Дэлхий даяар халдварын тархалт нэмэгдэж, хөл хорионы дэглэмээ чангатгаж эхэллээ

2020 оны 11 сарын 17

“Pfizer”-ээс гаргасан “COVID-19”-ийн вакцины шинэ туршилтын дата энэ долоо хоногт гарна. Вакциныг ашиглаж эхлэхэд энэхүү туршилтын дата маш чухал юм. Харин “Johnson & Johnson”-ийн вакцины хөгжүүлэлт гуравдугаар үедээ шилжиж, мөн л энэ долоо хоногт эмнэлгүүдэд туршихаар төлөвлөж байгаа аж.

Туршилтыг 17 байранд 6000 гаруй сайн дурынхныг хамруулан хийх юм байна.

Хонгконгт “коронавирус” дотооддоо халдварлах тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор зай барих дүрмийг чангатгалаа. Харин Австрид бүх нийтийг хамарсан шинжилгээ хийхээр боллоо. Франц, Италид халдварын тохиолдлын тоо буурчээ.

Германд хөл хорионы арга хэмжээгээ чангатгаж, Зул сар болтол олноор цуглах, гэртээ үдэшлэг зохион байгуулахыг хориглосон байна. Ирэх 4-5 сарын турш ямар нэгэн түвшинд хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлнэ гэдгийг Германы Засгийн газар мэдээлэв.

БНСУ-д сүүлийн 24 цагт 223 тохиолдол шинээр бүртгэгдэж, “коронавирус” -ийн халдварын тоо сүүлийн 11 долоо хоногийн хамгийн өндөр дүнгээр нэмэгдлээ.

Австралийн Өмнөд Австрали мужийн нийслэл Аделаид хотод халдварын 17 тохиолдол кластер байдлаар илэрчээ. Үүний зэрэгцээ тус улсын Засгийн газар халдварын тархалтыг зогсоохын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгдээд байна.

АНУ-д өнгөрсөн долоо хоногт нэг сая гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 11 сая даваад байна. Тус улсад эндсэн хүний тоо 246 мянга хүрснээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.

АНУ-ын Мичиган мужид гурван долоо хоногийн хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. Түүнчлэн 11 дүгээр сарын эцсээр болох “Талархлын баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг иргэддээ уриалав.

Калифорни мужид нэг өдөрт 10 мянга 968 тохиолдол илэрсэн нь сүүлийн гурван сарын хугацааны хамгийн өндөр дүн боллоо. Флоридад өдөрт дунджаар 5900 тохиолдол нэмэгдэж байсан бол ням гарагт 10 мянга 105 тохиолдол бүртгэгдэж, долоодугаар сараас хойших хамгийн өндөр дүн болжээ.

Харин Нью-Йорк хотын сургуулиуд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөжээ. 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Жо Байдены зөвлөхүүд АНУ-д бүх нийтийн хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: Bloomberg

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.