Тээврийн хэрэгслийн татварыг хоёр иргэний “саналаар” гурав дахин нэмжээ

Zuv.mn
17 цаг 28 минутын өмнө

НИТХ өнгөрсөн жил нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх, засвар, арчлалтыг сайжруулах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор авто тээврийн хэрэгсэл, өөрөө явагч хэрэгжлийн татварыг гурав дахин нэмэх шийдвэр гарган, хэрэгжүүлж буй. “Энэхүү шийдвэрийг НИТХ дураараа гаргасан, иргэдээсээ асуугаагүй” гэсэн утгатай гомдлыг иргэд өргөдөл гомдлын системд байршуулж, 30,000 иргэн дэмжсэн тул уг асуудлыг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн явцад Нийслэлийг төлөөлж ирсэн албан тушаалтнууд шийдвэрээ хамгаалж,  “Татвар тогтоох эрх нь хуулиараа орон нутагт байдаг. Бид иргэд буюу татвар төлөгчдөөс асууж, оролцоог нь хангасан. 2024 оны дөрөвдүгээр сард иргэдээс цахимаар асуусан. Арваннэгдүгээр сард Хүүхдийн ордонд Нийслэлийн төсвөөр хэлэлцүүлэг хийж, дараа сарынх нь 4-ний өдөр тогтоол шийдвэр гарсан. Процессын алдаа гараагүй. Гарсан тохиолдолд Хууль зүйн яам бүртгэхгүй” гэдэг тайлбарыг өгсөн.

Гэвч асуудлыг хэлэлцэж байгаа гол шалтгаан болох “Иргэдийн саналыг авах” шаардлагыг хангахдаа цахим хэлбэрээр санал асуулга явуулж, түүнд нь хоёрхон хүн оролцсон нөхцөл байдал тогтоогдсон нь Байнгын хорооны гишүүдийг гайхашруулсан юм.

Тодруулбал, “Цахим хэлбэрээр явуулсан санал асуулгад хоёр иргэн ороцлсон. Хуульд хэлэлцүүлэгт заавал 200, эсвэл 2000 иргэн орох ёстой гэсэн тодорхой тоо байхгүй учраас хуулийн шаардлагыг хангасан гэж үзсэн” гэж тайлбарласан. Үүнийг сонсоод гишүүдийн зарим нь бухимдаж эхэлсэн.

Тухайлбал, гишүүн Д.Пүрэвдаваа “Зам муудсан, мөнгө хэрэгтэй гэдэгтэй маргах юм байхгүй. Өмнө нь 50 тэрбум байсан бол 150 тэрбум болгоод, түүнийгээ зарцуулах асуудал яригдсан. “Хуульд татвар төлөгч ямар эрхтэй вэ, зөрчигдсөн тохиолдолд яадаг вэ” энийг хариулаад орхи.

Нийслэлийн ИТХ-ын хүлээн зөвшөөрөгдөх  байдал муу байгаа учраас энэ асуудал орж ирсэн. Татвар төлөгч татвар тогтоох шийдвэрт санал өгөх эрхтэй. Татвар төлөгчийн үндсэн эрх. Дахиад нийслэлийн ямар нэг асуудлаар иргэд 30-40 мянгаараа гарын үсэг зураад ороод ирвэл яах вэ. Энэ бол ИТХ журамдаа өөрлөлт оруулаад иргэдээ сонсох тал дээр хаалгаа том нээх цаг болжээ гэдгийг л харуулж байгаа юм” гэсэн бол Ц.Даваасүрэн “Хуулийн зүйл заалт, шаардлагыг хангасан гэж үзэж болно. Гэхдээ энэ чинь нийгэмд яаж сонсогдох вэ. Татвар нэмэх гэж байгаа бол тусгайлсан хэлэлцүүлэг хийх ёстой. Гэтэл төсвийн хаяанд хэлэлцүүлсэн гэж байгаа нь учир дутагдалтай” гэсэн юм.

Дээрх шүүмжлэлийн хариуд Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Бид эхэндээ дөрөв дахин нэмэхээр төлөвлөж байсан юм. Санал асуулга, хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гаргасан саналыг үндэслэн гурав дахин нэмэхээр оруулж өгсөн” гэсэн бол өөр нэг дарга “Өнөөдөр 1-3 тоннын даацтай ачааны машины жилийн татвар 130,000 байгаа. Тийм машинаар зуслан руу нэг удаа ачаа зөөхөд 150,000 төгрөг болно. Нэг удаа ачаа зөөх мөнгөөр жилийнхээ татварыг төлнө гэдэг боломжийн” гэж хариулсан нь гишүүдийг бүр ч их бухимдуулсан юм.

Улмаар Ж.Баясгалан гишүүн "Та нар санал асуулга явуулахаар яагаад хоёрхон хүн ордог, нэг хүн өргөдөл гаргахаар яагаад 33,000 хүн оролцдог юм бэ" гэсэн бол Г.Ганбаатар гишүүн "Татвар нэмж болно. Гэхдээ нэмэхдээ хуулийн боломжийг тултал ашиглаж, боломжит дээд хэмжээнд нэмээд байгаад чинь дургүй хүрч байна" гэж хүртэл хэлсэн юм. 

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.57
    15 цагийн өмнө

    ТЭГВЛ Талх бензинээ 5дахин нэмчихээ хө Ард олон ЯАХЫГ ХАР ТЭГЭЭД

    Хариулах