Г.Ариунтөгс: Надад шатаж байсан байшингаас хүний амь аврах нь л чухал байсан

Х.Есү
15 цаг 28 минутын өмнө

Шатаж байсан байшингаас хоёр хүний амь насыг аварсан баатарлаг залуу Г.Ариунтөгстэй ярилцлаа. 

Тэрбээр өмнө нь Онцгой байдлын аврах ангид ажиллаж байсан бөгөөд дөрвөн хүүхэдтэй залуу гэр бүлийн төлөөлөл юм. 

Шатаж буй байшингаас хоёр хүний амийг аварлаа. Тухайн үед яг юу болсон талаар ярьж өгөөч? 

-Өглөө эхнэрээ ажилд нь хүргэж өгөх гээд явж байсан чинь нэг айлын үүднийх нь амбаараас утаа гараад байсан юм. Эхлээд харчхаад хог шатааж байгаа юм болов уу гээд өнгөрсөн. Гэхдээ хараад байх нь ээ хогны утаа биш байсан. Их эвгүй санагдсан болохоор буцаж очоод харсан чинь гал гарч байсан. 

Эхлээд шууд Онцгой байдал руу залгасан. Хүн байна уу гээд орилоход эхлээд хэн ч дугараагүй. Ард талынх нь айлаас нэг ах гараад ирэхээр нь энэ байшинд хүн байгаа юу гээд асуухад байгаа гэж хэлсэн. 

Тэгэхээр нь л шууд гал гарч байгаа хэсгийн арын хэсгийн цонхыг нь хөлөөрөө жийгээд хагалчихсан. Дотор нь нэг залуу 10 гаруй насы хүү хоёр унтаж байсан юм билээ. Тэр хоёр намайг цонх хагалахад л  сэрсэн. Байшин дотор нь битүү угаар болчихсон байсан. 

Та тэгээд хамгийн түрүүнд хүүг гаргасан уу?

-Тийм. Цонх хагалангуут нөгөө залуу нь унтаж байгаад гэнэт цочоод сэрсэн юм шиг байна лээ. Хүүе яаж байна аа гэсэн. Би юу яаж байна аа гэж хурдан бос гал гараад байна. Алив хүүхдээ өг гээд авсан. Цонх хагалчихсан байсан болохоор хүүхдийг бэртээчихвий гэж их бодсон. 

Залууг гарч ирсний дараа дахиж хүн байгаа юу гээд лавлаад асуутал байхгүй гэсэн. Тэгээд онцгой байдал 10 орчим минутын дараа ирсэн. 

Гэрийн эзэн залуу танд юу гэж хэлэв?

-Амь насыг минь аварсан баярлалаа гэж хэлсэн. Маш их баярлалаа л гээд байсан. Хүүхдийг эхлээд авчхаад хажууд зогсож байсан автобусны жолоочид тэврүүлсэн. Тэр үед эхнэр хажууд байсан болохоор галаас хол байгаарай гэж хэлсэн ч дотор хүн байгаа гэдгийг нь мэдчихээд "За тийм зүйл байхгүй ээ. Дотор хүн байгаа гэнэ ээ" гэж хэлээд л гүйсэн. 

Хэн аварсан нь чухал биш ээ. Гол нь галаас хүн эсэн мэнд аврах нь л чухал байсан. Би өөрийгөө зүгээр л иргэний үүргээ биелүүлсэн гэж бодож байна. Надаас өөр хүн байсан ч тийм үйлдэл гаргах л байсан. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна