Өчигдөр /2025.02.26/ цахим сүлжээнд цагдаагийн алба хаагчийг машинаар чирж буй бичлэг нийтлэгдсэн мэдээллийн дагуу мөрдөн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, өчигдөр /2025.02.26/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүрний уулзвар орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнийг зохицуулах чиг үүргийг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх явцад “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийн жолооч "Д" нь шалгуулахаас зайлсхийж, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх үйлдлийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Цагдаагийн алба хаагчийн хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчилд заасны дагуу хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.
Мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай байдаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна