Бид энэ удаагийн “Танилц” нэвтрүүлэгтээ жүжигчин, найруулагч Б.Батбаатарыг урьж оролцууллаа. Түүний хувьд үзэгчдэдээ эсрэг дүрээрээ хэдийнээ танил болсон чадварлаг уран бүтээлч юм.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе?
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Амар сайхан сууж байна уу? Өнөтэй сайхан өвөлжиж байна уу?
-Та яагаад заавал жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ?
Би анх хуульч мэргэжлээр сурч байсан. Амьдралын бусад асуудлаас болоод тухайн сургуулиа төгсөж чадаагүй. Яваандаа Соёл урлагийн их сургуульд сурсан. Анх манай нэг найз маань надад реклам хийсэн юм. Урлагийн сургуулийн гоё сайхныг яриад л чам шиг кино үздэг хүнд яг тохирно. Чи урлагийн хүн л болох ёстой гээд л их реклам хийсэн. Тэгэхээр нь би чинь хөөрөөд л /инээв/
СУИС-д Лхасүрэн багшийн удирдлага доор сурсан. Би анх СУИС-д шалгалт өгөөд унаж байсан хүн. Яг улаан шугамын доогуур хасагдаж байлаа. Амьдрал дээр янз бүрийн зүйл хийж явж л байсан. Гэхдээ сэтгэлийн мухраас дуудаад л байдаг юм билээ.
Би чинь наймдугаар сарын 25-нд яахаа мэдэхгүй гүйгээд л оччихсон. Сургуулиасаа хасагдчихсан, яахаа мэдэхгүй гэхдээ тэр сургуульд, жүжигчин мэргэжлээрээ сурчихмаар байдаг. Тухайн үед СУИС-ийн захирал н.Алтангэрэл гэдэг хүн рүү гүйгээд л орсон. Тэр хүнээс би чин сэтгэлээсээ гуйсан. Би улаан шугамын доор ороод хасагдчихсан, гэхдээ үнэхээр энэ сургуульд сурмаар байна гээд хэлж байсан. Намайг тухайн үед хандиваар сур, тэтгэлгээр сур гээд л олон зүйл зөвлөсөн л дөө. Гэхдээ надад цаг хугацаа гэдэг зүйл чухал байсан. Яагаад гэхээр би бараг гурван жил завсарлачихсан байсан.
Тэр хүн миний нүд рүү харж байгаад л цаасан дээр нэг зүйл бичээд, тамгаа бариад дарах уу үгүй юу гээд гацаад л байсан. Тэгээд миний нүд рүү харж байгаад хэлсэн юм. Юу гэсэн бэ гэхээр “Миний хүү би энэ тамгыг дарах юм бол ажилгүй ч болж магадгүй. Гэхдээ би харамсахгүй байна гэж найдаж байна” гэж хэлээд тамгаа дарж байсан. Одоо бодох нь ээ тэр урт коридороор бараг ниссэн дээ. Ангийн багш намайг арын хаалганы хар дурак гээд л үзэн ядаад. Сургуулиасаа өөрөө гараарай, зайлаарай чи гээд л асуудлууд ар араасаа хөвөрч эхэлсэн дээ.
Цаг хугацаа өнгөрсөн, би ч бас өөрөө их хичээсэн. Үнэхээр дуртай болохоор маш их хичээл зүтгэл гаргасан. Хичээл зүтгэл гаргасны үр дүнд намайг бас шагнасан. Сүүлдээ багшийнхаа хамгийн хайртай шавь нь болсон.
Анх гуравдугаар курст байхад багш маань за нөхөр Б.Батбаатар сургуулиа төгсөөд багш хийнэ. 30 гараад жүжигчин болно. 40 гараад найруулагчийн ажил хийнэ гээд хэлж байсан юм. Тухайн үед ингэж хэлэхэд нь юу балайраад байгаа юм болдоо гэж бодож байсан. Гэтэл яг л багшийнхаа хэлснээр явж байна даа.
Би 20 жил багшийн мэргэжлээр тасралгүй ажилласан байна. 30 гараад тоглосон анхны кино маань “Чонын алтан шагай” -гийн Баярын дүр байсан. Санаандгүй л тэр кинонд тоглочихсон. Тухайн үед багшийн хүүхэд унаагүй намайг натурт хүргээд өг гэхээр нь машин барьж очоод, натурын хоол идчихсэн сууж байсан чинь хүмүүс их л сонжсон шинжтэй хараад байсан юм.
Би ч тэр үед тоогоогүй сууж байсан чинь найруулагч нь энэ текстийг харж бай гээд зохиол өгч байсан. Тэгээд л намайг чамайг энэ Баярын дүр дээр авлаа. Баярын бүх юм бэлэн болчихсон ганцхан өөрөө л дутаад байсан юм гэж хэлж байсан.
Тэгээд л анх шууд л нэг хүүхний өвөр рүү ороод л ажил маань эхэлсэн дээ. Бас л эвгүй байдаг юм билээ. Миний анхны эсрэг дүр. Би энэ дүрдээ их хайртай. Эсрэг дүр бол жүжигчнээс маш их ажиллагаа шаарддаг. Тиймдээ ч би дуртай. Түүнээс хойш дандаа л эсрэг дүр, болдоггүй нөхрийн дүр дээр ажиллаж байна даа.
-Та одоо багшилж байна уу? Тоонот сургалтын төвийг ажиллуулах гол шалтгаан юу байв?
Хүүхдүүдтэй ажиллах үнэхээр гайхалтай шүү дээ. Нүдэн дээр эрс өөрчлөгдөж, сэргэдэг. Урлагаар хичээллээд ирэхээр өөрчлөлт их гардаг. Хүүхдүүдийн сэтгэл санаа ч сэргээд ирдэг. Бид хүүхдүүдтэйгээ зөв ярилцаж чадахгүй байгаа учраас хүүхдийн сэтгэл санаанд их нөлөөлдөг гэж бодож байна. Аав ээж нар ихэнхдээ л тушаангуй байдлаар харьцдаг шүү дээ. Тийм болохоор хүүхдүүд ээж аавтайгаа тэр болгон нээлттэй харьцаад байж чаддаггүй.
Манай сургалтын төв есөн төрлийн хичээл заадаг л даа. Гэхдээ үүнийг сурснаар заавал урлагийн хүн бол гэсэн үг биш. Хувь хүний хөгжлийн тухай асуудал үүн дээр их яригддаг.
-Хүүхдүүдэд их хайртай бололтой. Тэгвэл таны хувьд хайр гэж юу юм бэ?
Ер нь явж явж амьдрал хайр дээр л тогтоно шүү дээ. Манай шавь нар надаас асуудаг юм. Монгол хүн гэж юу юм бэ гэхээр нь би хайр гэж хэлдэг. Их гайхдаг л даа. Гэхдээ бодоод үз дээ. Наад зах нь бид холын замд яваа зочдыг хүндэтгээд хүлээгээд л авдаг биз дээ. Хэзээ ч хаалгаа түгжээд суудаггүй л биз дээ. Ер нь амьдрал эцсийн эцэст төгсгөлд ирэхэд уучлал, хайр л үлддэг байлгүй дээ. Би ийм л бодолтой. Аливаа зүйлийг өөдрөгөөр харж амьдрах нь л чухал байх.
-Баярлалаа. Тэгэхээр жүжигчин, найруулагч Б.Батбаатарын цаашдын зорилго юу вэ?
Б.Батбаатар миний бие 2025 ондоо нэг жүжиг, кино хийхийг хүсэж ажилласаар байна. Сургалтын төвөөрөө дамжуулан олон хүүхдүүдэд олон зүйлийг сургахыг хүсэж байна.
Мөн намайг зовоосон, ажиллуулсан дүр дээр ажиллахад хэзээд бэлэн байна. Би бол өөрийнхөө ирээдүйг их сайхнаар төсөөлж байгаа. Тиймээс эргэлзэж харамссан зүйлгүй амьдарч байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд үзэгчдэдээ юм уу гэр бүлдээ хандаж хэлэх үг бий юу?
Гэр бүлийнхэндээ ээж, аав, ах нартаа баярлалаа гэж хэлье. Би өмнө нь ер нь хэлж байгаагүй юм билээ. Миний ээж аав хоёр намайг маш сайн өсгөж хүмүүжүүлсэн. Би дээрээ есөн ахтай. Олон ахтай болохоор намайг их зодуулж өссөн байх гэж хүмүүс боддог. Гэхдээ би үнэхээр их хайран дунд өссөн. Амьдрал дандаа харгис байдаггүй шүү дээ.
Мөн гэр бүлийн хүндээ хайртай шүү, үргэлж баярладаг шүү гэж хэлье. Надад олон зүйл сургасан багш нар, хамтарч ажиллаж байсан хүмүүс, үзэгчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна. Бид чинь бие биедээ талархлын үг хэлж чаддаггүй юм байна шүү дээ. Би ч мөн адил бараг анх удаагаа баярласнаа илэрхийлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.71
Ажлын өндөр амжилт хүсье ээ найздаа.
Хариулах31.223.58.36
Sayın uu Ajıld n amjılt hysıe Shadıvland zusland olon ah narıınhaa dund ossıon do Hyleg guaın erh hyy baısan da Hôrsh. Shahuu l olon jıl lagert garj blaa Ajılıın amjılt hysıe
Хариулах