Жүжигчин Б.Золзаяа: Арыг минь бат даадаг нөхөртэй учраас аливаа зүйлийг зоригтой хийж чаддаг

Х.Есү
Өчигдөр 08 цаг 45 минут

Энэ удаагийн “ТАНИЛЦ” ярилцлагын нэвтрүүлэгтээ “Нийслэл хүүхэн” киноны дүрээр танигдсан жүжигчин, продюсер Б.Золзаяаг урьж оролцууллаа. Түүний хувьд оюутан байхаасаа давхар ажил хийж, өөрийгөө олон зүйлд сорьдог идэвхтэй, дүүрэн мөрөөдөлтэй охин  тухайгаа бидэнтэй хуваалцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Сайн байна уу. Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе

-Таныг оюутан байхдаа нэлээд хөдөлгөөнтэй, идэвхтэй нэгэн байсан гэж сонсож байлаа ?

-Би Соёл урлагийн их сургуулийг 2014 онд төгссөн. Оюутан байхдаа давхар NTV телевизэд хөтлөгч хийж байлаа. Сургуулиа төгссөний дараа NTV телевизээс залгаад манайд ажилд орох уу гээд санал тавьж байсан. Ер нь бодоод байхад ажил, сургууль, гэр бүл гээд бүгдийг нь амжуулаад төгсөж байжээ.

Оюутан байхдаа их баян оюутан байлаа шүү дээ /инээв/. Оюутны 70 мянган төгрөг буудаг байсан. Хэрвээ 3.4-с дээш голч дүнтэй байх юм бол 140 мянган төгрөг болгож авдаг байсан. Мөн хажуугаар нь NTV телевизэд долоо хоногт нэг дугаар гардаг нэвтрүүлэгт хөтлөгч хийдэг байсан. Нэг өдөр очихдоо л дарааллаад дөрвөн дугаараа бичүүлчихдэг байсан. Мэдээж цалин авна.

-Оюутан байхдаа гэр бүл зохиосон гэлээ. Анх ээж болох мэдрэмж ямар байсан бэ?

-Би нөхөртэйгөө анх 2010 онд СУИС дээр танилцаж байсан. Бид хоёр 2012 оноос эхлээд хамт амьдарсан. Анхны хүүхдээ 2013 онд өлгийдөн авч байлаа. Ээж болох мэдрэмж их сонин байсан.

Тухайн үед намайг эх барьж авсан эмч ямар гүргэр юм бэ гээд гайхаж байж билээ. Би чинь төрхийн өвдөлтийг их аймар гэж бодоод өөрийгөө эртнээс бэлдчихсэн. Үүнээс илүү өвдөх байх даа гэж бодоод л тэсээд байсан. Ер нь ээж болох мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй л байдаг юм билээ.

-Оюутан байхдаа хүүхэдтэй болоод ачаалал ихтэй байсан байх. Нөхөр нь хэр халамжилдаг байсан бэ? Ер нь мэргэжил нэгтэй хүмүүс хамт байхаар илүү түшигтэй амар байдаг уу?

-Манай нөхөр их түшиг тулгууртай, халамжтай. Нэг уран бүтээл дээр цуг ажиллахад би илүү тайван болчихдог. Би чинь нэг уран бүтээл рүү орохоороо санаа зовох асуудал ихтэй болчихдог юм л даа. Нөхөр ороод ирэх юм бол илүү тайван болчихдог. Тэр асуудлыг ингээд зохицуулчих байхдаа гээд бодоход яг л зохицуулчихсан байдаг. Асуудал гарах юм бол дандаа хамтдаа ярилцана. Ер нь л ард минь баттай зогсож байдаг хүн дээ.


Сүүлд бид хоёр “Эрдэнэсийн арал” кинон дээр хамтарч ажилласан. Мэдээж зөрчилдөх олон асуудлууд гарсан. Гэхдээ л хэлэлцэж ярилцаад ард нь гарсан байна.

-Та өөрийгөө жүжигчин болоогүй бол ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ?

-Би жүжигчин болоогүй байсан бол мөрдөн байцаагч болох байсан байх аа. Надад их сонирхолтой санагдаад байдаг юм. Маш олон судалгаа шинжилгээ хийж ажилладаг хүмүүс шиг санагддаг.

-Таны анхны уран бүтээл юу байв?

-Миний анхны уран бүтээл үндэсний телевизийн “Босго тотго” гээд 60 ангит кинонд Бүжингоо гэх дүр дээр ажиллаж байсан. Кино маань бүр баруун хязгаарт очиж зураг авалтаа хийж байсан. Натурт их зураг авалт хийж байсан болохоор тэндээ байрлаж байсан. Тухайн үед цэргүүдтэй, монгол гэрт 3-4 эмэгтэй байдаг байсан. Тэр үед хоёрдугаар курсын оюутан байсан.

No photo description available.

Түүний дараагаар “Нийслэл хүүхэн” кинонд дүр бүтээсэн. Мөн нэгдүгээр туслах найруулагчаар давхар ажиллаж байсан. “Нийслэл хүүхэн-1” кинон дээр туслах найруулагч тал руугаа их анхаарч ажилласан. Харин хоёрдугаар бүлэг дээр жүжигчин тал руугаа их анхаарч ажилласан.

-Жүжигчин хүний хувьд таны баримталдаг зарчим?

-Мэдээж уран бүтээлээрээ дамжуулж хүмүүст ямар нэгэн мессеж өгөхийг хүсдэг. Мөн продюсер хүний хувьд чанартай уран бүтээл хийхийг хүсдэг. Залуустай ойр ажиллахыг хичээдэг. Яагаад гэхээр яг адилхан өсөж дэвжиж байгаа, чадахгүй зүйл дээр бие биедээ туслаад явах боломжтой учраас илүү залуучуудтайгаа хамтарч ажиллахыг хүсдэг дээ. Мөн мундаг том уран бүтээлчдээс суралцах зүйл олон бий.

-Залуу уран бүтээлчийн хувьд залуустаа хандаж юу гэж хэлэхийг хүсдэг вэ?

-Гэр бүлийн тал дээр бид өсөж дэвжиж, бусдаас үргэлж суралцаж амьдарч байна. Залуус маань зоригтой хийх гэсэн зүйлээ хийдэг байгаарай гэж хэлмээр байна.

Мэдээж алдаа оноо байж л таараа. Гэхдээ алдаанаасаа суралцаад, магтаалын үгнээсээ урамшаад явдаг байгаасай гэж хүсэж байна. Бүгдээрээ хичээгээрэй чадна аа гэж хэлье. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна