Дэлхий дээр гарч байгаа бүх мэдээллийн 70 хувь нь АНУ-Английн гаралтай байдаг гэсэн яриа бий. Тэгвэл тэрхүү мэдээллийн аварга зах зээл болох АНУ-д “The Wall Street Journal” , “The New York Times” гэсэн хоёр аварга загас ноёрхлоо тогтоожээ. Энэ удаа бид “Нью Йорк таймс”-ынх нь талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Тус сонин одоогоос 173 жилийн өмнө буюу 1851 оны есдүгээр сарын 18-ны өдөр анхны дугаараа гаргаж байжээ. Эхэн үедээ АНУ-ын бүх л сонины нийтлэг жишгээр, агуулга, түгээлтийн хувьд орон нутгийн хэмжээнд байснаа аажмаар бүс нутаг, үндэсний хэмжээний хэвлэл болж, улмаар дэлхийн өнцөг булан бүрт салбараа нээсэн байна. Одоо хэвлэлтийн тоогоороо АНУ-даа The Wall Street Journal –ын дараа хоёрдугаарт, дэлхийд 39-дүгээрт бичигддэг байна. Сонины цахим хуудас нь хамгийн өндөр хандалттай мэдээний сайтын тоонд ордог бөгөөд өдөрт дунджаар 30 сая хэрэглэгч ханддаг гэсэн судалгаа байдаг байна. Сонин нь “Бүх л мэдээллийг хэвлэнэ” гэдэг уриатай байдгаас улбаалж, цахим хуудас нь “Бидэнд мэдээлэл байна, та дарж уншина уу” гэсэн уриатай ажээ.
1970-аад оноос сонин нийтлэлийн бодлого, сонины бүтцээ өргөжүүлж, энгийн мэдээллээс гадна спорт, редакцийн нийтлэл зэргээс бүтсэн долоо хоног тутмын дугаарыг хавсаргах болсон байна. Хожим энэхүү хавсралтууд нь “Мэдээ, мэдээлэл”, “Бизнес”, “Спорт”, “Урлаг”, “Хэв маяг”, “Гэр ахуй”, “Нью Йоркийн мэдээ” гэсэн тусдлаа сонин болон салбарлажээ. Эдгээр нь бүгд найман нүүртэй, өргөн форматаар олон жилийн турш хэвлэгджээ. “Нью Йорк таймс” уламжлалт хэв маягаа хадгалдаг, хуучинсаг хэвлэл гэдгээрээ бусдаас ялгардаг. Бусад хэвлэлүүд нарийн форматад шилжчихээд байхад өргөн форматаа хадгалсаар байсан бөгөөд нэгдүгээр нүүртээ өнгөт гэрэл зураг хэвлэлхийг удтал татгалзаж байв. “Нью Йорк таймс”-ын 1997 оны аравдугаар сарын 16-ны дугаарт л анх удаа нэгдүгээр нүүртээ өнгөт зураг нийтэлж байжээ. Ингэснээр тус сонин нэгдүгээр нүүртээ өнгөт гэрэл зураг тавьсан хамгийн сүүлчийн сонинуудын нэг болсон юм. Мөн өргөн форматаа саяхныг хүртэл хадгалж байв.
“Нью Йорк таймс”-ын синдикат буюу бүлэглэлийн цар хүрээ асар өргөн гэдгээрээ алдартай.
Синдикат гэдэг нь тодорхой бизнесийн зорилгоор, эсвэл нийтлэг ашиг сонирхлоор хамтарч үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс, компани, групп, аж ахуйн нэгжүүдийн бүлэг буюу нэгдлийг хэлдэг. “Нью Йорк таймс”-ын синдикат нь яг сониноо эрхлэн гаргадаг “Нью Йорк таймс” компаниас гадна зөвхөн АНУ-д 20 компани, Канадад үйл ажиллагаа явуулдаг “New York Times Canada Ltd”, Бразилд үйл ажиллагаа эрхэлдэг “NYT Administradora de Bens e Servicos Ltda” Их Британид “New York Times Limited” гэх мэтээр дэлхийн 16 улсад үйл ажиллагаа эрхэлдэг салбар компаниуд багтдаг. Азийн Хятад, Энэтхэг, Сингапур, Хонконг, Европын Франц, Швейцарь, Голланд Австри, Итали, Грек, ойрхи Дорнодын Израиль, Өмнөд Америкийн Бразил, Хойд Америкийн Канад, ногоон тив Австрали гээд үлэмж өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ Грек, Израль дахь компаниудын л 50 хувийг эзэмшдэг бөгөөд бусдыг нь 100 хувь эзэмшдэг ажээ. ОХУ-д хоёр ч удаа салбараа байгуулж байв.
Нью Йорк таймс олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан асуудлыг олж, газар дээрээс нь үнэн бодит мэдээллийг хүргэхийг эрмэлздэг бөгөөд энэ зорилгоо нэр төртэй биелүүлж ирсэн байдаг. “Нью Йорк таймс”-ын сэтгүүлч, сурвалжлагч, гэрэл зурагчид Сэтгүүлзүйн хамгийн нэр хүндтэй шагнал гэгддэг Пулитцерын шагналын эзнээр 130 шахам тодорч байсан нь өөр ямар ч сонины хүрээгүй амжилтад хүрчээ. Уржигдар болсон 2023 оны шалгаруулалтад ч "Нью Йорк таймс"-ынхан гурван ч төрөлд тэргүүлэн шагналын эзэд болцгоосон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна