Согтууруулах ундааг зөвхөн төрөлжсөн дэлгүүрт худалдаалах боломжтой юу

С.Гандэлгэр
2021/05/17

Согтууруулах ундаа бол хүнсний бүтээгдэхүүн биш юм. Хүнсний дэлгүүрт согтууруулах ундаа худалдан борлуулах нь хүнд бага наснаас нь эхлэн архи, согтууруулах ундаа бол хүнсний бүтээгдэхүүн юм гэдэг ойлголтыг далд ухамсарт суулгадаг байна.

Судалгаагаар сурагч-өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согттол хэрэглэж үзсэн төдийгүй тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундааг хэрэглэдэг, оюутан залуучуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь бар, шөнийн клубд хэрэглэдэг байна. Мөн оюутан сурагчид сургууль, амьдарч байгаа орчноос 100 метр хүрэхгүй газраас архи, согтууруулах ундааг худалдан авдаг.  

2020 оны байдлаар согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тасралтгүй өсөж  5000 орчим болжээ. Тодруулбал, архи худалдах зөвшөөрөлтэй 100 цэг тутмын 56 нь дэлгүүр, 24 нь зоогийн болон цэнгээний газар, 9 нь кафе, 7 супермаркет, 4 нь хүнсний бөөний худалдааны цэг байна.

Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28,2 литрээс 52,5 литр бол 1,9 дахин өссөн байгаагаас үзвэл хүн амын архи, согтууруулах ундааны хэрэглээ үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалахгүй өсөж байна.

Жендерт  суурилсан хүчирхийллийн судалгааны дүн болон Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн 2018 оны мэдээгээр нийт албадан эрүүлжүүлэгдсэн хүний 55 хувь нь гэр, орон сууцнаас ирснээс үзэхэд архи согтуурулах ундааны зохисгүй хэрэглээ гэмт хэрэг, зөрчил түүний дотор гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчил үйлдэгдэх нэг шалтгаан, хүчин зүйл болж байгааг харуулж байна.

Иймд согтууруулах ундааны төрлийн бүхий л бүтээгдэхүүнийг хүнсний дэлгүүрээс салгаж олон улсын жишгийн дагуу тусдаа, төрөлжсөн дэлгүүрт борлуулдаг байх нь зөв шийдэл юм. Энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юу гэдгийг холбогдох төрийн байгууллагын мэргэжлийн хүмүүстэй цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, УБЗАА, СХЗГ, МХЕГ, НМХГ, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын албаны хүмүүс оролцлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна