Саяхан гуравдугаар сарын 08-нд 108 тохиолдол бүртгэгдэхэд манай улсад нэг өдөр бүртгэгдсэн хамгийн олон халдварын тохиолдол боллоо хэмээн хүмүүс сандралдан хүлээж авч байв. Гэвч гуравдугаар сарын 12-ноос эхлэн өдөр бүр 100 гаруй тохиолдол бүртгэгдэж,эцэстээ олон нийт энэ тоонд дасав. Учир нь бямба гаригт 148 хүнээс халдвар илэрсэн бол ням гаригт 170 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 4976 боллоо. Энэ нь өчигдрийн байдлаарх Монгол Улсад нэг өдөрт бүртгэгдсэн COVID-19-ийн хамгийн олон тохиолдол юм. Удахгүй халдварын тоо өдөрт 200, дараа нь 400 эцэстээ 1000 хүн нэг өдөр халдвар авах эрсдэлтэйг Эрүүл мэндийн яамнаас эрт анхааруулсан. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 12-нд ХӨСҮТ-д ажиллах үеэрээ “Сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлаас харахад хүн амын дундах халдвар өргөн тархалт руу орж байгаа нь санаа зовоож байна. 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар бүртгэгдэх магадлал 50 хувьтай байна" гэж ярьж байв. Сүүлийн өдрүүдэд бүртгэгдэж байгаа халдварын тоог харвал түүний хэлсэн тоо үнэний ортой бололтой. Учир нь энэ сарын 12-ноос хойш есөн хоногт 1415 хүн халдвар аваад байна.
Халдвар бүртгэгдсэн хэд хэдэн аймаг тархалтаа хумьж, ногоон бүс болсноо зарлаад байв. Гэвч гуравдугаар сар гарснаар гурван аймагт халдвар голомтлон тархаад байна. Тодруулбал, Завхан аймагт-зургаа, Төв аймагт-21, Хөвсгөл аймагт-12 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээр иргэд бүгд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт зорчсон юм. Ням гаригт бүртгэгдсэн халдварын 170 тохиолдлын 168 нь Улаанбаатарт, хоёр нь Төв аймагт бүртгэгдсэнээс 10 хүний халдвар авсан эх үүсвэр тодорхойгүй байна. Халдвар эрчимтэй тархаж байгаа гол шалтгаан нь өдөр бүр эх үүсвэр тодорхойгүй олон халдвар бүртгэгдэж байгаатай холбоотой юм. Харин дэлхийд 123.4 сая хүн халдвар авч, 2.7 сая хүн нас баржээ. АНУ-д 30.4 сая, Бразилд 11.9 сая, Энэтхэгт 11.5 сая хүн халдвар авсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.
Манай улсад цар тахлын эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлснээс хойш 200 гаруй мянган хүн хамрагдлаа. Тодруулбал, гуравдугаар сарын 20-ны 20:00 цагийн байдлаар 14071 хүнийг вакцинд хамруулж, нийт 204129 иргэн вакцины эхний тунг тариулжээ. Энэ нь зорилтот бүлгийн 10 хувь юм. Эдгээр иргэд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн AstraZeneca болон БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Verocell вакцинд хамрагдсан юм.
Вакцины татан авалтын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Дөрөвдүгээр сараас вакцин татан авалт, хоёр дахь тунтай холбоотой өдөрт 30 мянгаас доошгүй хүнийг вакцинд хамруулна.Халдварын голомтууд идэвхтэй буй Улаанбаатар хотын хүн амыг вакцинд хамруулах хугацаа тавдугаар сарын дунд үе гэж төлөвлөсөн. Үүний дараагаар орон нутагт дархлаажуулалтын ажил өргөн хүрээнд өрнөнө" гэж ярьсан юм. Харин энэ сарын 21-ний байдлаар дэлхийн 133 улсад 430 сая хүн COVID-19-ийн эсрэг вакциндаа хамрагдсан гэж Bloomberg мэдээлжээ. Түүнчлэн өдөрт дунджаар 10 сая хүн вакциндаа хамрагдаж байгаа юм. Тухайлбал, АНУ-д өдөрт 2.2 сая хүн вакцинд хамрагдснаар өчигдрийн байдлаар 121 сая хүн эхний тунгаа тариулсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна