Хүүхдийн зуны спортын VIII наадмын анхан шатны тэмцээнд 19 сургуулийн нийт 1000 гаруй өсвөрийн тамирчид спортын 18 төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорихоор хуран цуглаад байна.
Нээлтэд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга Ш.Ёл, Монголын Хүүхдийн зуны спортын VIII наадмын анхан шатны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах комиссын дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, МУГТ Д.Отгондалай болон бусад холбогдох төлөөллүүд оролцлоо.
Дорнод аймаг сүүлийн жилүүдэд хүний хөгжил тэр дундаа хүүхдийн хөгжил, хамгаалалд онцгойлон анхаарч бодолгоо чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ онд гэхэд аймгийн орон нутгийн төсөвт "Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийг дэмжих" чиглэлээр нийт 69 төрлийн арга хэмжээнд 1 тэрбум орчим төгрөгийг тусгасан байна.
Улсын хэмжээнд жишиг болсон "Хүн болох багаасаа” төслийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд жил бүр спортын 17 төрлөөр давхардсан тоогоор 8000 гаруй хүүхэд, багачуудад хичээллэж байгаа юм.
Мөн орон нутийн төсөвтөө өсвөрийн шигшээ баг, тамирчид болон багийн спортод дэмжлэг үзүүлэх зардлыг тусгаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэснээр манай баг тамирчид тив, улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, өндөр амжилт үзүүлэхэд дэмжлэг болж байна.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл "Усан бассейн бүхий спортын цогцолбор"-ыг залуучууд болон иргэдийнх, одоо ашиглаж буй "Спортын ордон"-г засварлан, хүүхдийн спортын ордон болгохоор төлөвлөж буйгаа илэрхийллээ.
Дорнод аймгийнхаа нэрийг дуурьсгаж, амжилт үзүүлж буй баг, тамирчдаа онцлон дурдвал:
-Ази тивийн аварга шалгаруулах Боксын тэмцээнээс Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Эрдэнэчимэгийн Жаргалмаа мөнгөн медаль,
-2024 оны Хөнгөн атлетикийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Г.Сүхбаатар дасгалжуулагчтай баг тамирчид аварга,
-2024 оны Мини волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Х.Өнөртуяа дасгалжуулагчтай 12 насны бага тамирчид анх удаа аварга болсон.
-2024 оны Өсвөр үеийн Хөлбөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Н.Өлзиймягмар дасгалжуулагчтай 14 насны баг, тамирчид амжилттай оролцож анх удаа аварга,
-Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хэрлэн сумын Хан-Уул сургуулийн 10 дугаар ангийн сурагч Гоомарал амжилттай оролцож, хүрэл медаль,
-Бүстэй бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Цагаан-Овоо сумын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Аминдэм амжилттай оролцож, мөнгөн медаль тус тус хүртсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна