Наталья Рогожкина: Андрей надад сонголт үлдээгээгүй

Х.Батсайхан
2024/03/18

Бригада” киноны Владимир Каверины дүрээр монголчуудын танил болсон ОХУ-ын Гавьяат жүжигчин Андрей Панин учир битүүлгээр нас барснаас хойш 11 жил өнгөрчээ. Түүнийг нас барсан талаарх мэдээлэл анх олон нийтэд хүрэхдээ “Тархиндаа хүнд гэмтэлтэй байсан” гэсэн тодотголтой тарж, урлагт хайртай хүмүүсийн сэтгэлийг сэртхийлгэсэн байдаг. Гэвч сүүлд нь "Зүрхний шигдээс" гэсэн дүгнэлтийг шүүх эмч нар хийж, энэ нь "Ямар нэг байдлаар гаднын нөлөөнд автсан" гэсэн мөнхийг эргэлзээг төрүүлж орхисон билээ. 

Тэрээр жүжигчдээс Владислав Галкинтай дотно нөхөрлөдөг байсан бөгөөд найзууд хоёр жилийн зайтай энэ ертөнцийг орхицгоосон юм. 

Бид А.Панин агсны эхнэр Наталья Рогожинагийн “7 дней” цахим сонинд өгсөн нэгэн ярилцлагыг нь орчуулан хүргэж байна. Ярилцлагыг жүжигчнийг өнгөрөхөөс өмнөхөн авчээ. Тиймээс бага зэрэг буруутгасан аястай байна. 

“Андрей бид хоёр 18 жил хамт амьдарчээ. Харилцаа маань ч жинхэнэ америк маягийнх байлаа. Үнэндээ бол бид ёстой огт өөр хүмүүс шүү дээ. Эсрэг тэсрэг туйлууд байсан юм. Харин жүжигчин гэдэг завгүй ажилтай байсан тулдаа л ийм удаан амьдрах аз тохиосон гэж боддог. Өдөржин ажилтай явсаар орой гэртээ л уулзалдана. Уйдах ч завгүй байцгаадаг байлаа. Ямар нэг зүйлийн талаар санал бодлоо солилцох боломж хомс. Задлан шинжилгээ хийж, үзэл бодлоо хуваалцах нь ч цөөхөн. Нэгнийгээ өөр хэн нэгнээр солих ч завгүй явцгаасан даа”. Наталья бүсгүй яриагаа ингэж эхэлжээ.

-Нөхрийнхөө тухай яриач?

-Биднийг анх танилцахад Андрей 32-той, би 19-тэй байлаа. Би жаахан охин, тэр нас бие гүйцсэн эр хүн байсан. Миний хувьд тэр биеэ даасан бүхэл бүтэн ертөнц мэт санагддаг байлаа. Гэвч үнэндээ эмх замбараагүй хүн байсан юм. 


Хүн амьдралд маань байнга орж ирээд, инээлгээд, баяр баясгалан төрүүлээд байхаар өөрийн эрхгүй "Хувь заяаны бэлэг" гэж боддог юм билээ. Ер нь ч хүмүүс хамт амьдраагүй байхдаа ийм л байдаг биз. Гэвч хамт амьдраад ирэхээр өөр муу чанарууд нь илэрч эхэлдэг. Хоёулаа хоосон дүр гаргадаг байсан нь илэрнэ. Ингээд л хамгаалалт, довтолгоо, бэхлэлт эхэлнэ дээ...

-Та Андрейтэй яаж танилцсан юм бэ?

-Намайг МХАТ-д сурч байхад Э.Брусниковын урилгаар манай курсийнхэнд «Бальзаминовын хурим» жүжгийг давтуулахаар ирсэн юм. Миний бодлоор бол, ямар ч оюутан түүн шиг хүнийг анхаарахгүй орхихгүй байсан. Анхны харцаар дурлаагүй ч гэсэн би татагдсан. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, байнга л ямар нэг, юм ярьж, сургуулийн захиргаагаар гүйж явдаг. 

