Бид энэ удаагийн “Танилц” нэвтрүүлэгтээ залуу уран бүтээлч DerBi буюу Д.Бямбасүрэнг урьж оролцууллаа. Түүний хувьд өөрийн гэсэн хувийн орон зай, стиль имижээрээ бусдаас ялгардаг нэгэн. Хоёр жилийн хугацаанд сошиал дээрэлхэлтэд өртөж, өнөөдрийн реппер DerBi-г хэрхэн олж авсан талаараа бидэнтэй хуваалцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Үзэгчдэдээ өөрийгөө танилцуулаарай.
-Сайн уу? Намайг Д.Бямбасүрэн гэдэг. Залуу уран бүтээлч DerBi байна.
-Залуу уран бүтээлчийн хувьд ямар төрлөөр бүтээл туурвихыг илүүд үзэж байна вэ?
-Ер нь реп урсгалаа Монгол ардын дуу, өв соёлтойгоо холбохыг хичээдэг. Зөвхөн ардын дуу гэлтгүй өөр Монгол хөгжим гэх мэт өв соёлтойгоо холбож Монгол реп төрлийг хөгжүүлэх чин хүслийг тээгээд явж байгаа залуу уран бүтээлч.
Миний үндсэн мэргэжил цохиур хөгжимчин. Уран бүтээлч хүний хувьд аливаа зүйлд хөрвөх чадвартай байх ёстой гэж боддог.
-Таны хувьд урлагтай яаж амьдралаа холбож байв?
-Би багаасаа реп сонсдог байсан гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ Voice of Mongolia шоунд ороод би чадах юм байна гэдэг урмыг авсан. Гэхдээ би өөрийгөө хэзээ ч реппер болоод өөрөө үг бичээд сууж байна гэж төсөөлөөгүй. Төсөөлшгүй тэр бодлоо өөрийнхөө хүсэл мөрөөдөл болгочихсон түүнийхээ төлөө зүтгээд явж байна.
Мөрөөдлийн гүүр болсон "Voice of Mongolia" шоунд оролцох болсон бас нэг шалтгаан нь миний анхны хайр байсан. Тэр маань их хөөрхөн намайг хаячихсан. Түүний ачаар би өнөөдрийн DerBi-г бүтээгээд явж байна.
Таны загварын чиг хандлага их онцгой. Хувцас загвар дээрээ хэрхэн анхаардаг вэ?
-Би өөрийгөө амьтнаар зүйрлэх юм бол Хамелеонтой зүйрлэнэ. Нэг ягаараад л, ногоороод л, эсвэл үсээ халимаг болгочихсон, эсвэл урт болгочихсон. Ер нь өдөр болгоныг өөр өөрөөр төсөөлөх дуртай. Яг нөгөө эвэртэй туулай гэдэг чинь би шүү дээ. Хүмүүс их анзаараад олон сэтгэгдэл хэлдэг. Тэр болгонд нь би урамшдаг. Яах вэ, элдвээр хэлдэг хүмүүс байгаа л даа. Гэхдээ тэр сөрөг сэтгэгдлийг би аль болор эергээр хүлээж аваад, өөртөө хэрэгтэй зүйлийг нь тусгаж аваад өөрийгөө өөрчилдөг. Ер нь харах өнцгөө өөрчилчихөд л амьдрал стрессгүй сайхан шүү дээ.
Би өдөр болгон өөр өөр хувцас өмсөхийг хичээдэг. Тэр нь надад илүү сонирхолтой санагддаг.
-Та их эрч хүчтэй юм. Таны бодлоор хүчирхэг эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлэх вэ?
-Хүчирхэг эмэгтэй гэвэл би өөрийгөө хэлнэ. Ер нь бол нэг амьдарсных бүх л зүйлийг үзэж байж үхнэ гэж боддог доо. Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн учраас энэ хооронд чи юу бүтээж, юуг үр хойчдоо үлдээх вэ гэдэг л маш том зүйл.
Магадгүй дараа нь миний эмээ ингээд дуулаад явж байж, ийм хүн байсан байна гэж яриасай гэж хүсдэг. Түүнийхээ төлөө шат шатаар алхаад л явж байна даа.
Эмэгтэй хүн ер нь өөрөө өөртөө итгэж чадвал хэн ч байж чадна.
Таны амьдралд хамгийн их өөрчлөлт авчирсан мөч хэзээ байв?
-Ковидын үеэр 74 кг-с 20кг турсан. Яг ковидын үеэр би цагдаагийн алба хаагч байсан. Улаанбаатарчууд бүгд хорионд орчихсон байх тэр үед би шатаар хэдэн мянган удаа алхсан. Тиймдээ ч өөрийнхөө доторх хүнийг сэрээж өнөөдрийн Д.Бямбасүрэнг бүтээчхээд сууж байна.
Өөрөө өөртэйгөө ярилцахаар хүн нэг шийдэл олдог доо. Би яг л түүнийгээ олсон. Өөрийгөө олох л хамгийн чухал.
Тэгвэл таныхаар өөрийгөө олох гэж яг юуг хэлэх юм бэ?
-Наадмаар морь гараанаас гарахдаа дүүхэлздэг шүү дээ. Яг тэр мэдрэмж өөрт мэдрэгдэх үеийг өөрийгөө олчихлоо гэж ойлгох байх гэж бодож байна. Санаанд багтана гэж байдаг шүү дээ. Яг л тэр үеийг л өөрийгөө оллоо гэж тодорхойлно.
Амьдралынхаа аз жаргалыг хаанаас мэдэрдэг вэ?
-Би амьдралынхаа аз жаргалыг дуу хөгжмөөс мэдэрдэг. Гуниглах болгондоо, аз жаргалтай байх болгондоо би чихэвчээ зүүгээд дуу сонсдог. Тэр хөгжмөөсөө санаа сэдэл аваад, дуугаа цаасан дээр буулгаад, тэр дууг минь хүмүүс дагаж дуулах тэр мэдрэмж үнэхээр гайхалтай. Хөгжим бол энэ дэлхийн хамгийн гайхалтай зүйл.
Сошиал дээрэлхэлтэд хэр их өртөж байв?
-Хоёр жилийн хугацаанд сошиал дээрэлхэлтэд маш их өртсөн. Би өөрөө жанжин шугамаа зөв босгоод мөрөөдлийнхөө төлөө шат шатаар ахиад явж байгаа үед тийм жижиг сажиг зүйл дээр анхаарал төвлөрүүлэхгүйгээр хүмүүсийн хэлсэн үгнээс авахыг нь аваад, хаяхыг нь хаяад дараагийнхаа алхмыг төлөвлөөд явдаг даа.
Эцэст нь залуу уран бүтээлчийн хувьд зорьж байгаа зорилго тань юу вэ?
-Залуу хүний хувьд би өв соёлоо л хойч үедээ өвлүүлж үлдээхийг хүсэж байна. Өв соёл дундаа би өөрийнхөө дуртай зүйлээр дамжуулан Монгол реп урсгалыг бага багаар гаргах тал дээр түлхүү анхаарч ажиллана.
Түүндээ хүрэхийн тулд шат шатаар ахиж байна.
Баярлалаа. Үзэгчдэдээ хандаж хэлэх үг?
-Хоёр жилийн хугацаанд яг чин үнэнчээр зүтгэхэд минь намайг дэмжиж, зөвлөж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Монголынхоо өв соёлыг тээсэн өөрөөрөө өвөрмөц, уран бүтээлч байхаа та бүхэндээ амлаж байна. Бүгдэд нь маш их баярлалаа. DerBi байлаа. Аз жаргал сайн сайхныг хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна