Өнгөрсөн долоо хоногт /2025.05.21/ МАН-ын Бага хурал хуралдаж, Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг шинээр бүрдүүлэх тухай тогтоолыг батлахыг дэмжих эсэх" томьёоллоор санал хураалт явуулсан юм.
Бага хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн намын гишүүддээ дараах агуулгыг голчлон байр сууриа илэрхийлснийг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа нээлттэй илэрхийллээ.
Нэгдүгээрт,
Бага хуралд үг хэлсэн 40 гаруй хүний үгнээс хамтарсан Засгийн газар нь улстөрийн намын хувьд өрсөлдөгч улстөрийн хүчнээ бэхжүүлж байна гэдэг намын гишүүдийн мэдрэмж, мэдээлэл анхан, дунд шатандаа үнэхээр хурцадмал асуудал болсныг тэндээс ойлгов. Тиймээс ч нам Ерөнхий сайдын асуудал хөндөгдсөн энэ хугацаанд дээрх жил орчим хуримтлагдсан асуудлаа шийдэнгээ Ерөнхий сайдын асуудлыг шийдээд авъя гэх зорилго, ойлголттой байсан.
Хоёрдугаарт,
Хурлын үеэр намын 8 гишүүний асуусан асуултад Ерөнхий сайдын зүгээс, дараах хариултуудыг өгсөн.
Хүүтэй нь холбоотой асуудалд эсэргүүцэл илэрхийлсэн жагсаалын тухайд тэрбээр “Миний хүүгийн асуудлыг хуулийн байгууллага шалгаад хариу нь гарах байх аа. Миний хувьд орлогоо нотолно. Орлогоо нотлох ёстой гэсэн залуусын шаардлагад хүндэтгэлтэй хандаж байгаа. Ийм эргэлзээтэй асуудал үүсгэсэндээ олон нийтээс уучлалт гуйсан. Намын нөхдөөсөө ч уучлалт гуйж байна. Хувь хүний асуудалд та бүхэн эргэлзэх хэрэггүй, үнэн мөнөөрөө тогтоогдоод гараад ирнэ” гэдгээ илэрхийлсэн юм.
Гуравдугаарт,
Хурлын үеэр Ерөнхий сайд намын гишүүдийн хэлсэн санал, асуултад
Хамтарсан засгийн газар одоогийнхоороо явах, эсэх намд сөрөг нөлөөтэй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн тал орчим нь, Бага хурлын гишүүдийн ч бараг тал нь үзэж байх шиг байна. Миний хувьд хамтралын давуу талууд буюу олон жил гацсан төсөл, хөтөлбөрүүд эхнээсээ хэрэгжиж эхэлсэн тухай хэллээ мөн улстөрийн намын хувьд сөрөг талууд ч байгааг хэллээ. Та бүхэн өөрийн оюун бодолдоо тунгаагаад шийдвэрээ гаргаарай. Гэхдээ хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт “Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх зарчмыг үнэт зүйлээ болгон” тусгасан.
Одоогийн хамтралд хүрэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд миний зүгээс маш их хүчин чармайлт гаргасан, Ардчилсан нам, ХҮН намын хувьд ч маш том зориг, тэвчээр гаргасан учир та бүхэн одоогийнхоороо явах боломжгүй гэж үзвэл би ёс зүйн хариуцлага хүлээж огцрох нь зөв сонголт болно. Гэхдээ улс орны эрх ашгийг бодолцон одоогийн хамтралыг үргэлжүүлбэл би итгэл хүлээн ажлаа үргэлжлүүлнэ ээ гэж хэлсэн.
Дөрөвдүгээрт,
Бага хурлаас гарах анхнаасаа бэлдсэн Тогтоолын төсөл болон саналын томьёолол буюу “Хамтарсан засгийн газрын гэрээгээ зөрчсөн улстөрийн намыг засгаас гаргаж, шинээр Засгийн газар байгуулахыг дэмжих үү?” гэсэн саналын томьёолол болон тогтоолын төслийн цаад зорилгыг сая л нэг юм буюу хамтарсан засгийн газрыг бутаргах эсэхэд саналаа өгөх нь Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал болохыг ойлгоцгоож, бэлдсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахыг Бага хурлын гишүүдийн дийлэнх нь эсэргүүцсэн.
Тавдугаарт,
Ерөнхий сайд “Одоогийн саналын томьёоллоор санал хураах нь намайг огцруулах эсэх болон бусад олон салаа утгыг агуулаад байна гэсэн та бүхний болгоомжлолыг ойлгосон учир эхлээд та бүхнээс тавьсан гэрээг зөрчсөн намыг гаргах эсэхээр санал хураагаад өнөөдрийн хурлыг хаая. Та бүхний гаргасан саналын үр дүнгээс хамаараад миний хувьд хамтарсан намуудтайгаа асуудлаа зөвшилцөж, дараагийн шийдвэрээ гаргая” гэж хэлээд санал хураалтыг зөвхөн гэрээ зөрчсөн улстөрийн намыг Засгийн газраас гаргахыг дэмжих үү? гэсэн агуулгаар санал хураалт явуулж 61 хувь нь үндсэндээ гэрээ зөрчсөн намыг гаргахыг дэмжсэн" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна