С.Наранцогт "Эрдэнэс Монгол" ХК-ийг ТӨК-иудын ашгийг шингээдэг “Мөнгөний машин" болгосон уу

Zuv.mn
Өчигдөр 18 цаг 52 минут

Төрийн өмчийн Стратегийн ордуудын менежментийг хийдэг “Эрдэнэс Монгол” Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Сангийн яамны хамтарсан шалгалт орсон талаар бид мэдээлсэн билээ.

Шалгалт дуусаагүй тул дүгнэлт гараагүй. Гэхдээ “Эрдэнэс Монгол” компанийг Стратегийн орд газруудаас орж ирдэг татаасыг үр ашиггүй зарцуулах “Мөнгөний машин” болгосон асуудал сөхөгдөж магадгүй байна.

Үйл ажиллагааны зардал өсгөх бол нэг төрлийн хулгай гэдгийг одоо олон нийт мэддэг болсон.

“Рио Тинто” “Оюутолгой” ХХК-ийн менежментийг авч явдаг нэрээр 18 төрлийн үйлчилгээний төлбөр тооцдогийг  дээр дооргүй “Луйвар” гэж мэддэг. 66 хувийг нь эзэмшдэг буюу өөрийнхөө компанийг ажиллуулсныхаа төлбөрт Монголын баялгаас жил бүр асар их хэмжээний мөнгө авч байгаа учир ингэж нэрлэдэг.

“Нүүрсний хулгай” гэж нэршсэн түүхэнд байгаагүй том хулгай луйвар тээврийн зардлаар дамжиж явагдсаныг бид Нийтийн сонсголын үеэр мэдэж авцгаасан. Өөрөөр хэлбэл, зардал өсгөх бол нэг төрлийн хулгай мөн гэдгийг ойлгосон.

Тэгвэл “Эрдэнэс Монгол” компани, ялангуяа захирал С.Наранцогт дээр үүнтэй төстэй асуудал үүсч магадгүй аж.  

“Эрдэнэс Монгол” бол Стратегийн ордуудын төрийн мэдлийн хувийг эзэмшдэг компаниудыг нэгтгэдэг, толгой компани. Үүнийхээ хариуд Стратегийн орд тэргүүтэй Төрийн өмчит 34 компаниас орлогынх нь хоёр хувийг татаж амьдардаг газар.

С.Наранцогтыг захирлаар томилогдох үед тус компани 80 орчим ажилтантай байжээ. Харин С.Наранцогтын өнгөн дээр 150 гаруй ажилтантай болсон аж.

Цалин хангамж нь ч маш өндөр буюу мэргэжилтэн дөрвөн сая, хэлтсийн дарга найман сая, ахлах менежерүүд 12  сая төгрөгийн цалинтай. Салбар компанид ажиллаж байгаа хүнийг толгой компани дээр давхар цалинжуулдаг гэх мэтээр асар их зарлагатай газар болгож хувиргасан байна.

Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д орсон энэ удаагийн шалгалт С.Наранцогт халагдахаас гадна компанид бүтцийн өөрчлөлт хийж, цомхон болгох өөрчлөлтийг дагуулж магадгүй байна. Учир нь, орон тооны нэмэгдлээр “Эрдэнэс Монгол” ХК-д ажилд орсон хүмүүсийн дотор С.Наранцогтын хамаатан садан, ойрын хүрээллийн хүмүүс олон байдаг аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна