"Хүн хөдөлмөрлөж байхад хэнээс ч юу ч гуйдаггүй юм шүү"

Т.Отгонсувд
4 цаг 16 минутын өмнө

Сар шинийн баяр дөхөж,  дэлгүүр хоршоодын гадна хөл хөдөлгөөн ихтэй байна. Өвлийн сүүлийн зэврүүн өдөр АСА циркэд болж буй үзэсгэлэн худалдааны гадна ээмэг, зүүсгэл зарж буй хөгшин анхаарал татав. 

Хамгийн зузаан хувцсаа өмсөөд, өөрийн гараар хийсэн гоёлуудаа зарж буй түүнийг "Эгэл амьдрал" энэ удаа онцолж байна. 

70 настай тэрбээр ач, гуч нартайгаа хамт гоёл чимэглэл хийдэг. Үүнийгээ хийгээд суухаараа ач, гуч нартайгаа илүү ойр дотно болж, сургааль үгээ хэлэлцдэг. Хүүхдүүдийнхээ хийсэн хөдөлмөрийг эргээд мөнгө болгоод очихоор хүүхдүүд минь урам орж, хөдөлмөрийн амтыг мэдэрдэг хэмээн ярилаа. 

Тэрбээр "Би өнөөдөр АСА циркийн гадна ирлээ. Үр хүүхдүүдтэйгээ хамт хийсэн толгойн ээмэг, гоёлоо зарж байна. Хүмүүс настай хүн сайхан энергитэй хийсэн байх гээд их сонирхож байна.

 Цагаан сар болох гэж байгаа болохоор нийт 700-800 мянган төгрөгний гоёл авчраад сууж байна. Хүүхдүүддээ аливаа зүйлийг чанартай хийж, нүүр бардам бай гэж захидаг. Хулгай хийж, худлаа ярьсан биш, хөдөлмөрөө олон түмэндээ үнэлүүлээд суух сайхан байна. 

Залуус минь ажил гололгүй, өөрийгөө гололгүй хөдөлмөрлөөрэй. Өтөл би арван хуруу минь хөдөлж, алаг нүд минь харж байгаа тул ажиллаж л байна. Хүн хөдөлмөрлөж байхад хэнээс ч юу ч гуйдаггүй юм шүү" гэж захилаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна