ХҮН үлдэх үү, Үндэсний эвсэл, ИЗНН орж ирэх үү

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 00 минут

-Хамтрал үргэлжлэх эсэх нь хэн Ерөнхий сайд болохоос хамаарна-

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг тодруулна. Улмаар шинэ Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх учиртай. Гэхдээ Бага хурлаас бас нэг чухал шийд гаргах ёстой нь “Дангаар засаглах”, “Хамтарч засаглах” хоёрын нэгийг сонгох явдал.

Дангаар засаглахын тухайд, сандал суудалд ач холбогдол өгөгсөд нь дэмжиж байгаа бол эрсдлийг арай бодитоор тооцоолж, “Хамтралаа авч үлдэх хэрэгтэй” гэсэн гишүүд ч байна. Тэдний нэг болох Ц.Даваасүрэн “Хуулийг Парламентын 50+1 хувийн саналаар баталдаг болсон. Манай бүлэг 68 гишүүнтэй ч бүгдээрээ чуулгандаа суух болов уу. Хүнд өвчин зовлон гээд янз бүрийн юм тохиолдоно шүү дээ” гэж мэдэгдсэн.

Энэ ч үнэн. Гишүүн л “Өвчин зовлон” гэж зөөллөж хэлж байгаа болохоос гадаад дотоод томилолтод ч явж чадахгүй болох нь туйлын үнэн. Тийм ч учраас Хамтралыг үргэлжлүүлэх тал дээр олонх нь бооцоо тавьж байгаа гэх.

Яг одоогийн байдал бол, ХҮН нам арай ч Засгаас гарчихаагүй, шинэ Ерөнхий сайдыг царайчилж, хатавчинд нь хоргодох найдлага тээж буй. Т.Доржханд Лу.Гантөмөр шиг “Засгаас гарна” гэж хэлээгүй байгаа болохоор нь ингэж хэлж байгаа юм.

Царайчилж гэсний учир нь МАН-ын Бага хурлаас гарсан тогтоолд “Гэрээгээ зөрчсөн намуудтай хамтрахгүй” хэмээн яг ямар нам гэдгийг тодорхойлохгүй үлдээсэн.

Засаг унахаас өмнө энэ нь Ж.Золжаргалаар нь барьцаалж үгэндээ оруулах буюу хэзээ ч хамаагүй хөөх нээнтэгтэй байлгах арга мэт харагдаж байсан. МАН дангаар засаглахаар шийдсэн тохиолдолд энэ хувилбар хэрэгжинэ. Харин хамтралаа үргэлжлүүлнэ гэвэл МАН өөрсдөө Засгаа огцруулсан учраас ач холбогдолтой биш гээд л үлдээнэ. Өнгөрсөн чуулган дээр Т.Доржханд Л.Оюун-Эрдэнийг эцсээ хүртэл хамгаалсан ч Хамтарсан Засаг, хамтралыг дэмжих талд байнга зогссон гэдгээрээ шинэ Засгийн газарт үлдэх найдлага бий.

Нэмэлт хувилбар нь Үндэсний эвсэл болон Иргэний зориг ногоон нам. Хоёул нийлээд ХҮН-ий дайны суудалтай. Гэхдээ Засагт хамтрах эсэх нь мөн л Ерөнхий сайд хэн болохоос хамаарах гэнэ.

Шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын гаднаас томилбол дангаар, УИХ дотроос томилогдвол хамтарч Засаг байгуулах талдаа магадлал илүү. Гэхдээ ЕС болсон хүний байдал бас нөлөөлнө. Үндэсний эвсэл жишээ нь, яригдаж байгаа кандидатуудаас заримыг нь онцолж, хэрвээ Ерөнхий сайд болбол хамтрахгүй, сөрөг хүчнээ хийнэ гэдэг байр суурь илэрхийлсэн гэсэн мэдээлэл ч байгаа юм.

ИЗНН-ын хувьд дарга Б.Батбаатар нь “Шилний цаанаас чихэр долоодог нам биш” гэж мэдэгдсэн.

Тэгэхээр МАН-ын хувьд хэнийг Ерөнхий сайд тавих вэ гэдэг нь ардаа олон хувилбартай толгой өвтгөсөн гол асуудал бөгөөд өнөөдөр хуралдах байсан Удирдах зөвлөлийн хурал хойшилж, Бага хурлын товыг эргэлзээтэй байдалд оруулсан нь ч нэгийг хэлж байна.  

Тодруулбал, "МАН", "МАН+ХҮН", "МАН+ҮЭ+ИЗНН" хувилбарын аль нь хэрэгжихийг хэлэхэд эрт хэвээр байна. 

Олон нийтийн хувьд, хэтэрхий субьектив асуудлаар огцорсон Хамтарсан Засгийн эхлүүлсэн ажлуудыг асуудалгүй үргэлжлүүлж дуусгах хүнийг л хүсэж байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.16
    Өчигдөр

    Onts ih hural huraldaaguigees hoish 11-r sard namiin ih hural hudaldaj dargaa songono ES soligdono 5 Han sariin hamtran 5han ugend tanigdanaESsuudlaas ogtsorson bolohoos manikin dargiin suudliig ih hurlaar l shiidver ATG orlogoos notlood 17 sayaiin huuli bus orlogo Olson bol namiin darga as zailuulah biz

    Хариулах
  • 202.55.188.84
    Өчигдөр

    ИЗНН ийг ёстой ямар нам гэхэв хасвал таарна.

    Хариулах
  • 59.153.112.55
    Өчигдөр

    Мэдээж МАН ХҮН ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ байлгүйдээ. НАРА гишүүн ИЗНН-г гэр бүлийн нам гээ биздээ.

    Хариулах