Цагдаа нарын цалингийн үлдэгдлийг Б.Энхбаярын тушаалаар шилжүүлж авч улстөрчдөд “тараасан” гэх Б.Нямжав гэж хэн бэ

Zuv.mn
1 цаг 47 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хууль зүйн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын баримтуудыг АТГ-т аваачиж өгөх үедээ “Хууль зүйн сайд Б.Энхбаяр цагдаа нарын цалингийн үлдэгдэл болох 5 орчим тэрбум төгрөгийг уяач Б.Нямжавд шилжүүлж, “тараалт” хийгдсэн” гэсэн ноцтой мэдээлэл хийсэн билээ.

Монголын цагдаа нарын цалингийн үлдэгдэл /зарим хэвлэлд 13 дахь сарын цалин байсан гэж ч мэдээлж буй/ их хэмжээний мөнгө хэрхэн уяач, баар ажилллуулдаг  Б.Нямжав гэх нөхөрт шилжсэн түүхийг хүргэж байна.

Я.Содбаатарын дотнын найз, М.Энхболдын ивээлийг хүртэгч

Б.Нямжав бол Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн, МАН-ын ЕНБД Я.Содбаатарын хамгийн дотнын найз. Түүнчлэн, Нийслэл хотын газрыг наймаалж асар ихээр баяжсан гэгддэг МАН-ын дарга асан М.Энхболдын ойрын хүн юм.

Б.Нямжав 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны зардалд зориулан “Эм Жи Эл корпорац”-ынхаа нэр дээр арилжааны банкнаас 10 тэрбум төгрөг зээлж өгсөн. Сонгуульд М.Энхболд ах нь ялагдаж, тэрбээр том шатсан ч 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялж, төрийн бүх шатны эрх мэдлийг атгасныг ашиглан, Нийслэлийн МАН-ын өмчид байсан Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгосон үйл явц дээр тоглолт хийн, 10.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргуулж авсан. 

Энэ мөнгөний таван тэрбум нь Л.Оюун-Эрэдэнийн ярьсанд хамааралтай бөгөөд Б.Нямжавын М.Энхболдод авч өгсөн зээлийн төлбөрт явсан юм. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ руу шилжсэн. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн "Тараалт" явсан гэдэг үгийг цааш лавшруулж шалгах шаардлагтаай. 

Ингэж шалгах  маш ноцтой нэг сэжүүр байгаа нь асуудалд Шүүх оролцсон болон болон шүүхэд нөлөөтэй гэж хардагддаг /томилгоонд оролцдог гэдэг утгаараа/ Ерөнхийлөгчийн институцийн эрэг шураг болох Я.Содбаатар ашиг хүртэгчийн дотнын найз хэмээн нэр дурдагдсан явдал юм. Хардах хангалттай үндэслэл бий.  

Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгох шийдвэр 2013 оны нэгдүгээр сард гарч хэрэгжсэн. Тэр үед Б.Нямжав Лениний музейг Ерөнхий түрээслэгч статустай, өөрийнхөө баарыг дотор нь ажиллуулдаг байсан. Гэтэл 10 жил өнгөрсөн хойно “Төрийн буруу шийдвэрээс болж хохирсон” хэмээн шүүхдэж, бүр ирээдүйд олох байсан ашигаа хүртэл нэхэмжилж, хамгийн хачирхалтай нь заргаа авч чадсан байгаа юм.

Шүүх төрийг буруутай гэж үзэж шийдвэр гаргах тохиолдол гарч болно. Гэхдээ олон давхар хяналттай, хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаараа төр хэзээ ч буруугаа тийм амархан хүлээн зөвшөөрч мөнгө өгнө гэж байдаггүй. Малайзын Засгийн газар С.Шаарийбуу гуайн талд гарсан шүүхийн шийдвэрийг давж заалдаад юу болгож байгаа билээ.

Гэтэл Шүүх шийдвэрээ гаргаж, Хууль зүйн сайд биелүүлчихсэн. 

Тодруулбал, Б.Энхбаяр нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/418 тоот тушаалаараа "Төрийн байгууллага, ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хохирлын нөхөн төлбөр" гэдэг ангиллаар таван тэрбум төгрөгийг "Эм Жи Эл Корпораци" ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Одоогийн МАН-ын дарга Я.Содбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар зохион байгуулалттайгаар холбоотой талаар тухайн цаг үедээ хэвлэлүүд мэдээлж байсан энэ асуудал эцэст нь ийнхүү АТГ-т шалгагдах болж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна