмэн бүрэн эрхийг нь өгчихөөд байхад сандал, ширээгээ булаацалдаж, ядууруулсан ард олныхоо ЖДҮ гэх ганц боломжийг хулгайлж, хий хоосон уралцсаар цагийг дэмий өнгөрөөсөн. Сонгууль болохоос хагас жилийн өмнө эцэг хуулиндаа хагас хугас нэмэлт, өөрчлөлт оруулсан болов.

 -Үнэхээр тийм. ТВ9-ийн “Үндсэн хуулиа өнгөц өөрчлөх үү? Үндсээр нь өөрчлөх үү?” нэвтрүүлэгт оролцохдоо өөрийн чинь хэлсэн “Энэ үнээг харсаар байтал үхсэн тугал гарах нээ!” гээд байсан шиг юм боллоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бид сэтгэл дундуур байна?

-Засаглалын хэлбэрийг нэг мөсөн хагалж, шийдвэрлэж өгсөнгүй шүү дээ. Ингээд л байвал улс орны чухал шийдвэрүүд шийдлээ олохгүй, гацаад, хохироод л байх болов уу. Хуучнаараа үлдлээ. Ер нь нэг тийш нь хагалаад өгчих хугацаа байсан. Тийм байтал хүсэхгүй байх шиг байна. Тиймээс энэ маргаан дахиад үргэлжлэх нь ойлгомжтой.

Зөрчил, үл ойлголцлыг үгдрээж болохгүй, зүй нь гарч ирэнгүүтээ, халуун дээр нь Үндсэн хуулиа шинэчлээд, энэ яригдаад байгаа асуудлуудыг аль болох хэмжээгээр тусгаж, зөв шийдэл, зөвшилцөлд хүрээд, засгийн эрх авсан эхний 1-2 жилийн хугацаанд хийчихсэн бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, хуулийн легитим шинж нь хангагдах байсан болов уу. Аль ч талаас нь тайлбарлаж болдог, Ерөнхийлөгчийн ч юм шиг, эсхүл парламентын ч засаглалтай улс юм шиг хоёрдмол байдлаар дахиад ямар хугацаа туулахыг бид мэдэхгүй боллоо. 

-1910-20-иод он, 30-аад оноос 1990-ээд он хүртэл төрийн албыг мөнгөөр арилжиж, зардаг явдал байгаагүй биз дээ? Та түүхийг орчин үетэй харьцуулан жиших аргаар тайлбарлаж байгаа нь их сонирхолтой санагдаад байна?

-Төрийн албыг мөнгөөр арилжиж, зөвхөн мөнгөтэй хүнд сонгогдох эрхийг эдлүүлдэг ийм бурангуй ёс феодализмаас салсаны дараа ч байгаагүй. Ажил төрөл, ааш зан, шударга байдал, удам судрыг нь харж гол шалгуур болгож байж нэр дэвшүүлдэг байсан. Хээл, хахууль одоогийнх шиг хэмжээ, хязгааргүй байсан түүх байхгүй.

Ер нь дээр хэлсэн бүхнээс дүгнэн үзвэл Анхдугаар Үндсэн хуулиар манай улс нь парламентын засаглалтай, ард түмэн өөрсдөө шат шатны удирдлагаа сонгон хэрэгжүүлдэг хязгаарлагдмал боловч ардчилсан шинжтэй улс болсныг үгүйсгэж огт болмооргүй байна. Бас нэг зүйлийг онцолж хэлвэл Бүгд найрамдах засаглалыг сонгож, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, засаг төрөө эмхлэн, улс орноо засан жолоодож, тусгаар тогтнолоо хамгаалж чадсан нь 1910-1920-иод оны монгол төрийн бодлоготон, эх орончид, монголын ард түмний зүгээс олон жилийн туршид явуулсан уйгагүй, туйлбартай шударга тэмцлийн үр дүн, ялалт байсан юм шүү гэдгийг зориуд бахархан тэмдэглэж хэлэхийг хүсч байна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.