Газар хөдлөлтөөс хойших эхний 72 цагийг хүний амь насыг аврах боломжтой, хамгийн чухал үе гэж тооцдог. Тийм ч учраас Турк, Сирийн нутагт болж, 50,000 гаруй хүний амийг авч одсон аймшигт газар хөдлөлтийн дараа олон улсын аврагчид яаравчлан Туркийг зорьж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.
Өнгөрсөн баасан гарагт /Улаанбаатарын цагаар бямба гарагийн өглөөний 06.00/ газар хөдлөлтөд нэрвэгдсэн Морокко улсын хувьд, өдгөө 72 цагийн сүүлийн 24 цаг нь эхэлсэн тул аврагчид төдийгүй энгийн иргэд бүгд цагтай уралдан эрчимтэй ажиллаж байна. 72 цагаас хойш хүнь амьд гарах магадлал огцом багасдаг тул хором мөч бүр хүний амь насны үнэтэй.
Газар хөдлөлийн төв нь Мороккогийн эртний нийслэл Марракешаас баруун өмнө тийш 71 км-т буюу харьцангуй ойрхон байсан учраас хохирлын хэмжээ их гарсан талаар мэдээлсэн. Тэгвэл гамшгийн голомтод Марракешаас өмнө зүгт 60 км-т орших нэгэн тосгон илүүтэй өртөж, бараг тэр чигтээ сүйрчээ.
Нэлээд эртний, барилга байшин нь хуучирсан уг тосгон гамшигт хамгийн их өртөж, иргэд нь орох оронгүй болцгоосон байна. албаны мэдээлснээр, тус улсад сүүлийн 60 жилд ийм их хохирол дагуулсан газар хөдлөлт болж байгаагүй аж.
Засгийн газрынх нь мэдээлснээр, баасан гарагийн газар хөдлөлтөд өртөж амиа алдагсдын тоо 2122, хүндээр гэмтэж бэртсэн хүний тоо 2421-ээр тоологдож байна.
6.8 магнитудын хүчтэй тэсрэлтээс үүдсэн хүчтэй чичиргээний улмаас байшин барилга нурснаас гадна орон нутгийн зам зөрж эвдэрсэн тул Марракеш орчим нь хойд эргийн талаасаа тусгаарлагдсан байдалтай байгаа аж. Дээр дурдсанчлан, Марракеш нь Мороккогийн эртний нийслэл болохын хувиар түүхэн дурсгалт гзар, барилга байшин олонтой байсан. Тэдгээрээс ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтсан зарим байгууламж эвдэрсэн болохыг хэвлэлүүд онцолж байгаа юм.
Олон улсын тусламжийн тухайд, Испани улсын аврагчид гамшгийн бүсэд очоод буй бол АНУ, Франц, Катар, Турк улсууд аврах баг болон бусад тусламжаа бэлдэн, Мороккогоос албан ёсны хүсэлт тавихыг хүлээж байгаа юм.
Мороккогийн хаан Мухаммед VI гурав хоногийн хугаццаатай үндэсний гашуудал зарласан нь үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна