​ Кристофер Нолан: Шинжлэх ухаан, тэр дундаа физик, одон оронд багаасаа дурласан нь уран бүтээлд минь тусгалаа олсон

Х.Батсайхан
2024/03/12

Өчигдөр Лос-Анжелест өндөрлөсөн 96 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоор онцгойрч, долоон номинацид ялсан “Оппенхеймер” киноны найруулагч Кристофер Ноланы ярилцлагыг хүргэж байна. Ярилцлагыг “The Talks”-ын сэтгүүлч Патрик Хейдман авсан бөгөөд уран бүтээлчийн бага нас, хүсэл сонирхол, уран бүтээл туурвидаг төрөл жанрын сэдвийг хөнджээ.

 
-Ноён Нолан, Таны уран бүтээлүүд, тухайлбал “Интерстеллар”, “Нэр хүнд”, “Оппенхеймер” гээд бүгд шинжлэх ухааны маш тодорхой асуудлуудыг оновчтой хөндсөн байдаг. Юу таныг шинжлэх ухаанд ингэтлээ дурлуулав аа?

-Шинжлэх ухаан, тэр дундаа физик, одон орныг бүр багаасаа сонирхож эхэлсэн. Бүр жаахан байхдаа Жорж Лукасын “Оддын дайн” киног үзсэнээ санаж байна. Шинжлэх ухааны уран зөгнөлт энэ кино надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж билээ. Би бас Карл Саганы “Сансар огторгүй” нэвтрүүлгийг их үздэг байсан. Эндээс л шинжлэх ухаанд дурлаж эхэлсэн болов уу. 

Багын сонирхол минь хөтөлсөөр намайг “Интерстеллар” кинонд Нобелийн шаагналт физикч Кип Торнтой хамтарч ажиллахад хүргэсэн гэж боддог. Энэ кино маань надад том туршлага болж, шинжлэх ухааны сэдвээр гайхалтай сайн хиж болно гэдгийг ойлгуулсан.

-Кип Торн тантай “Зарчим” /”Tenet”/ кинонд бас хамтарсан бил үү?

-Тийм ээ. Миний санаа шинжлэх ухааны үүднээс алдаа мадаггүй байх тал дээр Кип надад тусалдаг юм. Яг шинжлэх ухааны үүднээс аваад үзвэл “Зарчим” “Интерстеллар”-аас ч илүү нарийн төвөгтэй байсан. “Оппенхеймер” кинондоо харин эрдэмтэд түүхэн нээлтүүдийг хийж, ирээдүйг өөрчилж байх тэр цаг үеийг үзэгчдэдээ харуулахыг зорьсон. 

Бид тэднийг харж, ажиглаж, хийж байгаа ажил нь ид шидтэй төстэй болохыг нь ойлгодог. Тэд энэ ертөнцийг одоо байгаагаас нь огт өөрөөр, бидний харж чадахгүй байдлаар харж байгаа. Квант физик, классик физик хоёр одоо ч зөрчилтэй хэвээр байна. 

-Квант физик одоо ч том оньсого хэвээр байна?

-Хамгийн агуу нууцуудын нэг. “Оппенхеймер” кинондоо би залуу Роберт Оппенхеймер Эйнштейний нээлт дээр тулгуурлан квант онолыг төсөөлөхийг оролдож байгааг үзүүлсэн. Тэр энергийн долгионыг нээж энергийг дахин бүтээж байгаа юм шиг, энэ нь бараг л ид шидийн, ер бусын утгатай. Энэ бол жанрын үүднээс авч үзвэл үнэхээр гайхалтай мөч юм. 

Та энэ киног үзэхдээ шинжлэх ухаанчаар яг юу болж байгааг ойлгох албагүй, харин маш их догдолж байх ёстой. Оппенхаймер өөрөө шидтэн шиг ажилладаг. Тиймээс киноны бүх драмын элементүүдийн үндэс нь шинжлэх ухаан гэж би боддог.

-Эдгээр гайхалтай элементүүдийг та өөрийн дуртай арга болох шугаман бус өгүүлэмждээ хэрхэн тусгадаг нь анхаарал татаж байна?

-Шугаман бус өгүүлэмжийг байнга биш, миний санааг хамгийн зөв тусгана гэж бодсон үедээ л ашигладаг юм. Оппенхеймерийн тухайд, би үзэгчдэд энэ хүний амьдралыг бүхий л талаас нь ойлгуулахын тулд түүнтэй хамт амьдрах боломж өгөхийг хичээсэн. Үүнийг хийх хамгийн оновчтой арга нь уламжлалт арга барилтай зууралдахаас илүү өөр өнцгөөс харах чухал юм. Үр дүнд нь та түүний амьдралын олон талыг өөр, өөр цаг хугацаанд харж, Оппенхеймер гэж хэн болох, цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг харах боломжтой болно.

-Тэгэхээр, киноны энэ бүтэц нь зохиолын салшгүй хэсэг гэсэн үг үү 

-Тийм. Ер нь би зохиолынхоо бүтцийг сайн ойлгох хүртлээ зохиол бичиж эхэлдэггүй. Түүхийг өгүүлэх хэлбэрүүдээс кино хамгийн консерватив нь байж магадгүй. Жүжиг, киноны зохиол ихэнхдээ шугаман өгүүлэмжтэй байдаг ч зохиолчийг хэн ч шүүмжилдэггүй. Үүнд телевизийн нөлөө орсон байж ч магадгүй, яагаад гэвэл энэ хэлбэр телевизийн форматад илүү тохирдог. Би харин өгүүлэхийг, харуулахыг хүссэн түүхдээ хамгийн сайн тохирох аргыг л сонгож ашигладаг.

-"Оппенхеймер" маш богино хугацаанд буюу 57 хоногт л зураг авалтаа дуусгасан?

-Тийм. Хугацаа богино байсан. Гэсэн ч хүн хүчний боломж бололцоо, санхүүгийн хязгаарлагдмал нөөцөөс үл шалтгаалаад маш том ажлуудыг хийсэн гэж боддог. Лос Аламос хотыг шинээр босгосон. 

Дээр нь, миний ойлгож авсан нэг юм нь, зураг авалтын хугацаа нь давчуу, ажил хэрэг хурдтай урагшлах нь онцгой уур амьсгалыг бий болгодог гэдгийг олж мэдсэн. Жүжигчид хариуцлагатай, зураг авалтын талбайдаа жин тан болчхоод ирдэг. Дүрээ нухацтай судалж, үнэхээр сайн ажилласан. Үүний ачаар л зураг авалт шуурхай явсан.

-Үйл явц хурдан өрнөх нь таны арга барилтай зөрчилдөөгүй юу?

-Үзэгдлүүдийг маш жижиг хэсгүүдэд хуваадаг кинонууд байдаг тул жүжигчид эдгээр хязгаарлалтын хүрээнд ажиллах ёстой гэж хэлэх гэсэн юм. “Оппенхеймер”-ийн тухайд бол, гол хөдөлгөгч хүч нь зураг авалтад оролцож буй хүмүүсийн эрч хүч, тэдний арга барил байсан юм шиг санагдаж байгаа. Тиймээс миний хийх ёстой зүйл бол камераа зөв чиглүүлэх л байлаа. Тэд өөрсдөө юу хийхээ мэддэг байсан.


-Жүжигчид бүгд ногдсон дүрээ гайхалтай гаргасан гэхээр, та сонголтоо маш сайн хийжээ?

-Зохиол бичихдээ би жүжигчдийн тухай бодохгүй байхыг хичээдэг. Хэрвээ хэн нэгнийг дотроо бодоод төсөөлчих юм бол үйл явдалдаа сайн төвлөрч чадахгүй гэж боддог юм. Тийм ч учраас би зохиолдоо тодорхой нэг жүжигчинтэй холбоогүй, тэр тусмаа Оппенхаймер шиг бодит дүрийн хувьд илүү тусгаарлагдсан дүр бичихийг хичээдэг. 

Хэрхэн кино болох вэ, хэнийг урьж тоглуулах вэ гэдэг талаар огт боддоггүй. Дуусгасныхаа дараа бол мэдээж, хэнд энэ дүр тохирох вэ гэж бодно л доо. Жишээ нь, “Миний кинонд Киллиан тоглох ёстой” гэдгийг ойлгосон. Найз Киллиан Мерфитэйгээ танилцаад бараг 20 жил болж байна. Анх "Бэтмэн" кинон дээр ажиллаж танилцаж байсан. Килиан бол гайхалтай авьяастай, гайхалтай жүжигчин, тийм ч учраас би түүнийг гол дүрд тоглуулсан.

-Та киногоороо яг юуг илэрхийлэхийг хүссэн бэ?

-Аливаа зохиол нь зохиогчийн субъектив үзэл бодол юм. Үзэгчид киноны үйл явдлыг Оппенхаймерын нүдээр мэдрээсэй, түүний талаар таамаг дэвшүүлэхээсээ илүү түүний бодол санаа, юу бодож байсныг ойлгохыг хичээгээсэй гэж хүсч байна. Иймээс Оппенхаймер гэж хэн байсан, яагаад ийм зүйл хийснийг ойлгох нь надад маш чухал бөгөөд эцэст нь үзэгчдэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхийг хүссэн. Үзэгчид үзсэн бүхнээ дахин тунгаан бодож, эргэцүүлээсэй гэж хүсэж байна.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.119
    2024/03/12

    Галактик мод шиг бүтэцтэй байх

    Хариулах
    • 83.20.226.239
      2024/03/13

      Эвий эвий. Ном сайн уншаа