Засгийн газрын тогтворгүй байдлыг Нийслэлд "ХАЛДААХ" сонирхол

Zuv.mn
Өчигдөр 20 цаг 22 минут

Улс төрийн том хүчний ажил явуулж байгаа арга барил төрийн арга барил болдог. Үүнийг мэддэг болохоор монголчууд ч хэрэндээ анхаарч, намын нөхцөл байдлыг авч үздэг байсан. 

АН талцалтай байхад “Хэрүүлээ Парламент руу чирч оруулж ирээд улсын зовлон болгож мэднэ” гээд суудал өгч байгаагүй нь нэг л жишээ. Тэгвэл 12 жил тасралтгүй засаглах гэж байгаа МАН-д яг юу болоод байна вэ гэдэгт анхаарал хандуулах цаг болсон байна.

Сонгогчид санаж байгаа бол, УИХ Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй байхаар шийдсэний маргааш л “Одоо Х.Нямбаатарыг огцруулъя” гэдэг “давлагаа” эхэлсэн. Энэ бол нам дотроо нэг фракцын тэргүүн гэгддэг байсан Л.Оюун-Эрдэнийг унагаад зогсохгүй фракциар нь үгүй хийх хэмжээний тэмцэл МАН дотор өрнөж байгаагийн шинж. Харамсалтай нь энэ тэмцэлд Хамтарсан Засгийн газар үрэгдсэн бол одоо Нийслэл үрэгдэх болоод байна. 

Хамтарсан Засгийн газар ямар том ажил амжуулсан, унаснаараа юу алдсан бэ гэдгийг монголчууд мэдэх цаг нь арай болоогүй. Тэр ч утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д өргөн барихдаа “Үгүй ядаж ирээдүйд юу болохыг монголчууддаа сайн хэлж захиад авья” гэж бодсон гэдэг нь илт байсан. 

Тэр ч ёсоор, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцсэн чуулганы хуралдаанд хэдий гишүүд, тэр бүү хэл Ерөнхий сайд хүртэл тойруу утгаар хариулж байсан ч цаанаа ямар асуудал яригдсаныг бүгд ойлгосон, ойлгоогүй гэхэд мэдэрсэн болов уу. 

Монголын төрд институц гэж байхгүй, монголын улстөрд үзэл санаа идеологи гэж байхгүй, хэн түрүүлж улстөрд орсон, хэн ахмад настай, хэн сайн зодолдож чаддаг нь Үндсэн хуульд заагаагүй эрх мэдэл эдэлдэг, захирдаг юм шиг сонин байдлыг тэр хурлаас ойлгож авсан. 

Монголчууд парламентаа 126 гишүүнтэй болсны давуу талыг мэдэрч, залуу гишүүдийн бие даасан байр суурийг сонсож баяссанаас бусдаар маш гунигтай хуралдаан болж өнгөрснийг бүгд санаж байгаа.

Монгол Улс 2022 оны хоёрдугаар сараас хойш геополитикийн нөхцөл байдалтай холбоотой гарч ирсэн хэсэгхэн зуурын боломжийг ашиглахын тулд, хамгийн гол нь, АНУ-ын тууштай дэмжлэгийн хүчээр 30 жил амьсгалсан ардчиллаа цаашид аль болох удаан хугацаанд авч үлдэхийн тулд л сонгуулийн холимог тогтолцоог сонгож, олон ургальч үзэл, иргэдийнхээ өөр, өөр үзэл бодолтой байх боломжийг бүрдүүлэхийн тулд парламентад олон нам оруулж ирдэг онцлогтой, бүгд хамтарч байж л улсаа авч явдаг Сонгуулийн холимог тогтолцоог сонгосон. “Энэ хүчин чармайлтын гол хүч нь би шүү, би унаснаар энэ үзэл санаа ганхах магадлалтай болно шүү” гэдгийг л Ерөнхий сайд хэлээд байсан гэж мунхаглана.

Тэгвэл Засгийн газрыг цэвэр өөрийн хүн болох Г.Занданшатарт атгуулсан Ерөнхийлөгчийн дараагийн алхам нийслэлд өөрийнхөө хүнийг тавихгүй гэж найдах шалтгаан юу билээ. Нийслэлийн даргаар хэний хүү хэн байх нь хамаа алга.

 Гэхдээ, процессын хувьд, Ерөнхийлөгч ард түмний нэрийг барьж байгаад хэнийг нэр дэвшүүлэхээр зөвшөөрөв, залуусын тэмцэл эцэстээ хэнд ашигтай тусав гэдгийг ялгаж салгах боломж нэг үеэ бодвол бүрдсэн байна.

 Ил тод байдал, ардчилал, шударга ёсыг хүсэмжилсэн залуусын тэмцэл ардчилсан намыг хүчгүйдүүлснээр, хүний эрх эрч чөлөө, хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгийн ихээр нандигнан хамгаалдаг АН-д л халтай туслаа. 

Ард түмэн гэж ярьж байгаад яг өөрийнхөө хүнийг, Г.Занданшатарыг дэвшүүлсэн. Одоо шинэ Ерөнхий сайд болоод ямар бодлого явуулахыг ядаж нэг жил харж байж Нийслэлээр оролдохгүй бол МАН доторх хүчний харьцаа хэтэрхий нэг тал рүү хэлбийж, “Чонын амнаас гараад барын аманд“ гэдэг болж мэднэ..

Нийслэл бол улсын хүн амын тал нь амьдардаг, амьтай субьект. Бие даасан статустай, түүндээ итгүүлээд бонд босгож, асуудлаа шийдэх гэж яваа. Ийм үед Нийслэлийг оролдох нь бидний айдаг, болгоомжилдог нөхцөл байдал руу бүрмөсөн түлхчих вий.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.242
    6 цагийн өмнө

    Нямбаатар уг гараашнуудыг буулгасан. Гэхдээ замын чулуун хашлага, бродюр солих, автомашины татвар нэмэх зэрэг зөндөө муу ажил хийсэн. Халагдах нүгэлтэй.

    Хариулах
  • 66.181.180.109
    11 цагийн өмнө

    Хүрэлсүх бушуу тонилоосой. Хотоор оролдвол өөрөөр нь оролдонодоо!!!

    Хариулах
  • 66.181.176.165
    14 цагийн өмнө

    ХОТООР БҮҮ оролд. ҮНЭН. Нямбаатар иргэдэд таалагдсан олон ажлыг хийж байгаа. ӨМНӨХ дарга нарын үед байсан шиг АВЛИГАЖСАН хотын захиргаа хэнд ч хэрэггүй. Нямбаатараар оролдвол хотын иргэд ерөнхийлөгчийг ч зайлуулах болно

    Хариулах
  • 103.168.34.24
    Өчигдөр

    Пялдагадах гэж л энэ байх даа, Айхад өвс хүртэл хөдөлгө

    Хариулах
  • 66.181.161.201
    Өчигдөр

    Маш зөв

    Хариулах