ХЭҮК: Б.Ганхуяг хорих ангиас захидал ирүүлсэн нь үнэн

Zuv.mn
2023/09/14

“Нүүрсний хэрэг”-ээр хоригдож буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг ХЭҮК-т захидал бичжээ. Тэрбээр захидалдаа "Хүний эрхийн асуудал, эрх эрх чөлөөний тухай ойлголт, түүнд санаа зовдог, сэтгэлээ чилээдэг нэг ч гэсэн газар байдаг, байсан, байсаар ирсэн гэдэгт би итгэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Баттулга овогтой Ганхуяг миний бие 2022 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрөөс хойш энэ өдөр хүртэл 9 сар гаруй хугацаанд улс төрийн хоригдол болж сууж эрүүдэн шүүгдэж, залхаан цээрлүүлэлтэд ороод хилс хэрэгт гүтгэгдэж МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлага захиалгаар түүний гар хөл болсон АТГ, барьцаалагдсан прокурор, шүүхийн шийдвэрийн золиос болсоор удаж байна.

Анх намайг цагдан хорихдоо Ерөнхий сайдын зүгээс болон ЦЕГ-ын удирдлага, ХЗДХЯ-ны ТНБД нарын зүгээс удаа дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулсан...” гэсэн байна. Бид захидлын талаар ХЭҮК-оос тодруулахад "Захидал ирүүлсэн нь үнэн. Хувь хүний нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Б.Ганхуягийг “Нүүрсний” гэх жагсаалыг санхүүжүүлсэн гэдэг үндэслэлээр баривчилсан бөгөөд өөрөө үүнийг гүтгэлэг гэж үзэж буй. Тодруулбал, түүнийг цагдан хорьсон шалтгаанд нүүрс хулгайлсан асуудал огт байхгүй харин нүүрс хулгайлсан этгээдүүд гол гэрч учир амыг нь хаах зорилгоор хорьж байгаа гэсэн агуулгатай мэдэгдлийг өчигдөр шүүх хурлын үеэр хийсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна