УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Завхан аймагт энэ сарын 19-ний өдөр зохион байгуулж, ахлах ангийн 200 гаруй сурагч оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгчийг төлөөлж Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа үг хэлж, хэлэлцүүлэгт оролцлоо.
Энэхүү хөтөлбөр нь сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.
Улмаар энэхүү зорилгын хүрээнд 6 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 150 гаруй багш нарыг чадавхжуулан, бэлтгэж эхлээд байгаа ба ирэх зургадугаар сар хүртэл 5000 сурагчийг хамруулахаар зорьж байна. Завхан аймгийн хувьд 354 сурагч хамрагдах бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлэх 12 багшийг сургагч багшаар бэлтгэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна