Энэ удаагийн “True Story” буландаа зургаан сартай хүүгээ асрангаа хувиараа гар урлалын бизнесээ эхлүүлж байгаа ээж Б.Бодьдуламыг урьж оролцууллаа.
Түүний хувьд хүүгээ төрүүлснээс хойш жирэмсний амралтаараа гэртээ гар урлал хийж эхэлжээ. Жирэмсний амралтаа авсны дараагаас эхлэн урдаас бараа татаж, хувиараа гэртээ урлал хийх зэргээр нөхөртөө тус дэм болохын төлөө хичээсээр ирсэн тухайгаа бидэнтэй хуваалцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач
-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б.Бодьдулам гэдэг. Би бичиг хэрэг архиваар сурч төгссөн. Одоогоор гуравдугаар эмнэлэгт цахим бүртгэлд ажиллаж байгаад жирэмсний амралтаа авчихсан байж байна. Одоо хоёр хүүхэдтэй. Бага маань саяхан зургаан сар хүрсэн.
-Таны хувьд хэзээнээс эхэлж гэрээр гар урлал хийж эхэлсэн бэ?
- Анх хүүхдээ төрүүлчхээд гэртээ ганцаараа нөхрөө хүлээгээд л суугаад байхаар их стресстсэн. Байнга гэртээ суугаад, гарч орж байгаа ч зүйл байхгүй, найз нөхөд ч үгүй болчихсон байсан. Ааш зан маань ч хүртэл их өөрчлөгдсөн.
Жирэмсний амралтаа аваад хоёр сар болоод гэрт суугаад нэлээн уйдсан. Тэгээд ер нь мөнгө төгрөг олж нөхөртөө жоохон ч гэсэн тус дэм болъё гээд хайж эхэлсэн.
Эхлээд өөртөө байгаа мөнгөөрөө урдаас бараа татаад, зарах гэж үзсэн. Ер нь жоохон яршигтай санагдаад. Дээрээс нь байнга мөнгө эргэлдээд байхгүй, зогсонги байдалд ороод байсан учраас больчихсон. Төрчхөөд гурван сар хүртлээ өөр зүйл хийхгүй байж байгаад гар урлал яаж хийхийг заадаг онлайн хичээлд сууж эхэлсэн. Анх иймэрхүү жижиг гар урлалуудыг яаж хийдэг юм бол гээд сонирхож байсан.
-Хүүхдээ харахын хажуугаар гар урлалаа хэрхэн хийж байна. Цаг хугацаа их зарцуулж байна уу?
-Зарим өдөр бол үнэхээр гар урлалаа хийж амждаггүй. Бор хоолонд орчихсон учраас зууралдсаар байгаад таардаг. Хааяадаа ганц нэг захиалга орж ирсэн үедээ шөнө оройгоор сууж байгаад хийдэг дээ. Эндээ сууж бүтээлээ хийж байгаад л нөгөө өрөө рүү гүйж орж хүүхдээ аваад л амжуулдаг даа. Заримдаа нөхөртөө хүүхдээ өгчхөөд гялс амжуулаад хийдэг.
-Анх гар урлал хийе гэхэд нөхөр нь таныг хэр их дэмжсэн бэ?
-Гэртээ суугаад стресс ихтэй байсан болохоор манай нөхөр аливаа зүйлийг оролдоод үз гэж их хэлдэг байсан. Тэгээд гар урлал хийж эхлээд би ч өөрөө их тайвширдаг болчихсон байсан. Өөрөө хийсэн зүйлийг харахаар сэтгэл уужраад, цаанаасаа гоё болж байсан.
Анх 80 мянган төгрөгөөр материал аваад эхлэхэд нөхөр оролдоод үз гээд их зоригжуулж байсан. Материал дуусчихаар нөхөртөө захиад авхуулчихна. Заримдаа захиалга орж ирэхгүй ч үе байна. Өөрийнхөө сонирхолд хөтлөгдөөд баахан юм хийчихсэн байдаг нэг нь ч зарагдахгүй өдөр бас байдаг. Хүн авъя гээд ярих л юм бол нөхрийгөө хүргэж өгчхөөд ир гээд явуулдаг байсан.
-Цаашдаа үндсэн ажлынхаа хажуугаар гар урлалаа хийгээд явна гэж бодож байна уу?
-Тийм. Үндсэн ажлынхаа хажуугаар гар урлалаа хийгээд л явна гэж бодож байна. Миний нэг мөрөөдөл байдаг юм. Хүүхэд томроод ажилдаа орсныхоо дараа өөрийн гэсэн жижигхэн урлантай болно гэж боддог.
-Амьдралдаа бага ч гэсэн нэмэр болъё гэдэг сэтгэлээр гар урлал хийж эхэлсэн гэсэн шүү дээ. Таны санаснаар санхүүгийн байдал нь хэр дээрдэж байна?
-Бүх ээжүүд хүүхдээ хараад гэртээ зүгээр суухыг хүсэхгүй шүү дээ. Хүүхдээ харахын хажуугаар мөнгө олчих юмсан гэж боддог ээжүүд олон байдаг байх. Яах вэ өрхийн орлогод бас нэмэртэй. Би хийсэн зүйлсээ 15-50 мянган төгрөгийн хооронд л зардаг. Тэгээд нөхрийн цалин буух болоогүй үе байна.
Тэр үед 15 мянган төгрөгөөр хоёр сувенир зарчихад л 30 мянган төгрөгөөр хүүхдийнхээ хэрэглээг авчхаж байгаа юм чинь. Өөрсдөө ч гэсэн өдрийнхөө хоол хүнсийг зохицуулчхаж байгаа юм.
Нэг удаа 120 мянган төгрөгөөр материал аваад баахан сувенир хийж гаргаад нэг нь ч зарагдаагүй. Тухайн үед хоёулаа мөнгөгүй болчихсон байсан. Тэгсэн нэг өдөр энэ сувенирыг хүргэлтээр яг одоо авъя гээд л захиалга ороод ирсэн. Би ч нөхрөө хурдан аваачиж өгчхөөд ир гээд явуулчхаж байгаа юм чинь. Энэ мэт өдрүүд ер нь цөөнгүй байсан.
Тусдаа гараад амьдралаа яг өөрсдөө л авч явах болохоор, нуруун дээр хамаг ачаа ирээд их л зүйл боддог юм билээ.
-Төрсний дараах сэтгэл гутрал, стресс их байдаг шүү дээ. Тэр үеэ хэрхэн даван туулж байв?
-Эхний хоёр сар үнэхээр хэцүү байсан. Өөрийгөө яагаад байгааг ч мэдэхгүй. Би ер нь ингэж амьдрах хүн мөн ч юм уу биш ч юм уу гэж бодоод л. Заавал нөхрийн гар харж амьдрах хэрэгтэй юм уу гээд л аймар олон зүйл бодсон. Тэгээд өөрөө олон юм бодож стрессдээд л, нөхрөө бас давхар стрессдүүлээд л.
Манай хүн намайг тайвшруулах гээд л подкаст сонс, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаар гээд л хэлдэг л байсан. Гэхдээ л жирэмсний сэтгэл гутрал бол цаанаасаа л гарч ирээд байдаг юм шиг санагдсан. Би ууг нь дотроо юу ч бодохгүй, хүүхдээ хараад сайхан байна гэж өөртөө хэлээд байгаа хэр нь л цаанаасаа уур хүрээд, гомдол төрөөд уйлмаар санагдаад байдаг болчихсон байсан.
Заримдаа уураа нөхөртөө гаргана шүү дээ. Би одоо нөхрөөсөө өөр хэндээ уураа гаргах вэ дэ. Гэхдээ уураа гаргасны дараа өөрөө тайвширчихдаг байсан. Тайвширсныхаа дараа нөхөртөө уурласнаа бодохоор гэмшээд байдаг юм аа.
-Хүүхэдтэйгээ гэртээ байдаг ээж нарыг хүмүүс нэг л их завтай юу ч хийдэггүй хүмүүс гэж хардаг шүү дээ. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ байдаг.
-Тийм шүү. Би жишээ нь багаасаа л их хурдан хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Нэг заваарсан юмыг хараад суугаад байж чаддаггүй. Одоо ч гэсэн хүүхдээ тавьж байгаад л гялс гэрээ цэвэрлэчихдэг. Хүүхдээ нэг гартаа тэвэрч байгаад нь хөглөрч, заваарсан зүйлсээ цэвэрлэчихдэг юм. Тэрэндээ өөрөө бүр дасчихсан. Цэвэр цэмцгэр орчинд байна гэдэг чинь гоё шүү дээ.
-Таны хувьд гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж нарт их урам зориг өгөх байх. Ээж нартаа хандаж юу гэж хэлэхийг хүсэж байна вэ?
-Надаас ахимаг насны юм үзсэн олон ээжүүд байгаа л даа. Энэ одоо юу яриад байгаа юм гэж бодож байж магадгүй. Сэтгэл санаагаар унах, гутралд орох тэдгээр асуудлууд 100 хувь өөрөөс тань шалтгаална. Өөрөө л өөртэйгөө ярилцаад дотогшоо өнгийгөөд, өөрийгөө яавал сайн байх вэ, яавал сэтгэлээр унахгүй байх вэ гэдэг үүднээс өөртэйгөө ярилцаад үзэх хэрэгтэй. Өөртэйгөө ярилцаад үзвэл ямар ч бэрхшээлийг даваад гарчихна. Мэдээж үргэлж хүүхдээ хараад гэртээ байгаад байхгүй нь ойлгомжтой. Нэг л өдөр үүрнээсээ гарна. Гараанаасаа гарна. Тиймээс энэ хугацаа өөрийгөө гоё болгох, өөрийгөө хөгжүүлэх арга замаа олох боломж юм шүү гэж хэлмээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна