2020 оны аравдугаар сард юм сан. Өглөө эрт ажилдаа ирээд сурсан заншлаараа интернэт шүүрдэж суутал “Францын музей Чингис хааны сэдэвтэй үзэсгэлэн гаргахаа хойшлууллаа” гэсэн гарчигтай мэдээ байхаар нь орж сонирхлоо.
Гарчиг нь Чингис хааны үзэсгэлэнг гаргахаа хойшлуулсан мэт боловч агуулгаас нь Монгол Улс, монголчууд, Их Монгол Улсын түүх болоод үнэний талд зогссоныг мэдээд баярлаж билээ. Тэрхүү мэдээ ямар учиртай байсан хийгээд үр дагварт нь хожим ямар ажил өрнөсөн, гарчигт бичсэнчлэн, Чехэд гарч байгаа “ЧИНГИС ХААН-ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” үзэсгэлэнтэй ямар холбоотой болохыг дор өгүүлье.
“ЧИНГИС ХААН” ГЭДЭГ НЭР ХЭНИЙГ АЙЛГАДАГ ВЭ
2020 оны аравугаар сарын 12-нд Францын хэвлэлд анх гарч, маргааш нь Монгол болоод АНУ тэргүүтэй улсуудын хэвлэлээр цацагдсан тэрхүү мэдээллийг эхлээд уншигчдадаа хүргэе.
Францын Нант хотын музей БНХАУ-тай явуулж ирсэн олон жилийн хамтын ажиллагаагаа цуцалсан талаар уг мэдээнд бичсэн байв. Тус музей БНХАУ-ын ӨМӨЗО-ны музейтэй хамтран Чингис хааны тухай үзэсгэлэнг 2021 оны эхний улиралд зохион байгуулахаар тохирсон байжээ. Уг нь 2020 оны дундуур гаргахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас хойшилсон байж. Гэтэл 2020 оны намар БНХАУ-аас үзэсгэлэнгийн контекстийг өөрчлөх санал ирүүлсэн нь хамтын ажиллагаагаа цуцлах үндэслэл болсон гэдгийг уг мэдээлэлд онцолсон байсан юм.
Тодруулбал, Хятадын эрх баригчид үзэсгэлэнгээс "Чингис хаан", "Эзэнт гүрэн", "Монгол" зэрэг нэр томъёог хасч, текст, газрын зураг, каталог, харилцаа холбоо зэрэг бүх бүтээлд хяналт тавих хүсэлт гаргажээ.
Музейн удирдлага /Францын Нант хотын музейн захирал Бертран Гилет/ энэ хүсэлтийг нь “Хятад улс "Үндэсний шинэ түүхийн ашиг тусын тулд" Монголын түүхийг арилгах гэсэн оролдлого, хүн төрөлхтний түүхийг үгүйсгэсэн увайгүй үйлдэл” гэж үзсэн учир хэчнээн олон жил хамтарч байсан ч гэрээгээ цуцалсан юм. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа БНХАУ-ын саналыг яг ингэж тодорхойлсон байсан билээ.
Улсын харилцаа иргэний харилцаанаас эхтэй
Улс орон хоорондоо найрсаг харилцаатай байхын тулд иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг.
Монгол Улс, монголчуудаас гадна түүхийн үнэнд нэн хүндэтгэлтэй ханддаг Бертран Гилет хэмээх тэр эрхэм хүмүүн ярилцлагадаа “Чингис хааны үзэсгэлэнг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж”, Европ, АНУ-ын түншүүдтэйгээ хамтран Чингис хааны тухай шинэ үзэсгэлэн “босгоно” гэж хэлсэн байхыг хараад чухам яагаад Чингис хааны шууд угсаа Монгол Улсад биш Европ, АНУ-ын түншүүддээ хандана гэж хэлснийг нь тухайн үедээ ойлгоогүй ч ямартай ч монголчуудын түүхэнд хүндэтгэлтэй хандсан нь талархах сэтгэл төрж байсан юм.
Нант хотын Түүхийн музей, Нантын цайзын захирал Бертран Гилет.
Тухайн үедээ “Чингис хааны тухай шинэ үзэсгэлэнг АНУ, Европтой хамтарч шинээр босгоно гэснийг нь "Магадгүй, Монгол Улс мөн л БНХАУ-ын нөлөөнд байдаг, хараат бусаар үзэсгэлэнг хамтран зохион байгуулах чадамжгүй, дундаас нь больчихож мэднэ гэсэн болгоомжлол байсан ч байж мэднэ” шүү юм бодож байсан. Гэвч үнэндээ өөр учиртай байсныг хожим олйгож билээ.
Больсон үзэсгэлэнгийн тухайд БНХАУ-ын ирүүлсэн “Хүлээж авч болшгүй санал” гэдэгт үзэсгэлэнгийн нэрийг "Дэлхийн Хятадын тал нутгийн соёл" болгон өөрчлөх тухай байсныг бодохоор Францчууд тэр үед саналыг нь хүлээгээд авчихсан бол өдийд хэдэн хүнд Монголын талаар буруу ойлголт очсон байх байсан бэ гэж бодохоос ч халгамаар. Магадгүй, соёлын салбарын үл ойлголцол эдийн засагт нөлөөлж, манайхан “Орано”-той хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахгүй ч байсан байж мэднэ.
“ЧИНГИС ХААН-ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” үзэсгэлэнг гаргаж байгаа улс монголчуудын анд нөхөр
Одоо хамгийн сонирхолтой түүх эхэлнэ. Өнөө “АНУ, Европын түншүүдтэй хамтарч шинэ үзэсгэлэн босгоно” гэж байсан Бертран Гилет маань 2021 оны тавдугаар сарын 21-нд Монгол Улсаас Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмидийн Баттөртэй очиж уулзан, Чингис хааны түүх, түүгээр дамжуулан дэлхийн хөгжилд монголчуудын гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр харуулсан шинэ үзэсгэлэн “Босгож” байгаагаа танилцуулсан бөгөөд тэрхүү үзэсгэлэн нь одоо Чех улсын Үндэсний музейд гарч буй “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн юм.
Монгол Улсаас БНФУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр, Францын Нант хотын музейн захирал ноён Бертран Гилет, түүхийн шинжлэх ухааны доктор, хатагтай Мэрие Фаверау нар. 2021 оны тавдугаар сарын 21, Франц дахь Монгол Улсын ЭСЯ.
БНХАУ-тай хамтын ажиллагаа цуцалсны дараа Бертран Гилет Монголын эзэнт гүрэн, Ил хант, Юань, Кидан Улстай холбоотой дурсгалуудыг хадгалж буй Луврын музей, Францын Үндэсний Архив, Севрийн Үндэсний Керамикийн музей, Чимэглэлийн Урлагийн музей болон Швейцарийн Ритберг музей, цуглуулагч Сэм ба Мирна Майэрсын цуглуулга зэрэг Европын таван томоохон музей, архиваас татаж авчирсан үзмэрүүдээр шинэ үзэсгэлэн бүрдүүлэхээр зориг шулуудаж, ажил хэрэг болгож чадсан юм.
Чингис хаан бол Монголын гэхээсээ илүү дэлхийн хүн тул эд өлөг нь олон улсад байдаг, харин тэр эд өлөг нь Англи, Франц зэрэг Европын улсууд, АНУ-ын баян цуглуулагчдад байгаа учраас л Европ, АНУ-тай хамтарна гэж дуугарсан юм билээ.
Үзэсгэлэнгийн үзмэрт багтсан Ил хаант, Юань, Кидан Улс, Хүннү үеийн ховор чухал дурсгалууд нь Монгол нутгаас олдоогүй бөгөөд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын бүх харьяа улсуудын дурсгалуудыг анх удаа нэг дор дэлгэж чадсан юм.
Эл үзэсгэлэн эхлээд Францад, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Монгол дахь Чингис хааны музейд тавигдаад одоо Чехэд гарч байгаа нь энэ юм.
“ЧИНГИС ХААН-ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” үзэсгэлэнг гаргаж байгаа улс монголчуудын анд нөхөр” гэсний тухайд, энэ үзэсгэлэнг олон улсад сурталчлахыг БНХАУ хүсэхгүй байгаа нь дамжиггүй бөгөөд гаргаж байгаа улс нь тэдний нөлөөнөөс үл хамааран манай түүх, гүйцэтгэсэн үүрэгт хүндэтгэлтэй хандаж хүлээн зөвшөөрснийх гэж итгэснийх билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна