“S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+ эерэг” болгож өсгөлөө

Х.Батсайхан
2024/10/04

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “S&P” агентлаг манай улсын 2024 оны зээлжих зэрэглэлийг “В+ эерэг” болгож өсгөснөө өнөөдөр зарлалаа. 

Зээлжих зэрэглэл тогтоогч хамгийн нэр хүндтэй гурван /“Fitch Ratings”, “S&P”, “Мoody’s”/ агентлагийн хоёр нь ийнхүү Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөөд байна. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө “Fitch” агентлаг Монгол Улсыг гадаад өрийн дарамтаа бууруулж, санхүү,төсвийн сахилга батыг сахин,  валютын нөөцөө тогтмол нэмэгдүүлж, улс төрийн тогтвортой байдал бүрдүүлсэн хэмээн үзэж, зээлжих зэрэглэлийг "B+ тогтвортой" болгож өсгөөд байсан билээ. 

“S&P” агентлаг манай зээлжих зэрэглэлийг өсгөх болсон үндэслэлээ "Монгол Улсын эдийн засаг ирэх 2-3 жилд тогтвортой өсөх төлөвтэй байна. Энэ нь бусад ижил зэрэглэлтэй орнуудаас давсан өндөр үзүүлэлт юм. Монгол Улсын эдийн засаг 2024 онд 6 хувиар өсөх төлөвтэй. Нүүрс болон зэсийн экспорт төсвийн орлогод эерэг нөлөө үзүүлж, төсвийн бааз суурийг сайжруулсан нь үүнд голлон нөлөөлсөн. Монгол Улсын уул уурхайн салбарын экспорт тогтвортойгоор өсөх төлөв ажиглагдаж буй учир урсгал дансны нөхцөл сайжирч, гадаад зах зээлийн эрсдэлд тэсвэртэй байх нөхцөлийг бүрэлдүүлж байна" гэж тайлбарлажээ.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээ нэмэгдсэнээр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэх итгэл нэмэгдэж, улмаар хөрөнгө оруулалт татах, энэ нь өсөлтийг дэмжсэнээр зээлжих зэрэглэл дахин өсөх дохио болж байна.  

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төсвийн сахилга батыг сайжруулах бодлого хэрэгжүүлснээр сүүлийн хоёр жил дараалж, төсөв ашигтай гарсан. Мөн өрийн оновчтой удирдлагын нөлөөгөөр хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт татах боломж үргэлжилж байгаа нь Засгийн газрын өрийн дарамтыг бууруулж байна. УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн улс төрийн тогтвортой байдал бий болгосон тул Засгийн газрын бодлогын залгамж цааш үргэлжлэх боломжийг бүрдүүлж байна гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна