“Эрдэнэс Монгол" ХК-д төрийн өмчөөр туйлсан муу түүхтэй этгээдүүд цуглаж, хүний амиар мөнгө хийж байна уу

Zuv.mn
2024/11/11

Төрийн өмчит компаниудад үүрлэсэн бүлэглэлүүд компаниа алдагдалтай ажиллуулж, дарга, удирдлагууд нь авлига цэцэглүүлэн амин хувиа борлуулж суудаг тухай сонсож дуулаагүй хүн ховор биз ээ. Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дөхөж очих хэмжээний хөрөнгө дээр зайдалсан ТӨК-ийн дарга нар олсон мөнгө, хөрөнгөдөө сагаж, баяжих тусмаа төрийн хуулийг юман чинээн тоохоо больж, хэрэгжүүлэхгүй байх арга чарга олж догширдог. Харамсалтай нь, яг ийм догширсон бүлэглэл манай улсын хамгийн том ТӨК болох “Эрдэнэс Монгол”-д үүсжээ. Тус компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын дарга Л.Нямбаяр, “Гашуун сухайт автозам” компанийн гүйцэтгэх захирал З.Амарсанаа нараар толгойлуулсан хэсэг бүлэг этгээд хуулийн дээр гарч суучихаад нүүрсний тээвэр, бараа үйлчилгээ худалдан авалт, тендер шалгаруулалт гээд оролцохгүй юмгүй болсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Дээрх бүлэг этгээдийн орлогын гол эх сурвалж нь Тавантолгой орд газраас Гашуун сухайт хүртэлх 239 километр авто зам бөгөөд замын засвар арчлалт, ашиглалт дээр ноёрхлоо тогтоох замаар асар их ашиг олж байж болзошгүй аж. Гэхдээ Л.Нямбаяр, З.Амарсанаа нар гардан гүйцэтгэгчид, цаана нь “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт байх магадлалтай гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Хурган дарга нар нь хулгай хийж байхад байгууллага удирдаж байгаа хүн мэдэхгүй байна гэж үгүй л болов уу.

“ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨК-ИЙН МӨНГӨӨР ГАРАА УГААЖ БАЙСАН Л.НЯМБАЯРЫГ С.НАРАНЦОГТ ЯАГААД БАГТАА АВСАН БЭ

Дээр нэр дурдагдсан Л.Нямбаяр гэгч өмнө нь “Хөтөлийн цемент шохой” Төрийн өмчит компанийн Бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа сарын  8.000.000 төгрөгийн цалинтай ч цалингаасаа цай, шатахуунаа гаргадаггүй, цайны мөнгөнд 2,3 сая төгрөг, шатахууны зардалд 2,2 сая төгрөгийг гаргуулж авдаг нь илчлэгдэж, дуулиан тарьж байсан этгээд. Тэгээд зогсохгүй тус компанийг Улаанбаатар хотын төвд түрээсийн оффистой болгож, түүнийхээ түрээсэнд хэдэн зуун сая төгрөг зарцуулж байсан хүн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчөөр тоглоод сурчихсан нөхөр. Дахиж төрийн албанд томилох битгий хэл ойртуулж болмооргүй намтартай энэ этгээд өдгөө “Эрдэнэс Монгол” компанийн мөнгөнд шунаж яваагийн цаана хэн хэн байна вэ гэдгийг тодруулах цаг нь болсон.

“ГАШУУНСУХАЙТ АВТОЗАМ”-ЫН ЗАХИРАЛ, НҮҮРСНЭЭС ЯАЖ МӨНГӨ ОЛОХЫГ МЭДДЭГ З.АМАРСАНАА

“Эрдэнэс Монгол” компанийн охин компани “Гашуунсухайт автозам”-ын захирлаар ажиллаж байсан Ж.Баянмөнх нь давуу эрхээ ашиглан “Чингис хаан” банкинд асар их хэмжээний мөнгө удаа дараа байршуулж байсан нь тогтоогдож, АТГ-т шалгагдан, хэрэг нь прокурорт шилжсэн аж. Тиймээс ажлаас нь чөлөөлж, оронд нь З.Амарсанаа гэгч нөхрийг томилсон нь Л.Нямбаяртай гар сэтгэл нийлэх болсон байна. З.Амарсанаа нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг, нүүрс тээвэр, хаанаас хэрхэн мөнгө олох аргаа мэддэг нөхөр гэдгийг нутгийнхан ярьж байгаа юм.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХК-Д ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГГҮЙ

Төрийн байгууллага, төрийн өмчит компаниуд бусдаар ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэхдээ заавал тендер зарладаг хуультай.  Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХК-ид энэ хууль үйлчилдэггүй. Тодруулбал, Гашуунсухайт Тавантолгой чиглэлийн автозамын засвар, бусад ажлыг тендерээр гүйцэтгэдэг байсныг “Хугацаа алддаг” гэж шалтаглан болиулсан аж. Тиймээс “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд танил тал, магадгүй халаасных нь компаниуд ч гэрээгээр гүйцэтгэх болсон нь бас нэгэн мөнгө угаах арга хэрэгсэл байх гэх хардлага бий. Нээлттэй тендер зарлалгүйгээр шууд гэрээгээр гүйцэтгэнэ гэдэг нууц байдалд хэнийхээ ч компанийг оруулж байсан мэдэх аргагүй.

“Баялгийн сан”-д хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй, ард түмний өмч хөрөнгийг харж хандаж байгаа багт төрийн өмчөөр туйлж байсан намтартай этгээдүүд ажиллаж, хууль хэрэгжүүлэлгүй хүссэнээрээ авирлаж байгаа нь хэр зохистой вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байна.    

“ГАШУУНСУХАЙТ АВТОЗАМ”-ААС ӨДӨРТӨӨ 700 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ОЛДОГ

“Гашуун сухайт автозам” компанийн замаар өдөртөө 1400 гаруй автомашин дамжин өнгөрч байгаагийн дийлэнх нь буюу 98.5 хувь нь чиргүүлтэй буюу даац хэтэрсэн байдгийг С.Наранцогт захирал өөрөө мэдээлж байсан. Харин нэг хоёр тэвшнээсээ хамаарч нэг машинаас 250-500 хүртэлх мянган төгрөг авдаг байна. Үүнээс харахад өдөртөө 700 гаруй сая төгрөг болж байгаа бөгөөд үүнийг “Гашуунсухайт автозам” компанийн бүлэглэл дарга нартайгаа нийлэн халаасладаг гэх хардлага хаа сайгүй болжээ. Учир нь ийм хэмжээний мөнгө олж байж замаа засахгүй байгаа нь ихээхэн хардлага дагуулж байгаа хэрэг.

СЭТГЭЛГҮЙ ДАРГА НАРААС БОЛЖ МОНГОЛЫН ХАМГИЙН ИХ АШИГ ОЛДОГ ЗАМ ДЭЭР ЖИЛД 50 ГАРУЙ ХҮН АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА

Өдөртөө 700 гаруй сая төгрөг олж байгаа энэ замаас сардаа дунджаар 20 орчим, жилдээ 200 гаруй тэрбум төгрөг олж байна гэсэн үг. Замаас олж байгаа их мөнгө хаашаа ороод байгааг шалгах цаг нь болсон. Учир нь, улсын хамгийн өндөр ашигтай зам атал чанар, стандартын хувьд огт дээрдсэн зүйлгүй, машин техник эвдэрч, хүний амь эрсдсээр байгаа юм. Төр, магадгүй төрийн нэр барьсан хэсэг бүлэг этгээд энэхүү автозамаас олон жил мөнгө “сааж” байгаа ч байж болно. Замаа засварлаж чаддаггүй, жилдээ 50 орчим хүний эрдэнэт амь үрэгдсээр байна. Хатуухан хэлэхэд, “Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийж байна” гэж ч хардаж ч болохоор харагдана.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.174
    Өчигдөр

    ingej tal burtee ideed bg n oilgomjtoi bolovch huuliig ted nohoi horihiin chinee bodohgui tom zurhtenguud boljee , uuniig hen tomruulj huvaaj idej bn ve ? ZG.s asuu !

    Хариулах
  • 66.181.161.30
    2024/11/11

    Гүй ээ тэгээд нотолгоон байгаанмуу

    Хариулах
  • 5.180.24.141
    2024/11/11

    Арай члээ

    Хариулах
  • 66.181.190.46
    2024/11/11

    чамайг оруулахгүй өөрсдөө идээд байна уу хөө

    Хариулах