Харилцааны хувьд би түүнээс онцын зүйл анзаараагүй, харин... эр хүний анхааралд нь би өртчихсөн. Үсний минь хурц өнгө түүний нүдийг булаасан байх гэж боддог. Гуравдугаар курст байхад «Ундина» жүжгийн голд дүрд тоглох боломж гарч, Андрей надад тусалж... Бид дахиад л харц мөргөлдөх нь тэр дээ. Түүний авьяас надад үнэхээр сэтгэгдэл төрүүлсэн.

-Тэгээд л та татагдсан хэрэг үү?

-Ямар нэг гайхалтай тохиолдлоор тэр надаас салахгүй байсан. Ширээнд суухад ч, хүлээн авалтад оролцоход ч.. өөр бас хаа нэгэн газар гээд л. Энэ тохиолдлынх биш байсан гэдгийг одоо би ойлгож байна. Миний оюутан найзуудтай нь бүгдтэй нь танил, хөнгөхөн ярьчихна, хөгжилдөж, архи ч уучихдаг байсан. Тэр үед би хэчнээн их инээдэг байсан гээч. Ерөнхийдөө тэр надад сонголт үлдээгээгүй. Би дурласан. Үхтлээ... 

-Түүнд бас гэнэтийн бэлэг барих өөр чадвар байдаг гэж сонссон?

-Төрсөн өдрөөр сарнай бэлэглэнэ. Нэг хачин үхэх гэж байгаа сарнай бэлэглээд үгээрээ намайг тэр сарнайг бүтэн сар арчилж тордохоос өөр аргагүй байдалд хүргэдэг байлаа. Бас гайхалтай зурна. Хэрвээ жүжигчин болоогүй бол тэр маш авьяаслаг зураач болох байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Ертөнцийг огт өөр өнцгөөс нь цаасан дээр буулгадаг байсан юм. Би хурдан дурлаагүй, гэхдээ удаан ч гэсэн бүрэн уусаж, энэ хүнгүйгээр амьдарч чадахаа больсон байлаа. 

-Тэгээд яг хэзээ жинхэнэ хосууд болсон юм бэ. Дээд сургуульд уу, хожим нь уу?

-/Бодов/. Бид хэзээ хосууд болсон бэ гэж үү. Мартжээ. Төрсөн өдөр болох үед бид хосууд болчихсон байсан гэдгийг л санаж байна. Миний сэтгэлд эзэлдэг Андрейн байр суурь маш өргөн хүрээтэй байлаа. Эр хүний хувьд ч, жүжигчний хувьд ч, удирдагчийн хувьд ч... Амьдрал маань Андрейтэй учрахаас өмнө, хойно гэсэн хоёр хэсэгт хуваагдчихсан байсан. 

-Тэгвэл одоо шалгая л даа. Та дунд сургуульд учирсан анхны хайраа санаж байна уу?

-Дунд сургуульд байхдаа хэн нэгэнд дурлаж байснаа үгүйсгэхгүй. Гэвч найз охид маань бүгд надаас царайлаг байсан болохоор би амжилт олж байгаагүй ээ. Мэдээж хөвгүүд намайг анхаарахгүй орхидоггүй байсан л даа. Харин ч байнга анхаардаг байсан юм. Татаж чангаана, “шар” гэнэ, шоолно. Товчхондоо тэдний анхаарал миний хүсэж байснаас арай өөр байсан юм. 

-Гэхдээ л та түүнээс өөр хүнтэй “найзлах” болсон шүү дээ?

-Гэр бүлийн амьдрал маань миний багадаа мөрөөдөж байснаас огт өөрөөр эргэсэн. А.Панинтай учрахаасаа өмнө аав шигээ хүнийг төсөөлж байж. Амьдрал дээр Андрей намайг байнга сургахыг оролдсон. Ийм байдал удаан үргэлжлээд ирэхээр сэтгэл үнэхээр холддог юм билээ. 

Тэр надад ялангуяа мэргэжлийн талын зөвлөгөө өгөхийг оролдоно, харин би бүгдийг эсрэгээр нь хийдэг байв. Бага байхад аав нь түүнийг айлгасан юм билээ. Гэтэл яагаад ч юм тэр айдсаасаа таашаалыг мэдэрчихсэн. Байнга л айлгахыг оролддог байсан. Нэг удаа гэртээ ганцаараа байхад минь сэмхэн орж ирээд ардаас гэнэт цочоож байсныг нь санаж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна