"Оюутолгойг хятадуудад өгөх нь" гэх мэдээлэл Засгийн газар, "Рио Тинто"-гийн хэлэлцээрт нөлөөлөхгүй

Zuv.mn
2 цаг 44 минутын өмнө

-Зээлийн гэрээний одоогийн нөхцлийг зөвшөөрснөөс хятадуудтай хэлцэл хийсэн нь илүү дээр байж мэднэ-

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудал, "Онтрэ"-гийн лицензийн асуудлаар монголчууд Рио Тинто талтай ирэх даваа гаригаас эхлэн хэлэлцээр хийх гэж байна. Тэгвэл Оюутолгойтой холбоотой гэрээ хэлэлцээр болохоор явдаг ээлжит мэдээлэл гадны сайтуудаар явлаа. Яг хэлэлцээр, яриа хэлцлийн өмнө явдаг тэр л агуулгаараа Рио Тинто Оюу толгойг хятадуудад өгч магадгүй гэсэн мэдээлэл цацагдав.

 Гэхдээ энэ удаад "Рио Тинто" Монголын Оюутолгой эсвэл Шинэ Гвинейд байдаг төмрийн хүдрийн Симанду уурхайг өгөөд оронд нь Рио Тинтогийн 11 хүртэлх хувийн хувьцаагаа өгч авалцах хувилбарыг ярьж байгаа ажээ гэсэн утга бүхий мэдээлэл түгээлээ. Энэхүү төмрийн хүдрийн төслийн 75 хувь нь хятадуудын мэдэлд байдаг бөгөөд өмнө нь 2016 онд тэдний арилжааны хэлцэл бүтэлгүйтэж байсан аж.

 Мөн бас нэг солилцооны хувилбар байгаа нь титаны бизнес гэнэ. Энэ удаагийн мэдээнд хувьцаа ба солилцоо гэсэн агуулга байгаа ч гол зорилго нь монголчуудад та нар аятайхан байхгүй бол бид өөрсдийн хувь хэмжээгээ хятадуудад өгчихнө шүү, тэгээд та нар мөнхийн дайсан хятадтайгаа үзэлцээрэй гэсэн санаа байгааг олон жил энэ мессэжээр “зодуулж” байгаа бид мэдэхгүй гээд яах билээ. Сүүлийн үед гадны мэдээ болгонд итгэхээ больчихоод байгааг ч хэлэх үү. Монголчууд баялгаа хятадуудтай хуваалцана гэхээс ямар ч ашиггүй гэрээний нөхцөлийг зөвшөөрнө гэж тооцоолж байх шиг байна. 

Гэвч бид "Рио Тинто"-гийн нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа гэдгийг тооцохгүй байх шиг. 

"Рио Тинто"-гийн ирээдүйг шийдэх гол орд нь одоо Оюутолгой болчихоод байгаа. Тэдэнд Оюутолгойгоос салах төлөвлөгөө огцтхон ч байхгүй. Харин ч "Гленкор"-той нэгдэж, тэсэж үлдэх төлөвлөгөө боловсруулаад буй. 

Харин Монголын хувьд, яг үнэндээ "Рио Тинто" гэрээний одоогийн нөхцлийг өөрчлөхгүй гэвэл дэлхийн хэмжээний том ордоо өгөөд ашиггүй үлдсэнээс хятадуудад өгөхийг нь зөвшөөрөөд төр зэсгийн түвшинд өндөр түвшний ойлголцолтой байгаа хятатуудтай хэлцэл хийсэн нь илүү дээр ч байж мэднэ. 

Ер нь Оюутолгойн асуудлаар монголчууд өөрсдийнхөө нөхцөл байдлыг сайжруулах тухай ярихаар яг ийм агуулгатай мэдээнүүд цацагддаг. Бас яг гэрээнд өөрчлөлт оруулах жил болохоор л Монголын улс төр бужигнадаг гэдгийг хүмүүс анзаараад сошиалд шуугиж байна. Бүр цаашлаад Оюутолгойг хаа, зогсоо гэсэн эсэргүүнүүдийг өөрсдөө гаргаж ирээд утгагүй болгодог арга ч байдаг.

Аргыг нь мэдчихээр нөлөөлөл буурна. Гэрэл цохичихсон ийм аргынхаа оронд олон улсад бизнесийн зарчмаар гэрээ хэлцэлдээ талуудын эрх ашгийг яаж хангадаг тэр зарчмаараа хэлэлцээрээ хийчихбэл хаа хаанаа амар л даа. Бас улстөрчдөд нөлөөлж, өөрсдөдөө ашигтай заалт нөхцөл бий болгохын оронд монголчуудад өгөөж нь ирэх талаас нь хамтраад ажиллавал энэ төслийн наслалтад ч тустай. Сүүлийн өдрүүдэд тагнуулын байгууллагаас Оюутолгойн худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан тушаалтныг баривчилсан мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. 

Нэг сургуулийнхан, нэг компанийн гэсэн бүлэглэл энэ байгууллагад газар авч, ямар ч хяналт байхгүй зардал байнга өсч монголчуудад ирэх өгөөж багассаар ирсэн асуудалд ч хэлэлцээрт орохоор ирж байгаа Рио Тинтогийн албаны хүмүүс хариулт өгөх ёстой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна