У.Нартай: Би толинд өөрийнхөө гунигласан царайг харах дургүй

Х.Есү
3 цаг 56 минутын өмнө

Бид энэ удаагийн Танилц нэвтрүүлэгтээ залуу уран бүтээлч У.Нартайг урьж оролцууллаа. Түүний хувьд “Хувьсал” продакшны “Хувь заяа”, “Аминч” уран сайхны кинонуудад гол дүр бүтээсэн юм.

-Сайн байна уу, ярилцлагаа У.Нартай гэдэг хүний тухай мэдээллээр эхэлье?

-Сайн байна уу. Намайг У.Нартай гэдэг. Би 14 настай есдүгээр ангийн сурагч.

-У.Нартай яагаад урлагт дурлав. Шалтгаан нь юу байв?

-Манай гэрийнхэн их мааз, инээдтэй хүмүүс байдаг л даа. Гэр бүлээрээ хошин шог их үздэг байсан. Тийм болохоор анх хошин шогийн жүжигчин болно гэж боддог байсан. Арай жоохон том болоод ирэхээр дэлгэцийн уран бүтээлд дуртай болж эхэлсэн.

Би ээжид кинонд л тоглоно гэж байнга хэлдэг байсан. Ээж ч намайг их дэмждэг байсан. Тэгээд кино академид 2-3 сар суралцаж байсан.

Одоо бол би “Хувь заяа” кинонд хөдөөгийн хэрсүү охины дүрд тоглоод үзчихсэн. Харин “Аминч” кинонд тэс өөр дүр бүтээж үзлээ. Одоо болохоор өөрийнхөө үеийн хүүхдүүдийн хайр дурлалтай тийм төрлийн кинонд тоглох юм сан гэж бодож байгаа.

-Кино урлагт хөл тавиад өөрөө багт нь ороод ажиллахад ямар санагдав?

-"Аминч" киноны үеэр зураггүй үедээ би цай зөөдөг ажил хийсэн. Хүмүүстэй их нийтэч болж, хамт олондоо уусаж тэр хүмүүсээс олон зүйлийг сурсан. Жүжигчний ажлаа хийж байхдаа бол байнга сандралтай байдаг. Тэгсэн мөртөө догдлол бас мэдрэгддэг. Энэ яг миний байх л ёстой газар шиг санагддаг.

-У.Нартай сошиал орчинд их идэвхтэй байдаг. Ямархуу зан ааштай вэ. Ярилцаад сууж байхад их нээлттэй санагдлаа.

-Би ер нь галзуу төрлийн хүн. Хаана инээдтэй зүйл болж байна тэнд л байж байх дуртай. Аливаа зүйлийг эгзгийг нь тааруулж инээдтэй зүйлс ярьж, хийх дуртай. Хажуугаар нь бичлэгээ хэрхэн хийх вэ. Яаж хийвэл хүмүүст хүрэх бол гэж их боддог.

Би өөрийгөө эмэгтэйлэг биш гэж боддог байхгүй юу. Их эршүүд. "Аминч" уран сайхны кинон дээр тоглосон дүр маань их уян налархай эмэгтэйлэг дүр байсан. Тэр дүрийг бүтээхэд их хэцүү байсан.

-Жүжигчин У.Уранчимэгтэй хамтарч ажиллахад ямар байдаг вэ?

-Урнаа эгч надтай жоохон хүүхэд шиг нялцганаж харьцдаггүй. Яг л том хүн шиг харьцдаг. Тэр нь надад их гоё байдаг. Асуух зүйлээ асуугаад л хэлэх зүйлээ хэлчихдэг. Надаас яаж байна, одоо яах хэрэгтэй байна гэж их асуудаг. Би чинь өөрөө их яриа хүн болохоор тэгээд л хамаагүй өөртөө болсон бүх зүйлээ ярьчихдаг.

-У.Нартайд хэр их сэтгэлээ илчилсэн мессеж ирж байна вэ?

-Надад яг тийм би чамд хайртай, чи миний краш шүү энэ тэр гэсэн чат ирдэггүй. Яах вэ сайн уу, танилцъя энэ тэр гэсэн л чатууд авч байгаа. Түүнээс биш хайрын захиа шиг сэтгэлээ илчилсэн юм арай л авч амжаагүй байна даа. Удахгүй авна гэж найдаж байна.

-Гунигласан үедээ юу хийж сэтгэл санаагаа өргөдөг вэ?

-Насандаа ч байна. Миний хувь хүний зан чанарт  маань ч байна. Би бол өдөрт 10 уйлж, 10 инээнэ шүү. Сэтгэлийн савлагаа ихтэй хүн л дээ. Нэг бол уур хүрээд л, үгүй бол сайхан зад уйлмаар санагдаад л. Тэр үедээ утас их ухах юм даа. Үеийнхэнтэйгээ ярилцаж л арай гайгүй болдог доо.

Гэхдээ би толинд аль болох гунигтай царайгаа харахыг хүсдэггүй. Тийм болохоор бас өөртэйгөө их ярилцдаг. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна