Б.Пүрэвдорж: “Орано”-той байгуулах гэрээний төсөл сайн болсон

Zuv.mn
12 цаг 47 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд өмнө нь Байнгын хороогоор хэлэлцэх үед эсрэг санал өгсөн болон байр суурь илэрхийлсэн гишүүд үг хэлэх байсан ч нэг ч гишүүн үг хэлсэнгүй.

Дараа нь гишүүд үг, хэлж, асуулт асууж эхэллээ. Хамгийн түрүүд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрбээр “Бидний гол зорилго бол баялгийнхаа өгөөжийн ихэнхийг л эх орондоо авч үлдэх явдал. Энэ зарчмаар ажилласан учраас гэрээний төсөл үнэхээр сайн болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. АМНАТ, бусад татвараар авах өгөөж 51 хувиас дээш байна гэдэг бол үнэхээр ард түмэнд баялгийг эзэмших бололцоог хангаж байна” гэв.

Б.Найдалаа гишүүн үр ашгийн тооцооллыг нарийвчилж танилцуулахыг хүссэн.

Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал сайд энэ асуултад “Бид тооцооллыг 34 хувийг төр эзэмших, 10 хувийн алтан хувьцаа эзэмшээд АМНАТ-өөр орлуулах хоёр янзаар хийж үзсэн. Хувь эзэмшвэл 5.6 тэрбум ам.доллар, АМНАТ-өөр орлуулбал 5.2 тэрбум ам.доллар гэж гарсан.

34 хувь эзэмших нь ашигтай мэт боловч ногдол ашиг авах хугацаа хойшилдог эрсдэлтэй. Харин “Орано”-той байгуулах гэрээний хувьд бид санхүүгийн ямар нэг үүрэг хүлээхгүй 5.2 тэрбум ам.долларын өгөөж хүртэхээр байгаа. Бид ямар ч тохиолдолд 50+1 өгөөжийг хүртэх ёстой гэдэг зарчим барьсан” гэж хариулсан.

Гэрээний төсөл дээр ажилласан олон улсын итгэмжлэгдсэн шинжээч Н.Учрал сайдын хариулт дээр нэмээд “34 хувь эзэмшсэн тохиолдолд хүртэх 5.6 тэрбум ам.долларын өгөөж хүртэнэ гэсэн тооцооллыг тодруулахад, бүх ашгаа 100 хувь ногдол ашиг болгож тараасан тохиолдолд ийм тооцоо гарч байгаа гэдгийг хэлье” гэсэн.

Сангийн сайд Б.Жавхлан мөн энэ талаар “Бид “Оюутолгой” дээр гаргасан алдаагаа давтаж болохгүй. Оюутолгойгоос бид өнөөдрийг хүртэл нэг центийн ч ашиг аваагүй, цаашдаа авах эсэх нь ч тодорхойгүй. Харин “Орано”-той байгуулах гэрээний тухайд бид энэ эрсдлийг хааж чадсан. 34 хувь эзэмшлээд гээд компани зардлаа өгсөгж болно. Дахиад нэг цооног нээе гэх мэтээр ногдол ашиг хуваарилах асуудлыг хойшлуулах ч боломжтой” гэж хариуллаа. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.179
    11 цагийн өмнө

    Оросын дайсан Францтай сүжирснээс болж хийн хоолойг Монголоор дайруулах Гэрээгээ алдваа .

    Хариулах
  • 66.181.183.179
    11 цагийн өмнө

    Аа. Тийм үү.

    Хариулах