Шүүхийн гадаа жагссан иргэдийг уриа лоозон барьж, хашгирч болохгүй гэж шаардав

2020 оны 07 сарын 03

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбатыг суллахыг шаардсан Сэлэнгэ аймгийн иргэдэд цагдаа нар Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу олноор цуглан уриа лоозон барьж, хашгирч болохгүй гэсэн шаардлагыг тавьсан байна.

Иргэд уриа лоозонгоо хананд өлгөн шаардлагыг хүлээн авч, ойр орчмын хогийг цэвэрлэжээ. Харин гишүүнийг чөлөөлөх хүртэл жагсаалаа үргэлжлүүлсээр байх болно гэдгээ мэдэгдлээ. 


 Өчигдөр буюу /2020.07.02/  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагаас эхлэн орой 19.00 цаг хүртэл үргэлжилсэн. Харин өнөөдөр шүүх хуралдаан 09:00 цагт эхлэн үргэлжилсээр байна. Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан ч урьдчилан саатуулах байранд хоригдож байгаа учраас УИХ-ын гишүүний тангарагаа өргөж чадаагүй юм.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан. 


Т.Номин 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.