УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан цуцлагджээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр “УИХ-ын гишүүд Байнгын хорооны хуралдаандаа идэвхтэй оролцож, зөвшилцлийн замаар хуулийн төслүүдийг хэлэлцэхэд анхаарахгүй бол нэг заалт нь таалагдахгүйгээс болж, хуулийн төслийг ажлын хэсэг рүү ахин дахин буцаах, бие биедээ ацаг тавих зэргээр хууль тогтоох байгууллагын ажилд саад учруулж байна” гэж мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, Байнгын хороогоор хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх шийдэгдэхгүй байгаагаас УИХ-ын чуулганаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нөхцөл бүрдэхгүй болж болзошгүй гэдгийг анхааруулж байсан юм. Түүнийг ингэж мэдэгдэхээс өмнө Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд намаараа талцан санал зөрөлдсөнөөс Д.Цогтбаатар хуулийн төслийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулж, “Өмнөхөөс 10 дахин их хөдөлмөрлөж байж хууль батлах шинэ нөхцөл байдал үүслээ” гэж мэдэгдсэн юм.
Өөрөөр хэлбэл, Хамтарсан Засгийн газрын үед бий болсон ойлголцол үгүй болсноор хууль батлах үйл явцад хүндрэл учирч, УИХ-ын үйл ажиллагаа доголдох магадгүй нөхцөл байдал үүсэх вий гэсэн болгоомжлол байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна