“Онтрэ гоулд” дээр онцгойлон анхаарах ёстой
Оюутолгойн зэсийн уурхайн олборлолт оргил үедээ очсон. Гэсэн ч Монгол Улс зэсийн зах зээлд том тоглогч болж байгаа бус “Рио Тинто” л том тоглогч болж, ашиг өгөөжөө өсгөж байгаа нь 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний эмгэнэл юм.
Өөрөөр хэлбэл, 2009 онд байгуулсан, одоо мөрдөгдөж байгаа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улс Оюутолгойгоос татвар л авахаас бус /2009 оны татварын орчингоор/, ногдол ашиг авахгүй, компанийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхгүй хэвээр байгаа юм.
Гэхдээ яг одоо яригдаад байгаа “Онтрэ гоулд” ХХК-ийн эзэмшиж буй хоёр тусгай зөвшөөрөл дээр сайтар ажиллаж, “Рио Тинто”-г буулт хийлгэж чадвал өгөөжөө бага ч гэсэн нэмэх боломж бий. Боломжийг бодит болгох олон эгзэг яг одоо бүрдээд байна.
Ойрын ирээдүйд зэс нь хамгийн их эрэлттэй, үнэ ханш өндөр тогтох металл байх нь гарцаагүй болсон тул яг одоо уул уурхайн үндэстэн дамнасан корпорациуд зэсийн үйлдвэрлэлээ нэмэхээр хүчээ дайчилж, өөр, хоорондоо өрсөлдөж байна.
“Рио Тинто” ч энэ өрсөлдөөнд байгаа нь мэдээж бөгөөд Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулж, түүнээс өмнө “Туркойз хилл“-ээс “Айвенхоу майнз”-ыг шахан гаргасан нь энэ өрсөлдөөний нэг хэлбэр юм. Мөн АНУ болон бусад улсад зэсийн том уурхайтай болохоор эрчимтэй ажиллаж байгаа гэсэн мэдээлэл гарч буй. Тиймээс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт Рио Тинтогийн хувьд маш чухал, зэсийн салбарт өрсөлдөгч хэвээр байх эсэхийг шийдэх хэмжээний асуудал болоод буй.
“Рио Тинто” монголчуудыг залилсан учраас шударга ёс үйлчлэх ёстой
Оюутолгойн ил уурхай ашиглалтад орсон цагаасаа өр төлж эхэлсэн бөгөөд төлөлтийн багагүй хэсэг нь хүүнд явдаг болсон. Компанийн тайлангаас харахад, 2014 онд 250 сая ам.доллар төлсний 74 сая нь хүү, 2015 онд 482 сая ам.доллар төлсний 150 сая нь хүү байх жишээтэй.
Дээр нь, өөрсдөө 66 хувийг нь эзэмшдэг мөртлөө хэвийн үйл ажиллагааг нь хангасныгаа “18 төрлийн үйлчилгээ үзүүлсэн” гэж тооцон жил бүр асах их хэмжээний төлбөр авдаг. Тодруулбал, хөрөнгө оруулалтын зардлаас 3%, үйл ажиллагааны зардлаас 6%-аар тооцож жил бүр төлбөр авдаг бөгөөд 2019 онд л гэхэд $180 саяар хэмжигдэж байна. Тогтмол биш, хувиар тооцдог тул гүний уурхай нээгдэж, олборлолт хоёр дахин өсөхөд энэ төлбөр мөнгөн дүн нь хоёроор үржээд орж ирнэ гэж ойлгоход бараг болно.
Дээр нь “Рио Тинто” Оюутолгой ордын ТЭЗҮ-г дөрвөн жил тутам шинэчилдэг бөгөөд шинэчлэх болгондоо хөрөнгө оруулалтын зардлыг өсгөж иржээ.
Г.Занданшатар "алх цохиж" баталсан 103 дугаар тогтоолоо хэрэгжүүлэх ёстой
УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 103 дугаар тогтоолыг баталсан. Тодруулбал, Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг харгалзаж “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг парламентаар хэлэлцэн баталсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар уг 103 дугаар тогтоолыг баталсны дараа бид ирээдүйд үүсэж болох эрсдэлээс зайлсхийж чадлаа хэмээн ач холбогдлыг нь тодотгон өгүүлж байв. Гэсэн уг тогтоол цаасан дээр үлдэж, өнөөдрийг хүртэл хэрэгжээгүйг албаны эх сурвалжууд баталж буй.
Дэлхийд ховор Оюутолгойн ордоо бид ийнхүү “Рио Тинто”-д тавиад туучихсан хэдий ч өгөөжөө бага ч гэсэн нэмэгдүүлэх боломж яг одоо гараад байгаа нь “Онтрэ гоулд” компанийн эзэмшиж буй Оюутолгой төслийн талбай дахь хоёр тусгай зөвшөөрөлд хамаарах алт, зэс, молибден зэрэг баялаг дээр татвар болон хөрөнгө оруулалтын орчинг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, журмын хүрээнд бий болгох явдал юм.
“Онтрэ гоулд”-ын лицензит талбай гэдэг нь “Шивээ толгой” буюу Хойд Хюго ордын хойд үзүүр хэсэг, “Жавхлант” буюу Херуга ордын урд сүүл хэсэгт байрлах хэсэг бөгөөд энэ хоёр талбайд нийтдээ 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бий. Энэ хэмжээний нөөц дээр Баялгийн сангийн тухай хууль болон бусад хууль журамд нийцсэн өөрчлөлтийг хийж чадвал бидэнд боломж байна. Угаасаа хийх ч ёстой. Яагаад гэвэл бидэнд эрх нь бий. Монгол Улс бол баялгийн эзэд.
Товчхондоо одоо шинээр бүрдэх Засгийн газар тэр дундаа “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг парламентаар хэлэлцэн батлахад алх цохиж суусан одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар та онцгойлон ач холбогдол өгч, зоригтой ажиллах ёстой. Өмнөх удирдагчдын алдааг давтаж, үлдсэн нөөц дээрээ тоглуулах ёсгүй. Эрх ч байхгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.34.124
zuv shuu
Хариулах103.57.95.81
Энэ асуудлаас гадна баялгийн сангийн асуудлыг нэн даруй бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй бна.
Хариулах