ТОДРУУЛГА: Зургаан хүн угаартсан хэргийн шүүх шинжилгээний дүгнэлт дараа 7 хоногт гарна

Х.Есү
2025/02/18

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан гэр бүлээсээ ганцаар үлдсэн О.Одбаяр хүү цэргээс чөлөөгөөр ирж олон нийтэд хандан мэдээлэл хийсэн билээ.

Хүү мэдээлэл хийсний дараагаар улс төрийн шинжтэй олон талын мэдээллүүд хөвөрсөөр байгаа. Бид энэ талаар өмгөөлөгч М.Хандармаагаас зарим зүйлсийг тодрууллаа.

Гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан хэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан уу? Та ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Хэргийн шүүх шинжилгээний дүгнэлт дараа долоо хоногоос гарна. Бид шүүх шинжилгээний дүгнэлт яаж гарахаас хамаараад шүүхэд хандана.

Та О.Одбаяртай байнгын холбоотой байгаа юу. Дарамт их ирж байна гэж байсан. Хүүгийн сэтгэл санаа ямархуу байгаа вэ?

-Хүү одоо харьцангуй гайгүй болсон. Өөрөө хөдөө баймаар байна гэсэн. Тэгэхээр хэд хоногоос хөдөө явуулаад, сэтгэл санааг нь тогтворжуулбал зүгээр гэж бодож байна. Тэгэхгүй бол энд тэндээс утас руу залгаад л уулзъя мэдээ авъя гээд байхаар хүү өөрөө ч юу ярихаа мэдэхгүй байна.

Хүүг хамгаалалтад авъя гэхэд нь гэр бүлийнхэн нь зөвшөөрөөгүй байсан. Энэ тал дээр та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Хамгаалалтад авах хүсэлтэй байна гэхэд нь тэр асуудлыг бид хамт сууж байгаа ярилцсан. Тухайн үед хүү хамгаалалтад орчихоор ганцаараа бүр хэцүү юм шиг санагдаж байна гээд хамгаалалтад ормооргүй байна гэсэн.

Та хоёрыг сошиалаар мэдээлэл хийхэд зарим асуудлыг их улстөржүүлж байгаа харагдсан. Энэ тал дээр өмгөөлөгчийн хувьд та ямар байр суурьтай байна вэ? Мөн яагаад сошиал лайв хийж мэдээлэл цацахаар болсон бэ?

-Бид хоёрын хийсэн лайв дээр хүмүүс их улс төрийн өнцгөөс хандаж буруутгаад байсан. Түүнийг яагаад улстөржүүлээд байгааг нь сайн ойлгоогүй. Цаана нь улс төрийн ашиг сонирхол байсан л юм байна лээ. Түүнийг нь ч би мэдээгүй.

Лайв хийх болсон шалтгаан нь хүүд маш их дуудлага, дарамт ирж байсан. Хүүд зөвлөгөө өгөөд сууж байхад л утас нь зогсоо зайгүй дугараад л, зул өргөх ёслол дээр ирээрэй гээд л яриад байсан. Яг үнэндээ тухайн үед тэр хүүхэд зул өргөх ёслол дээр очих үгүйгээ ч мэдэхгүй л байгаа шүү дээ.

Тэр үед бас гэртээ орох гэхээр айгаад байна гэж хэлж байсан. Үүдээр нь машинтай хүмүүс эргэлдээд байна гэж их хэлсэн. Нэг удаа бүр танихгүй хүмүүс шууд орж ирээд зургийг нь дараад байсан гэсэн. Үүнээс болоод хүү их түгшүүртэй, айдастай байсан. Тийм учраас тэр лайвыг зүгээр л хүүг тайван байлгаад өгөөч ээ гэсэн агуулгаар л хийсэн.

Манай Монголчууд туслах гээд байгаа үгүй нь мэдэгдэхгүй хэт бүдүүлэг авирласан. Хүн нас барсан айлд хүн чинь жоохон ч гэсэн хүндэтгэлтэй хандаж болно доо.

Хүүгийн ах эгч хоёртой нь холбоотой байгаа юу? Сошиал дээр янз бүрийн мэдээллүүд явж байсан.

-Би хүүгийн ах эгч хоёртой уулзсан. Яах вэ тухайн үед дүүгээ буруу зөрүү зүйл ярьчих вий гэсэндээ л хааж хориглосон юм байна лээ. Гэтэл хүмүүс буруу ойлгоод сошиал шүүмжилсэн байна лээ.  Тэр ах эгч хоёр нь одоо хүүгээс тусдаа байгаа гэсэн.

Ер нь манай өмгөөлөгч нар зөвхөн энэ хэрэг дээр гэлтгүй утаанаас болж хордсон хүмүүст анхаарч ажиллана. Стратегийн өмгөөлөл гэдэг утгаараа захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаад явъя гэдэг байр суурьтай байгаа. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.92
    2025/02/18

    za bitgii l muu eejiig n arhidaa hordood uhjee gej dahin bitgii hudlaa dugnej nugel huraagaarai ! duu nar n lav arhind hordoogui l bj taarna .

    Хариулах