Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нийслэл хотод явуулж байгаа бүтээн байгуулалт, тодруулбал бордюрыг сольж буй асуудлаараа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Улаанбаатар хот 2024 оныг хүртэл дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангадаггүй Бордюр ашигладаг байсан. Муу чанарын бордюр нь 1-2 жилийн дараа халуун хүйтэн, бороо цас, давс бодис гээд олон сорилтыг давалгүй үйрч бутраад эвдэрчихдэг тул ойр ойрхон сольдог байв.
Бетоны орц найрлага буруу, цемент бетоны орц бага - бусад материал их, хувийн компани, хувь хүмүүс ямар ч хяналтгүй бетон эдлэл ихээр үйлдвэрлэж нийлүүлдэг байсан, намар орой үйлдвэрлэгдсэн бат бэхээ авч амжаагүй байхад нь талбай дээр суурилуулсан, өвөл давс бодис цацдаг боловч тухай бүр цэвэрлэхгүй нууханд удааснаас гэх мэт шалтгаануудын улмаас бордюрнууд үйрч бутарч жил болгон шахуу солихоос өөр аргагүй байсан.
Харин 2024 онд Нийслэл Улаанбаатар хот замын хашлагаа байгалийн чулуун бордюраар солих шийдвэр гаргаж өнөөх хотын дарга нь сонгуультай зэрэгцэн бордюр солих ажлыг эхлүүлэв. Энэ бордюрыг 20 түүнээс дээш жилийн хугацаанд солихгүй. Замын мэргэжилтнүүд 30-50 жилийн настай гэж хэлж байгаа. Жил ирэх тусам бордюрны тухай асуудал гарахгүй болно гэсэн үг.
Мөн энэ жилээс эхлэн хотын явган замыг байгалийн чулуугаар солих ажлыг эхлүүлээд байна. Үндэсний компаниудын гүйцэтгэж байгаа ажилд Нийслэлийн зүгээс аль болох тусалж дэмжиж ажиллаж байна. Хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөн зохицуулалт, ажлын дэс дараа график гээд асуудлууд үүсэж байгааг маш сайн ойлгож байгаа.
Бүтээн байгуулалтын хугацаа богинохон, урин дулаантай уралдаж 9 сард сургууль орохоос өмнө энэ хэдэн ажлуудаа хийгээд авбал хот минь өнгө нэмж, цэвэр цэмцгэр болно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна