Барууны орнууд Украин руу цэрэг илгээж, ОХУ цөмийн дайн дэгдээх үү

Х.Батсайхан
2024/02/28

Европын улсуудын удирдагчид Парист чуулсны дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Барууны орнууд Украин руу цэрэг илгээхийг үгүйсгэх боломжгүй боллоо” гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татаад байна. 

Парисын уулзалтад Украины дараа ОХУ-ын дайралтад өртөх хамгийн өндөр магадлалтай Польш, Балтийн тэнгис орчмын улсууд, ХБНГУ-ын удирдагчдаас АНУ-аас Европын холбоонд суух дипломат төлөөлөгч Жеймс О Брайен, Британийн Гадаад харилцааны сайд Дэвид Кэмерон нар оролцсон юм.
Хурлаар хэлэлцсэн асуудлыг Э.Макрон нууцалсан ч “Цэрэг илгээх асуудлаар хэлэлцүүлэг болсон ч албан ёсны зөвшилцөлд хүрээгүй. Гэхдээ ОХУ-ыг дайнд ялуулахгүйн тулд бид шаардлагатай бүхнийг хийнэ” гэж мэдэгдсэн. Тэрбээр АНУ, ХБНГУ өмнө нь байнга үгүйсгэж ирсэн асуудлаар анх удаа албан ёсны мэдээллийн үеэр “Үгүйсгэхгүй” гэсэн хариу өгсөн нь Европын холбоо Украинд эвслийн цэрэг илгээх хувилбарыг бодитойгоор авч үзэж эхэлснийг харуулсан хэрэг болов. 

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда ч Украин руу цэрэг илгээх эсэх асуудал “Чуулганы хамгийн халуун үйл явдал” байсныг онцлоод, “Энэ удаа хэдий тохиролцоонд хүрээгүй ч ойрын үед Украинд дорвитой тусламж, ялангуяа сум өгөхөөр тохирлоо. Энэ бол бас их чухал асуудал мөн” гэжээ. Хурлаас Украинд илгээх сумыг Европын холбооны гаднаас худалдаж авах талаар тохиролцоонд хүрсэн юм байна. Голланд улс энэ зорилгоор 100 сая евро гаргана гэсэн аж. Франц мөн 40 далавчит пуужин өгөхөөр болжээ. 

Таамаглахад, эвслийн цэрэг илгээх асуудлыг Польш, Латви, Литва улсууд дэмжсэн байх магадлалтай. Учир нь тэд ОХУ-ын түрэмгийлэлд өртөх өндөр магадлалтай гэгдэж буй дөрвөн улсад /нэг нь Польш/ ордог. Дээрх улсууд бүгд дотооддоо батлан хамгаалах чадвараа сайжруулж, УАЦЭ-тэй нягт хамтран ажиллаж байна. 

Э.Макроныг мэдэгдэл хийсний дараа олон нийтийн ОХУ-ын хариу үйлдэлд анхаарлаа хандуулсан. Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр хийсэн хариу мэдэгдэлдээ “Э.Макроны мэдэгдлээс УАЦЭ-тэй шууд зэвсэгт мөргөлдөөнд хүрэхийг үгүйсгэхгүй” гэдэг нь шинэ байлаа. УАЦЭ-ийн гишүүн улсын цэргүүд Украины нутагт орж ирнэ гэдэг ОХУ-тай шууд дайсагнана гэсэн үг” гэж онцолжээ. “Цэрэг оруулах магадлал хэр өндөр бол” гэсэн асуултад “Энэ тохиолдолд мөргөлдөөнийг болзошгүй, үгүйсгэхгүй гэж биш, зайлшгүй гэдэг утгаар авч үзэх ёстой” гэж хариулсан байна. 

Сануулахад, В.Путин Украинд цэрэг оруулсныхаа дараа “Асуудалд хөндлөнгөөс оруулсан ямар ч улсад түүхэндээ хэзээ ч амсаж байгаагүй зүйлийг нь амсуулна. Бид асуудлын ямар ч өрнөлд бэлэн байна” гэж анхааруулж байсан билээ. Түүний энэ үгийг тухайн үед олон улс “Цөмийн зэвсэг хэрэглэх юм байна” гэдэг агуулгаар хүлээж авч байв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.185
    2024/02/29

    МАКРОН НАЯ ГАРСАН ЧАВГАНЦЫНХАА САЛТААРУУ ТОЛГОЙГОО ЧИХСЭЭР БАЙГААД УХААНД УХНА ҮХНЭ ГЭГЧ БОЛЖЭЭ

    Хариулах
  • 103.212.118.53
    2024/02/28

    Цөмийн дайнаа эхлүүлээ. Амьдралаас уйдаж залхаж байна.

    Хариулах