2023 оны дэлхийн мисс Кристина Пышкова гэж хэн бэ

Zuv.mn
2024/03/10

“Дэлхийн мисс 2023” шалгаруулалт болоод ялагчийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

Эхлээд шалгаруулалтын огноо зөрсөн тухай...

Одоо 2024 он болж байгаа ч өчигдөр өндөрлөсөн шалгаруулалтыг 2023 оноор огноолсон нь учиртай. Шалгаруулалт уг нь өнгөрсөн жилийн тавдугаар сард Арабын нэгдсэн Эмиратад болох ёстой байсан ч тодорхойгүй /шалтгаан хэлээгүй/ шалтгааны улмаар мөн оны арванхоёрдугаар сарын 26+-нд Энэтхэгийн Мумбайд болохоор хойшлогдсон юм. Энэтхэг улс 1996 онд Делид тус шалгаруулалтыг хүлээж авч байсан бөгөөд хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болсон. Дараа нь мөн хойшлогдсоор өнгөрсөн сараас шалгаруулалтууд нь эхэлжээ. Шалгаруулалтад 112 орны гоо бүсгүй оролцсоны дотор Монголын Б.Болор байв.

Тэмцээний сүүлийн шатанд Ливаны Ясмин Зейтун, Тринидад, Табагогийн Аче Абрахамс, Бостваны Лесего Чомбо, Чехийн Кристина Пышкова нар үлджээ. 

Ливаны мисс Ясмина Зейтун.

Ялагчийн тухай

Дэлхийн мисс Кристина Пышкова 1999 оны нэгдүгээр сарын 19-нд Чехийн Тршинцед төрсөн. Багаасаа урлагийн сургуулиар боловсорсон бөгөөд флейт, хийлийг мэргэжлийн түвшинд тоглодог. Багаасаа ардын бүжиг бүжиглэсэн. Прагийн Карловын их сургуульд суралцахаас гадна Инсбрукт MCI Management Center Innsbruck сургуульд бас давхар сурдаг аж. Англи, Польш, Словак, Герман хэлээр чөлөөтэй ярьдаг.
Сайн үйлсийн аян явуулдаг сантай, сангийнхаа шугамаар Танзанид очиж сургууль барьж байжээ. Тэр сургууль нь англи хэлний сургууль гэнэ.

 Кристина Пышкова

Тэрбээр “Дэлхийн мисс 2023” шалгаруулалтад тэргүүлснээр энх орондоо хоёр дахь титмийг авчирсан. Өмнө нь, 2006 онд Татьяна Кухаржова уг титмийг эх орондоо анх авчирч байв. 

Татьяна Кухаржова

Мөнгөн шагнал, урамшуулал...

“Дэлхийн мисс”-ээр шалгарсан бүсгүй 280,000 ам.долларын шагнал хүртдэг. Гэхдээ, гэрээний дагуу уг мөнгийг сайн үйлсийн аянд зарцуулах ёстой байдаг аж. Ялагчид гагц алмаазан шигтгээтэй цагаан алтан титэм үлдэх бөгөөд тэр нь 16,000 орчим ам.долларын үнэтэй.

 
Түүнчлэн, ялагчийн Лондонд амьдрах байрны түрээсийг нэг жилээр нь төлдөг бөгөөд энэ хугацаанд уламжлал болсон буяны үйл ажиллагаануудад оролцуулах зардлыг мөн цаанаас зохицуулдаг байна.

Эцэст нь, “Дэлхийн мисс”, “Ертөнцийн мисс” шалгаруулалтын ялгаа 

Нэр хүндийн хувьд, нэг, нэгнээсээ дутаад байх юм байхгүй. Хоёул нэгэн зэрэг буюу 1951 онд эхэлсэн. “Дэлхийн мисс” нь Лондонд, Ертөнцийн мисс нь АНУ-ын Лонг бич хотод болжээ. “Ертөнцийн мисс” шалгаруулалтыг 1996 оноос тэрбумтан Доналд Трамп эзэмших болсон. Харин “Дэлхийн мисс” шалгаруулалтын нэгээхэн хэсгийг Британийн “Сhannel 5” телесуваг эзэмшдэг байна. 

“Ертөнцийн мисс” шалгаруулалтад 18-аас дээш насны бүсгүйчүүд оролцдог бол “Дэлхийн мисс” шалгаруулалтад 17-гоос дээш насны охид орохыг зөвшөөрдгөөрөө онцлогтой. 

АНУ-ынх гэдгээрээ ч юм уу, “Ертөнцийн мисс” нь оролцогчдодоо гадаад үзэмж, бие бялдрын шалгуур тавьдаггүй, гагцхүү маш сайхан, дур булаам гоо үзэсгэлэнтэй байх л ёстой гэж үздэг. Харин англичуудын зохион байгуулдаг “Дэлхийн мисс” нь оролцогчдодоо 172 см-ээс дээш өндөртэй байхыг шаарддаг байна.
Мөн дээрх хоёр шалгаруулалт хоёулаа оролцогч бүсгүйчүүдээсээ гэрлээгүй байх, хүүхэдгүй байх, тэр бүү хэл сүй тавиагүй байх зэрэг шаардлага тавьдаг /Яг юунд хэрэгтэй юм бол... Арай?/ ажээ. 

“Ертөнцийн мисс” шалгаруулалт жил бүрийн тавдугаар сарын сүүлээр эхэлж, зургаадугаар сарыг дамнан хоёр долоо хоног үргэлжилдэг бол “Дэлхийн мисс” ихэвчлэн намар 20 хоногийн турш болдог байна.
“Дэлхийн мисс” шалгаруулалтад оролцогч нь 8,000 ам.долларын хураамж төлдөг бол “Ертөнцийн мисс”-ийн хураамж хамаагүй бага, 3,000 ам.доллар ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна