Хувирамтгай могой ДАЙН ДАЖИН, ХУВЬСГАЛ, шинэчлэлийг “ДУУДДАГ”

Х.Батсайхан
5 цаг 52 минутын өмнө

Дорнын тооллын могой жил гарахад хэдхэн хоног үлдлээ. Зурхайн зурлагад буусан нь, айсуй жилийг залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, хөгшид биеэ энхрийлүүштэй гэжээ. Харин түүхийн, нэгэнтээ батлагдсан бодит үйл явдлуудыг шүүн тунгааваас, могой жил нь түүхийг өөрчилсөн, өөрчлөх их үйл хэргийн эхлэл тавигддаг, хувьсгал, улс төрийн дэглэмийн өөрчлөлт, дайн тулаанаар дүүрэн, үр дагавар нь нэг хэсэгтээ л үргэлжлэх их өөрчлөлтийн эхлэлийг тавьдаг аж. 

1881 оны могой жил ардууд нь Оросын хаан, Романовынхны удам Александр II хааныг дэлбэлж алжээ. Тэрбээр “Ардын эрх чөлөө” хэмээх бүлэглэл амь насанд нь халдах гэж байгааг урьдчилан мэдэж, явах маршрутаа хоёр ч удаа өөрчилсөн боловч үхлээс мултарч чадаагүй гэдэг.

1905 он. Хаант Оросын харъяанд байсан Польшид хувьсгал гарсныг цус асгаруулан даржээ. Тухайн үед оросууд Японтой дайтаж байсан бөгөөд дайн тэр жилдээ дууссан ч үр дагавар нь одоог хүртэл үргэлжилсээр байгаа билээ.

1917 он. Хаант Оросод Октябрийн хувьсгал яллаа. Хожмоо хүчээ авч, дэлхийн талыг бүрхсэн коммунизмын бат суурь ийнхүү бүрдсэн бөгөөд хувьсгалчид эзэн хаан Романовын гэр бүлийг хүйс тэмтрэн алж, шинэ дэглэмийн нөлөө ямар байхыг анхнаасаа л харуулсан байдаг.

1929 он. Дэлхийн хоёр бөөрөнд орших их гүрнүүдэд олон жил үргэлжилсэн их хямралын эхлэл тавигджээ. АНУ-ын хөрөнгийн зах зээлд 1929 оны аравдугаар сарын 24-нд түүхнээ “Хар пүрэв гараг” гэж тэмдэглэгдсэн үнийн уналт эхэлж, залгаад “Хар баасан гараг”, “Хар даваа гараг”, “Хар мягмар гараг”-ууд үргэлжлэв. Цаанаасаа зохион байгуулсан байж ч мэдэх энэ уналтаар эгэл жирийн америкчууд тухайн үедээ асар их капитал болох 14 тэрбум ам.доллараа алдаж, 1939 оны эхэн хүртэл 10 жил үргэлжилсэн Их хямралын жилүүд эхэлжээ.

Харин бөмбөрцгийн нөгөө талд орших шинэ тутам ЗХУ-ыг түүнээс ч хүнд зовлон эхэлж байв. Засгийн эрх авсныхаа дараа хоорондоо үзэлцэж учраа олсон коммунистууд 1929 онд нэгдэлжих хөдөлгөөнийг эхлүүлж, эздээс газрыг нь хүчээр хураан нийгэмчилжээ. Энэ нь газар тариалангийн салбарыг сүйрүүлж, түүхэнд “Өлсгөлөнгийн жилүүд” гэж нэрлэгдсэн их ядуурал, гуйланчлалын эхийг тавьсан байна.

1941 он. Нацист Герман “Барбаросс” хэмээх цахилгаан дайны төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ЗХУ-ын нутагт цөмрөн орсноор өнгөрсөн зууны хамгийн хар толбын нэг болох Дэлхийн II дайн хүчээ авчээ. Тухайн үедээ дэлхий дээр оршиж байсан 74 улсын 62 нь татагдан орж, Еврази, Африкийн нутаг дэвсгэр, бүх далайг хамран үргэлжилсэн энэхүү дайнд 40 гаруй сая хүний амь нас үрэгджээ.     

1953 он. Баруун Европ, цаашлаад дэлхий нийтийг айдаст автуулж байсан аймшигт “мангас” Йосиф Сталин нас барж, ЗХУ-ын ард иргэдийн ч заримыг баярлууллаа. 1950 онд эхэлж, гурван жил үргэлжлээд байсан Солнгосын дайн энэ жил завсарлаж, солонгосчууд түр ч гэсэн амьсгаа авчээ. Дайн албан ёсоор дуусаагүй тул нэнг үндэстэн, хоёр улсын иргэд одоо ч бие, биенээсээ болгоомжилж, айдас түгшүүр дунд амьдарч байгаа билээ.

1965 он. Энэтхэг Пакистаны дайн эхлэв. Ази тивд дайны гал дүрэлзэж, Вьетнам-АНУ-ын дайн улам хурцадлаа. АНУ дайснаа их хүчээр дарж авна чинээ санан довтолгоогоо эрчимжүүлсэн ч ялж чадаагүй гэдгийг одоо бид мэднэ. Тэр жил АНУ-ын суут хөвгүүдийн нэг Мартин Лютер Кинг хар арьст иргэдийг сонгуульд оролцох эрхийг нээхээр иргэдийн тэмцлийг удирдан боссон  бөгөөд энэ нь маш том хувьсгалын эхлэл болсон билээ. ЗХУ-д ч хожмоо “Косыгины шинэчлэл” гэж нэрлэгдсэн эдийн засгийн эрс шинэчлэлтийн бодлого 1965 оны могой жил хэрэгжиж эхэлжээ.

1977 он. ЗХУ 1936 онд баталсан, “Сталины” гэгдэж асан Үндсэн хуулийг халж, шинэ Үндсэн хууль баталжээ. Харин АНУ-д Нобелийн Энхтайвны шагналт Жимми Картер 39 дэхь ерөнхийлөгч болон тангараг өргөж байлаа. Тэрбээр АНУ-д Эрчим хүчний яам, Боловсролын яамыг санаачлан байгуулж, Вьетнамын дайны хор уршгийг арилгах үйлсэд зүтгэн уг дайны улмаас гэмт хэрэгтэн гэгдсэн хоригдлуудыг бүгдийг нь өршөөж байв.

1989 он. ЗХУ задрах эхлэл энэ жил тавигдсан гэж үздэг. Тухайн жил Монгол, БНХАУ зэрэг социалист системийн улсуудад ардчилсан хувьсгал хийх оролдлогууд ар, араасаа гарсан бөгөөд Монголынх дараа жил нь амжилтад хүрсэн бол БНХАУ 1989 оны зургадгаар сарын 4-нд Тиананьмэний талбай дээрх оюутны жагсаалыг цус асгаруулан дарсан байдаг.  

2001 он. АНУ-ын Нью Йоркийн Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг онгоц мөргөснийг АНУ Ойрхи Дорнодод аян дайн хийх шалтаг болгосон. Иракт цэрэг оруулсан, Афганистанд хувьсгал хийсэн гэх мэт, бүс нутгийн улс орнуудын амьдралд хэтэрхий хутгалдан орсон бөгөөд энэ нь улс болгонд сайн, сайхнаар тусаагүй юм. Бараг энэ бодлого нь бүтэлгүйтэж, олон улсад тараа таниулсан нь АНУ-ын хувьд нэр хүндээ алдах, улмаар одоо явж буй, бусдын хэрэгт оролцох оролцоогоо багасгах шалтгаан болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.     

2013 он. Түүхэн үйл явдлуудын учир, ач холбогдлыг тодруулахад хугацаа хэрэгтэй. Тэр нь одоогоор ирээгүй ч байж мэднэ. Зүй тогтол ёсоор 2013 онд 10 дайн, 10 мөргөлдөөн бол 127 мянга гаруй хүн амиа алдсан гэсэн статистик байх бөгөөд 2014 онд 10 мөргөлдөөний дөрөв нь дайн болон даамжирчээ /14 дайн, зургаан мөргөлдөөн/.

2025 он. Айсуй 2025 оны модон могой жил ямар, ямар чухал үйл явдал өрнөхийг таашгүй. Гэхдээ уламжлал ёсоор өөрчлөлт, шинэчлэлтийн гэдэг агуулгаа хадгалах биз. Сайн тал руугаа байгаасай.  Ялангуяа Монгол Улсын хувьд түүхэн ажлууд хүлээгдэж байгаа билээ.    

  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна