-715 тэрбумын тендерт ганцаараа орж ялсан, Бор тээгт 15 жил эзэн суух МТАС түншлэлийн ард хэн байгаа вэ-
Тавантолгойг ард түмнээс хол байлгах, ногдол ашиг өгөхгүй байх, тэр хооронд нь сэмхэн нэг, нэгээр нь салгаж авах ажиллагаа үргэлжилсээр. Олигархи бүлэглэл энэ удаад Тавантолгойн нэг орд болох Бортээгийг онилжээ.
Төрийн бодлогыг “Цавчиж” орж ирсэн МТАС түншлэл
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бор тээг ордын ТЭЗҮ-г боловсруулж, 2020 оны нэгдүгээр сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. ТЭЗҮ-д ордыг хөрс хуулалт, олборлохоос гадна, боловсруулалт буюу цэвэршүүлэх ажлыг хийж иж бүрнээр ашиглахаар төлөвлөсөн бөгөөд хөрөнгийн эх үүсвэрийг Тавантолгойн бүлэг ордын нэг болох Зүүн Цанхийн 30 хувь дээр IPO гаргаж бүрдүүлэхээр төлөвлөсөн байв. 2019 оны эхнээс Бор тээгийн ТЭЗҮ хийгдэж, долдугаар сард нь Засгийн газрын 296 дугаар тогтоол гарч / https://legalinfo.mn/mn/detail/14577 /, “Тавантолгой майнинг” компани байгуулагдан, ажил эрчимтэй явж байв.
УУХҮЯ эндээс ямар ч байсан гурван тэрбум ам.доллар босгоно, тэр мөнгөөрөө боловсруулах үйлдвэрээ барьж, ордыг бүхэлд нь цогцоор нь ашиглаж, уурхайгаас гадна ҮТП болох эхлэлээ тавина гэж өөдрөгөөр төсөөлж байлаа. Гэтэл Засгийн газар 2020 оны зун гэнэт 146 дугаар тогтоол гаргаж, өмнөх тогтоолоо үгүйсгэн, IPO гаргах ажлыг хойшлуулчих нь тэр. Гэхдээ цогцоор нь ашиглах бодлого нь хэвээр үлдсэн. Учир битүүлэг энэ үйл явдал Бор тээг дээр МТАС буюу дунд нь Хятадын 55 хувийн эзэмшилтэй “Админерал” ХХК цохиж яваа түншлэл орж ирэх орон зай, таатай боломжийг үүсгэсэн гэж үзэж болохоор байна.
“Админерал” хэмээх гол тоглогчтой МТАС түншлэлийн тухай
Тавантолгойн бүхэл бүтэн нэг ордоо “алдаж” /яагаад ингэж дүгнэх болсныг тайлбарлана/ байж монголчууд хэнэггүй яваа нь хэвлэлүүд энэ асуудлыг хөндөхдөө ганц “Админерал”-ыг сонгож бичдэгт оршиж байна гэж дүгнэснээ эхлээд хэлье. Энэ нь “Админерал”-ын захирал Ц.Ламжав гэгчийг “Манай компани нэг ч шанага нүүрс олборлохгүй” гэх мэтээр худлаа ярихгүйгээр ард түмний “тархийг угаах” боломж олгожээ. Үнэн хэрэгтээ бол Бор тээгийг цогцоор нь ашиглах бодлогын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулсан субьект нь МТАС хэмээх түншлэл юм. Түншлэлд:
-“Админерал” ХХК /Монголын талын 45, БНХАУ-ын 55 хувийн эзэмшилтэй. 2021 оны долдугаар сард байгуулагдсан/.
-“Монголиан контракт майнинг сервис” /“Хишиг-Арвин индустриал”-ын охин компани/.
-“Спейшлмайнингсервис” ХХК /2012 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан. 2021 оны наймдугаар сарын 12-нд буюу “ЭТТ”-нд тендерт оролцохын өмнөхөн үйл ажиллагаан чиглэлдээ “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ хийх /2019.04.02 - 2022.04.02/” гэж нэмсэн байна.
-“Таван хур” ХХК /Гэрээн дээрээ “Таван хур” гэж бичигдсэн/
Энэ дөрвөн компани уул уурхайн компани, тэр тусмаа нүүрсний уурхайд явагддаг хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, олборлолт, тээвэр, борлуулалт гэсэн үндсэн таван ажлын тээврээс бусдыг хийдэг. Үндсэндээ бүх ажлыг л хийнэ гэсэн үг. Ганц “Админерал”-ыг онцлох нь Ц.Ламжав захиралд “Манай компани нэг ч шанага нүүрс олборлохгүй, нэг ширхэг ч өрөм тавихгүй” гэх мэтээр худлаа ярихгүйгээр “тархи угаах” боломж олгож байгаа юм. Гэхдээ Ц.Ламжавын ярианд дотор худал хуурмагууд, түүнчлэн сэтгүүлч асуулгүй өнгөрүүлсэн зүйлс бий. Жишээлбэл, “Админерал” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас зарласан тендерт байхгүй, шалгарсныхаа дараа тус компанитай байгуулсан гэрээний нүүрний хуудаст ч байхгүй, шууд гэрээний зүйл заалт болгож /7.63/ оруулж ирсэн “Худалдан борлуулах” үүргийг хүлээж байгаа.
Тендерт хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэх гэж бичсэн. Харин гэрээнд худалдан борлуулах үүргийг нэмжээ.
Тиймээс Бор тээгийн асуудлыг харахдаа ганц “Админерал” ХХК биш, “МТАС түншлэл” гэж томоор харах нь зүйтэй. Тэд Бор тээгийн уурхайд тээврээс бусад ажлыг хувааж хийнэ, борлуулалтыг нь ч хийнэ.
МТАС-ын оролцогчид ажлаа доорх байдлаар хувааж авчээ.
А “Монголиан констракт майнинг сервис”-Хөрс хуулалт, нүүрс олборлолт 70 хувь, түүхий болон баяжуулсан нүүрс худалдаа 30 хувь,
Б “Таван хур” Хөрс хуулалт, нүүрс олборлолт 30 хувь, түүхий болон баяжуулсан нүүрс худалдаа 10 хувь
В “Админерал” Нүүрс баяжуулалт 100 хувь, түүхий болон баяжуулсан нүүрс худалдаа 60 хувь
Г “Спейшлмайнингсервис” өрөмдлөг тэсэлгээ 100.
Тэгэхээр, МТАС түншлэл нэгэнтээ л Бортээг дээр хийгдэх бүх ажлыг хийх юм бол “Эрдэнэс Тавантолгой”-н үүрэг хаана байна? МТАС түншлэл Бортээгийг “авсан” гэж, “Админерал” гол тоглогч нь гэж бичсэн нь ийм учиртай. Тендерт ганцаараа орж ирсэн гэсэн шиг ингэж эрх ямба эдлэх болсон нь Бортээгийн уурхайн тендер анхнаасаа тэдэнд зориулагдсан байж болзошгүй гэж хардахад хүргэж байгаа юм. Ингэж хардах сэжүүрүүд бий.
Зарлагдахаасаа өмнө ялагч нь тодорсон байж болзошгүй тендер
Бор тээгийн ордод МТАС түншлэл ажиллах болсон түүх нь сонин. Эргэлзээтэй зүйл их бий. Өмнө бичсэнчлэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК ордыг цогцоор нь ашиглах бодлогынхоо хүрээнд Бор тээгийн гэрээт олборлогчийн тендерийг зарлахдаа тээврээс бусдыг нь оруулж, оролцогчдыг түншлэл байхаас аргагүй байдлыг тулгасан. Харин боловсруулалт хийх гэсэн шаардлага нь түншлэлийн гол цөм нь боловсруулах үйлдвэрийг барих компани /”Админерал”/ байх нөхцлийг бүрдүүлжээ.
“Эрдэнэс Тавантолгой” “Бортээгийн уурхайн гэрээт олборлогч” шалгаруулах тендерийг 2021 оны дөрөвдүгээр сарын 20-нд зарласан. Улмаар оролцох субьект олдохгүй байсаар байхад долдугаар сарын 9, есдүгээр сарын 16-нд ээлж дараалан зарлаж, таван сар хүрэхгүй хугацааны дотор асуудлыг шийдсэн байдаг.
“Админерал” ХХК-ийн захирал Ц.Ламжав “Эхний хоёрт нь орох газар олдоогүй, бид гурав дахид нь орж ялсан. Орох өөр газар байгаагүй” гэж ярьдаг нь ийм учиртай. Цаг хугацааны хувьд ийм “хайч” хэрэглэсэн байх магадлал байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас тавьсан "Цогцоор нь ашиглах" гэдэгт олон үүрэг багтаж байгаа учраас түншлэлүүд л оролцох боломжтой. Харин түншлэл гэдэг яриа хэлэлцээр ихтэй, тохиролцохын тулд цаг хугацаа шаарддаг. Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ боломжийг нь өгсөнгүй.
Цогцоор ашиглах тухайд, гоё сонсогддог ч өөрийн хүчээр хийхэд л ашигтай болохоос тендер зарлаж, бусдаар хийлгэж байгаа тохиолдолд компанид ашиггүй /Хөрс хуулалт, олборлолт, өрөмдлөг тэсэлгээ тус бүр дээр тендер зарлаж, хамгийн шилдгүүдийг авч ажиллуулж болох байсан гэдэг утгаараа/.
Бортээг бол 424 сая тонн нүүрсний нөөцтэй том орд. Энэ ордыг өөртөө /буюу хувь эзэмшигч монголын иргэдэд/ хамгийн ашигтай байлгах нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудын үүрэг. Гэтэл “Цогцоор нь” гэдэг гоё үгийн дор бүх ажил үйлчилгээг нэгтгэсэн нь бусад ААН-үүдийн өрсөлдөх чадварыг хаажээ. Энэ нь тендерийг захиалгатай буюу ялагч нь урьдаас тодорсон байх магадлалтай гэж үзэх үндэслэл мөн. Бортээг дээр IPO гаргадаггүй юм гэхэд, өрөмдлөг тэсэлгээ, хөрс хуулалт, олборлолт, баяжуулалт тус бүр дээр нь тендер зарласан бол илүү олон компани оролцож, хамгийн шилдгүүдийг нь оруулах байсан. Тэгэхээр, “Эрдэнэс Тавантолгой”-гоос зарласан тендерийн шаардлага, давтамжийн хугацаанаасаа л компанид буюу эзэн болсон Монголын төр, монголчуудад ашиггүй байдал үүсгэжээ.
Гэхдээ, Тендерт ялж /Ганцаараа оролцсон учир ялсан гэж хэлэхэд хэцүү/, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээнд байгаа ноцтой заалтуудын хажууд энэ бага хэрэг.
Үргэлжлэл бий...
Энэ сэдвээрх өмнөх нийтлэлийг эндээс https://zuv.mn/10mp уншина уу...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.237
Osvor nasnii hovguun huchirhiilsen TUZ-iin darga Tsog-Ornokh gegch gaj dontong yag shorloh bolno.
Хариулах59.153.113.95
улаан цайндаа гараад айж эмээх зүйлгүй байжээ. өнөөдөр айж л байгаа байхдаа эрх биш
Хариулах