Монгол Улсын Хөгжлийн банк Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, Аж Үйлдвэр, Эрчим Хүчний яамны харьяа байгууллага болох K-Sure корпорацтай өнөөдөр (2024.08.26) Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийг үзэглэснээр экспортыг дэмжсэн санхүүжилтээс гадна хүлэмжийн хийн ялгарал багатай эрчим хүчний эх үүсвэр болон нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн зээл, хөгжлийн төслүүдийг хамтран санхүүжүүлэх ажлын эхлэл тавигдаж байна.
Тодруулбал, Монгол, Солонгосын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эн тэргүүнд Засгийн газрын бодлогоор хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдол бүхий ашигт малтмал, хүлэмжийн хийн ялгарал багатай эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбоотой зээлийн үйлчилгээ, уул уурхай болон хоёр талын нийтлэг сонирхолд нийцсэн бусад салбарт хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ.
Түүнчлэн Хөгжлийн банк K-Sure корпорацын даатгалтайгаар БНСУ-ын зах зээлээс хямд өртөг бүхий санхүүжилтийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх боломж бүрдэж байна. Тодруулбал, манай улсад хэрэгжиж буй хөгжлийн төсөлд тус улсын аж ахуйн нэгж гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлд Хөгжлийн банк нь БНСУ-аас тухайн санхүүжилтийн эх үүсвэрийг, даатгалтайгаар татан төвлөрүүлэх таатай нөхцөл бий болох юм.
K-Sure корпорац нь 1992 оноос хойг тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй, худалдааны зээл, тоног төхөөрөмж, технологи худалдан авахад урт хугацааны даатгал хийдэг байгууллага юм. Өнгөрсөн жил буюу 2023 онд л гэхэд тус корпорац 244 их наяд вонын даатгал гаргасан нь түүхэн дээд үзүүлэлт нь болжээ. Энэхүү байгууллагатай Хөгжлийн банк хамтран ажилласнаар цаашид эксим банкны үүргээ биелүүлэн ажиллахад түлхэц болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна