Л.Энх-Амгалан: НДШ төлж байгаа иргэний дөрөв хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлалын тогтолцоо руу шилжүүлнэ

М.Маралмичид
Өчигдөр 15 цаг 07 минут

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Тэрээр "МУ-ын хамтарсан ЗГ 14 мега төсөл 14 бодлогын шинэчлэлт хийхээр гэрээ байгуулсан. Тэрний хүрээнд хамгийн том шинэчлэлт бол татварын шинэчлэлт, тэтгэврийн буюу нийгмийн даатгалын шинэчлэлт байсан. Өнөөдөр хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна. Яагаад огцорчхоод ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ гэж иргэд шүүмжилж магадгүй. Энэ хууль өөрөө цаг хугацаа шаардсан, тодорхой эх үүсвэр шаардсан, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх шаардлагатай учраас өнгөрсөн хугацаанд олон нийтийн дунд хийсэн хэлэлцүүлгийг үндэслэж өнөөдрийн хуулийн төслийг өргөн барьж байна. Ингээд анх удаа Монгол Улс тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх гэж байна. Энэ хууль батлагдвал нэг эх үүсвэрээс биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг нээж байна. Манай тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 54 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт байхгүй болно.
Хоёрдугаарт НДШ-ийн талаарх асуудал. НДШ төлөөд л байдаг эргээд бидэнд ямар ашигтай вэ гээд яригдаад байдаг. НДШ-ээ бууруулах нь зөв гэсэн 100 мянган хүний санал гарсан.
Өнөөдрийн УИХ-д өргөн барьсан хуулиар ажил олгогчид дээр бид 2 хүртэлх хувийн шимтгэлийг бууруулах чөлөөлөлтийг олгож байна. НДШ төлж байгаа иргэн дээр бид дөрөв хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлалын тогтолцоо руу болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байна” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна