Боловсролын яам өнөөдөр өөрийн байрандаа хэвлэлийн хурал зарлаж, сайд П.Наранбаяр “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц”-ийг танилцууллаа.
2024-2025 оны хичээлийн жил бол гурван улирлын бүтэцтэй байгаа бөгөөд нэгдүгээр сард хүүхдүүд таван долоо хоног, бага сургууль нэг сар амарчээ. Энэ нь олон жилийн томуу, ханиадны дэгдэлтийг тооцож гаргасан бүтэц байсан гэдгийг сайд онцлоод 2025-2026 оны хичээлийн жил ижилхэн гурван улирлын бүтэцтэй ч амралтыг нэг долоо хоногоор нэмэгдүүлсэн байна.
Тодруулбал, бага сургуулиуд арванхоёрдугаар сарын 15-наас амарч, нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээллэж эхэлнэ. Ингээд нийт зургаан долоо хоног амрах нөхцөл бий болгосон байна.
"Ингэснээр нэгдүгээрт, түгжрэлийг бууруулна, хоёрдугаарт, хүүхдүүдийн дунд ханиад томууны дэгдэлт буурна. Дунд, ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ ахлах ангийнхан нэг долоо хоног цахимаар хичээллэнэ. Харин зургаадугаар сард нэг долоо хоног сунаж хичээллэнэ" гэж тэрбээр ярив.
Харин хөдөө орон нутгийн хүүхдүүдийн тухайд, нэгдүгээр сард бага сургууль таван долоо хоног, дунд сургууль дөрвөн долоо хоног буюу Нийслэлийн сургуулиудаас бага амарна. Гэхдээ мал төллөх үеэр хотын хүүхдүүдээс нэг долоо хоног илүү буюу нийт 14 хоног амрах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна