Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тогтолцоог сайжруулах хэлэлцүүлэг боллоо

Zuv.mn
2025/02/18

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Д.Батлут, Ж.Батжаргал нар Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Энэ хүрээнд ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран Дархан-Уул аймагт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, УИХ-ын гишүүн Д.Батлут, Ж.Батжаргал нар оролцож, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут “Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа хэрхэн солонгоруулах вэ гэдэг талаар маш удаан ярьсан. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, та бүхний санал хүсэлтийг хуулийн төсөлд тусгах тал дээр анхаарч ажиллана. Гадаад орнуудын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс томоохон дэмжлэг үзүүлдэг. Тэр утгаараа улсынхаа ДНБ-ийн 70-80 хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бүрдүүлдэг судалгаа бий. Харамсалтай нь Монгол Улсад энэ тоо 17.8 хувь байгаа юм. Тиймээс энэ үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай байгаа” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тэлэлтэд анхдагч үйлдвэрлэлийг боловсруулах явц дутагдаж байна. Тиймээс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт онцгой анхаарах ёстой. Төрийн бодлого, татварын таатай орчин бүрдүүлэх, кластерын системийг цогцоор нь шийдэх ёстой юм. Төвийн бүсэд хөнгөн, хүнд үйлдвэрийн хоёр том үйлдвэр байгуулагдана. Тиймээс бид байгаа нөөц боломжоо баялаг болгох хэрэгтэй юм. Хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийг баялаг болгон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах шаардлагатай. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь бидний гол анхаарах зүйл. Дэлхийн улс орнууд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, системийг боловсронгуй болгож чадсан. Тэр зөв жишгийг бид нэвтрүүлэх хэрэгтэй” гэв.

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр салбарт хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв. Хэлэлцүүлэгт төр, төрийн бус, иргэдийн төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна