Жендэрийн Үндэсний хорооноос Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) төслийн хүрээнд жендэрийн өөрчлөлтийн арга зүйг нэвтрүүлэх, жендэрийн дүн шинжилгээнд суурилсан хариуцлагатай бодлого, төлөвлөлт, төсөвлөлт боловсруулах менторшип хөтөлбөр Дундговь аймагт хэрэгжиж эхэллээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд Жендэрийн Үндэсний эксперт Б.Оюун, Үндэсний сургагч багш О.Туяа нар энэ сарын 9-10-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн нартай уулзаж, хөтөлбөрийн зорилго, зорилтыг танилцуулахын зэрэгцээ жендэрийн тэгш байдлыг хангах асуудал нь зөвхөн асуудал хариуцсан ажилтны үүрэг бус Жендэрийн Тэгш Байдлыг хангах тухай хуульд зааснаар бүхий л шатны байгууллагын удирдах ажилтнууд, гүйцэтгэх ажилтнууд, хүн бүрийн үүрэг бөгөөд бодлого, шийдвэр, хөтөлбөр төслийн үр дүн жендэрийн тэгш бус байдал, түүнийг бий болгож байгаа суурь шалтгааныг арилгах нь Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хангах үндсэн арга зүй болох талаар нөлөөллийн уулзалт хийв.
Мөн энэ үеэр аймгийн Жендэрийн салбар зөвлөлийн гишүүд, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудад “Жендэрийн өөрчлөлтийн арга зүй, түүнийг бодлого, төлөвлөлтөд ашиглах нь” сэдвээр онол, практикийг хослуулсан сургалтыг зохион байгууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна