Д.Үүрийнтуяа: Надад “Арева”-тай холбоотой 100 төгрөгийн ч асуудал байхгүй

Zuv.mn
8 цаг 26 минутын өмнө

Манай Улсын ураны салбарт хөрөнгө оруулсан Францын “Орано” компани 10 гаруй жилийн өмнө “Арева” нэртэй байхдаа Монголд хайгуулын тусгай зөвшөөрөл олж авсныхаа хариуд төрийн өндөр албан тушаалтнуудад 1.2 сая еврогийн хахууль өгсөн нь Францын шүүхээр тогтоогдож, 4.8 сая еврогийн торгууль төлөхөөр болсон билээ. Энэхүү мөнгийг тухайн үеийн Ерөнхий сайдын зөвлөх байсан этгээд авч, нэр бүхий хоёр албан тушаалтанд дамжуулсан тухай Францын хэвлэлүүд мэдээлсэн.

Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Арева” компаниас О.Эрдэнэбулан, Д.Үүрийнтуяа нар 1.2 сая еврогийн авлига авч, лиценз олгосныг Францын шүүх тогтоосон” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл манай сурвалжлагч уг хэрэгт нэр дурдагдсан хоёр хүний нэг болох Д.Үүрийнтуяатай Төрийн ордонд таарч ярилцжээ.

-Таныг Францын "Арева" компаниас авлига авсан хоёр албан тушаалтны нэг гэсэн мэдээлэл гараад байгаа. 1.2 сая еврогийн асуудал яригдаж байна. Та тайлбар өгөөч? 

 -Би энэ талаар мэдээгүй, огт мэдэхгүй. Надад “Арева”-тай холбоотой 100 төгрөгийн ч асуудал байхгүй. Нэг төгрөгний ч гэх юм уу... Хэрвээ холбоотой байсан бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. 

-Ер нь тухайн үед "Арева-д лиценз олгох процесс яаж явагдсан байдаг юм бэ?

-Цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өмнө нь Цөмийн энергийн газар хариуцдаг байсан. Энэ газар татан буугдсанаар манай Ашигт малтмалын газрын харъяанд ирсэн юм. Ингээд бид хайгуулын тусгай зөвшөөрлүүдээс эрхзүйн хувьд ямар нэг асуудалгүй байсан "Арева"-гийн гурьван тусгай зөвшөөрлийг олгосон. Энэ зөвшөөрлийг ганц АМГТГ-ын дарга мэдээд олгочихдоггүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлт, Цөмийн энергийн комиссын дүгнэлтийг үндэслэн олгодог. Тэр үед олгосноор одоо ажил хэрэг болоод явж байна. Ер нь бол шар нунтаг хүртэл боловсруулалт явахад асуудалгүй юм байна гэсэн дүгнэлт тавигдсан байсан учраас өгсөн. Түүнээс Д.Үрийнтуяа ганцаараа мэдээд өгчихдөг юм биш.  

-"Арева" компани О.Эрдэнэбулган, Д.Үүрийнтуяа гэдэг хоёр хүнд 1.2 сая еврогийн хахууль өгсөн нь Францын шүүхээр тогтоогдоод, торгуулийн хариуцлага хүлээсэн асуудал яригдаж байна?

-Тийм өндөр хөгжилтэй улсын шүүх надаас тайлбар авалгүйгээр шийдвэр гаргасан гэдэгт би үнэхээр итгэхгүй байна. Тийм учраас би фэйсбүүктээ Францаас ирсэн шийдвэрээ үзүүлээч гэж бичсэн байгаа. Намайг энэ хэрэгт холбогдуулахдаа мөн зөвхөн Франц биш, Монгол Улсын АТГ, Прокуророос бичиг нэртэй устайгаа ирсэн гэж хэлсэн. Тэгвэл тэр бичгээ бас үзүүлээч  ээ гэж хүсэж байна. 

Би АМГТГ-ын даргын ажлаа 2016 онд өгснөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр ажилласан. Бүх шаардлагыг хангаад УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Одоо Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ мониторингийн газрын даргаар ажиллаж байна. Энэ ажилдаа би АТГ-аас тодорхойлолт гаргасны үндсэн дээр томилогдсон.

 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.252
    5 цагийн өмнө

    Eee dee iim avgai nar ch dee No toi shuu shalga shalga bas dahin shalga !

    Хариулах
  • 202.21.107.26
    6 цагийн өмнө

    harah tsarainii evgui gar bn , nud n buur bishee !

    Хариулах