Г.Нямсүрэн: Монголын төр хүмүүсээ хайрлаж, амьдралыг нь сайжруулж, додомдож авахгүй бол нэг л өдөр тэсрэхэд бэлэн болсон байна

Х.Батсайхан
2024/05/02

Монгол хүн соёл уламжлалтайгаа зөрчилдсөн, монгол хүнээс гарамгүй үйлдэл хийж байгаа талаарх мэдээллүүд олон нийтийг түгшээх болсон билээ. Бид энэ байдлын нөхцөл шалтгааныг эрэлхийлэхээр сэтгэл судлалын ухааны доктор /Ph.D/ Г.Нямсүрэнтэй ярилцлаа.

-Монголчууд нийтээрээ сэтгэл гутрал хэмээх гамшигт дарлуулах болсон талаар ярьж бичих боллоо. СЭМҮТ, ДЭМБ-аас “Монголд гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн өөрчлөлттэй байна гэсэн судалгаа гаргасан байхыг харсан. Энэ таагүй байдлын шалтгаан нь юу вэ?

-Хүний сэтгэцийг эмгэг өөрчлөлтөд хүргэдэг олон шалтгаан бий. Гэр бүлийн маргаан, хардалт, гэр бүл салалт, архидалт, хүүхдийн буруу хүмүүжил гэх мэт. Монголчуудын тухайд энэ шалтгаанууд нэг хүн дээр хэтэрхий олноороо тулгарснаас болж сэтгэцийн өөрчлөлттэй болж байна. Сэтгэцийн өөрчлөлт харилцааны ёс зүйг алдагдуулна, харилцааны ёс зүй алдагдсанаас нийгэмд уур бухимдал бий болно. Гайгүй ёс зүй, төлөвшилтэй нэгнийг нийтээрээ уруу татаж, уусгана. Энэ бүхний цаад шалтгаан нь гэвэл ерөөсөө л амьдралын чанар, орлого байж байдаг.

Ямар хүнийг сэтгэцийн хувьд эрүүл хүн гэх вэ гэдэг тодорхойлолт бий. Түүнд “Бие махбодийн хувьд эрүүл өвчин зовлонгүй, сэтгэл санааны хувьд амар амгалан, нийгэмд эзлэх байр суурьтай, дасан зохицох чадвартай хүнийг эрүүл гэнэ” гэж тодорхойлсон. Тэгвэл монголчуудын маань хэдэн хувь нь өнөөдөр энэ тодорхойлолтод тохирч байна вэ гээд судалбал маш харамсмаар тоо гарч ирэх магадлалтай. Нэмээд хэлэхэд, энэ бүх бэрхшээлүүд нь хүний заяагдмал эрх, заяагдмал хэрэгцээнээс хулгайлж байдаг юм.

-Заяагдмал хэрэгцээ гэж юу вэ?

-Монголчууд маань нэг нэгэндээ санаа тавьж чадахгүй байна. Харилцаж чадахгүй байна. Хайрлуулж чадахгүй байна. Хайрлаж чадахгүй байна. Энэ бүгд чинь хүнд байгалиас заяагдсан хэрэгцээ. Энэ хэрэгцээгээ хангаж чадахгүй  байх нь сэтгэцийн өөрчлөлтөд хүргэдэг. Хайртай хүмүүстээ тусалж чадахгүй байх нь зарим хүний хувьд өөрөө дутуу, гуцуу амьдарч байгаагаас нь илүү зовлон болж, сэтгэлийг нь шархлуулж, сэтгэлзүйг нь гэмтээдэг тохиолдол ч бий.

Би өөрөө сэтгэл судлаач хүний хувьд шалтгааныг нь олох гэж хичээдэг, сэтгэл зовдог. Хүний хөгжилд бие, биетэйгээ харилцан уялддаг удамшил, орчин, сургалт, өөрийн ухамсар гэсэн дөрвөн хүчин зүйл хамгийн ихээр нөлөөлдөг юм. Үүнд хүний хөгжлийг эхийн хэвлийд байхаас эхэлж тооцдог, ээж хайрын хэрэгцээтэй бол хүүхэд мөн бүрэн дүүрэн бойжиж чаддаггүй гэх мэт энгийн ойлголт юм.

-Яавал энэ байдал засагдах вэ?

-Шалтгааныг олж засаж байж л эмчлэгдэнэ. Өнөөдрийн Монголын хувьд сэтгэл зовоосон гол асуудал нь ажилгүйдэл, ядуурал. Иргэдээ гэдэс цатгалан, мөр бүтэн, боловсролдоо мөнгө зарцуулчихдаг болгочихвол үр дүн нь тэр дороо л мэдрэгдэнэ. Гэвч Монгол Улс одоогоор хүндээ хандсан, хүнээ анхаарсан бодлого явуулаагүй байна.

Би боловсролын салбарын хүн учир энэ салбар дээрээ ярья. Өнөөдөр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын төвшинд хүртээмж маш муу, анги танхим хүрэлцэхгүй байна. Дээд боловсролын төвшинд гэвэл улсаас мөнгө зарахгүй байна. Бараг бүх зардлаа оюутны нуруун дээр тохчихсон учраас сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдэж байна. Иргэд үр хүүхдээ сургахын тулд зээл авч, эдийн засгийн дарамтад орж байна. Энэ байдлыг өөрчилж, дээд боловсролд хөрөнгө зарах цаг болсон.

Оюутнуудтай ажилладаг хүн болохоор энэ бүхнийг илүү сайн мэдэрдэг. Оюутнуудын чанар жилээс жилд л муудаад байна. Гаднаас нь харахад эрүүл хүнтэй ажиллаж байгаа юм шиг мөртлөө цаанаа асуудалтай байдаг. Биеийн хөгжил дутуу байна. Сэтгэлзүйн ганц хоёр сорил тавиад үзэхэд л маш их асуудалтай байдаг нь мэдрэгддэг.

Монголчуудын сэтгэлзүй үнэхээр сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн гэдэг үнэн. Одоо энэ хүмүүсээ хайрлаж, амьдралыг нь сайжруулж, додомдож авахгүй бол нэг л өдөр тэсрэхэд бэлэн болсон байна. 30 жилийн зовлон зүдгүүр, амьдрахын төлөөх их тэмцэл, тэмцээд ч амжилтад хүрэхгүй гарцгүй байдал хүмүүсийг ийм болгосон байна.  

-Яагаад ийм байдалд хүрчихэв?

-Бид өнгөрсөн 30 жилд эдийн засгийн өсөлтөд гол анхаарлаа хандуулаад өөр чухал асуудлуудыг орхигдуулсан. Улстөрчид эдийн засаг өслөө гээд сайхан, сайхан зүйл ярьдаг. Гэтэл энэ өсөлттэй зэрэгцээд эсрэг таван өсөлт бас явж байдаг. Ажилгүй, үндэс угсаагүй, тэгш бус, ирээдүйгүй, дуу хоолойгүй гэж. Эдгээрээс хамгийн аймшигтай нь үндэс угсаагүй буюу монгол хүний өөрийн чанар алдагдах явдал юм. Энийг монгол хүн монгол хүнийхээ шинж чанарыг зугуухнаар алдахыг хэлж байна гэж ойлгож болно. Бие махбодийн хувьд ч оюун санааны хувьд ч доройтож байна.

Энэ эсрэг таван өсөлтийг зогсоох асуудалд илүү анхаарал хандуулж ажиллахгүй бол оройтох нь. Эдийн засаг, улс төрөөс ч чухал эрх ашиг бол монгол хүн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна